Б.СҮРЭН

Улс төрийн үймээн бужигнаан дунд ОХУ-ын Төрийн Дум Михайл Мишустиныг өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхий айдаар батлан дэмжсэн. CNN агентлагийн бичсэнээр мягмар гарагт нэр нь тодорсон шинэ Ерөнхий сайд Мишустины талаар мэдээлэл хайхад лхагва гарагийн үд дунд хүртэл бүхнийг мэдэгч Wiki цахим толинд англи хэл дээр мэдээлэл нь ороогүй байсныг баталжээ. Ингээд хэвлэлүүд нийтэд танил биш улстөрч Михайл Мишустины намтар түүх, хувийн амьдралыг  хэвлэлүүд судлан мэдээлж эхэлсэн билээ. Оросын www.gazeta.ru зэрэг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээг ашиглан хойд хөршийн засгийн газрын тэргүүний хувийн амьдрал, гэр бүлийн талаар танилцуулж байна.

Эцэг Владимир Моисеевич  нь 1939 онд өнөөгийн Белоруссын нутаг болох Полоцкт төрсөн ажээ. Тэрээр еврей удам угсаатан аж. Ээж Луиза Михайловна  одоогийн ОХУ-ын Архангельск мужид 1942 төрсөн. Олон эх сурвалжийн мэдээгээр бол армян гарлын хүн юм байна.

Ерөнхий сайд болж буй  энэ хүн  1966 онд  Москвад төрсөн. Дөрвөн жилийн дараа охин дүү Наталия нь төржээ. Тэднийх 1980 онд Москвагийн зах руу байх Лобня дагуул хот руу  шилжсэн бөгөөд Михиал Мишустин тэндэхийн долдугаар дунд сургуульд  сурч  төгсчээ. Тэрээр Лобня хот болон төрөлх сургуулиа марталгүй эргэж тойрч дэмжиж тусалж ирсэн нэгэн гэнэ. Тиймээс хэдэн жилийн өмнө түүнийг  тус хотын хүндэт иргэн болгожээ. 

Шинэ Ерөнхий сайдын эхнэр Владлена Юрьевна нь  татар удмын хүн. Тэднийх гурван хөвгүүнтэйн  хоёр том нь Бауманы нэрэмжит  Москвагийн техникийн их сургуулийн оюутан, бага нь дунд сургуулийн сурагч.  Мишустины дүү Наталия Стенина бизнэсийн салбарт хүч сорьж явдаг юм байна.

Зарим нэг хэвлэлийн мэдээгээр бол эцэг Владимир Моисеевич Мишустин нь тухайн үеийн  КГБ  буюу УАХБ-ын  шугамаар Болгарт суугаа ЗХУ-ын Элчин яаманд, мөн Афганистан, Люксембургт ажиллаж байсан гэнэ. Тэтгэвэрт гарталаа “Аэрофлот” компанид ажилласан. Тэтгэвэрт гараад Аэрофлотын музейд тайлбарлагчаар  ажиллаж, Зөвлөлтийн нисэх хүчний хөгжлийн талаар сурагч, оюутнууд болон музей үзэгчдэд тайлбарлан таниулж  байжээ.

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Владимирович Мишустины ээж Луиза Михайловна Мишустина  эмнэлэгт насаараа сувилагчийн ажил нэгэл нэгэн гэнэ.

Михаил Владимирович Мишустин 1989 онд Москвагийн Станкины буюу суурь машины тоног төхөөрөмжийн институтыг  инженерийн мэргэжлээр төгсөж, төгссөнийхөө дараа ашгийн бус Олон улсын компьютерийн клубыг тэргүүлж, туршилтын лабораторийн захирлаар ажиллаж байсан байна. Эдийн засгийн ухааны доктор зэрэгтэй бөгөөд 1998 онд төрийн албанд мэдээллийн туслах ажилтнаар орж, ОХУ-ын Татварын дэд сайдын алба, Эдийн засгийн хөгжлийн яамны салбар холбооны агентлагийн тэргүүний алба хаших хүртэл дэвшжээ.

2008 онд төрийн албыг орхиж хувийн бизнестээ илүү анхаарах болсон байна. Харин 2009 онд Ерөнхийлөгчийн хүний нөөцийн албанд нэгджээ. Ингээд 2010 оноос хойш Ерөнхий сайдаар дэвших  хүртэлээ ОХУ-ын Татварын албаны даргаар ажилласан байна. Инженер суурьтай, холбоо мэдээллийн технологи, хөрөнгийн зах зээл,  санхүүгийн өргөн  мэдлэгтэй. Тэрээр ОХУ-ын  татвар, санхүүгийн тогтолцоонд  удаа дараа шинэчлэлтийг амжилттай хэрэгжүүлж ирсэн тэрээр улс төрийн амбиц багатай учир олон нийтэд төдийлөн танигдалгүй өдий хүрсэн  гэж Өрнөдийнхэн онцолж байна.

Өдгөө 54 настай ч,  Стиб Жобсын шүтэн бишрэгч тэрээр ОХУ-ын бүхий л салбарт цахимжуулалтыг эрчимтэй нэвтрүүлэн, өөрчлөн байгуулалтыг далайцтай хийж, эдийн засгийн өсөлтийг нь нэмэгдүүлж чадах хүн  гэж  Оросын дотоодод  төдийгүй гадаад ертөнцийнхөн үзэж  байна.

Эх сурвалж:www.zms.mn