Х.ОЮУНБОЛД

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Үндсэн хуульд шинэчлэлт хийхэд бэлтгэх ажлыг хариуцах ажлын хэсгийг байгуулах тушаалд гарын үсэг зурсан гэж Кремлийн ордны хэвлэлийн албанаас мэдээллээ. Тушаалд “ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг бэлтгэхийн тулд ажлын хэсэг байгуулна”гэж бичсэн байна.Энэ ажлын хэсгийг ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлийн  Үндсэн хуулийн комиссын дарга Андрей Клишас, хууль тогтоомж, Төрийн зохион байгуулалт хариуцсан Думын хорооны дарга Павел Крашениников, ОХУ-ын шинжлэх ухааны академийн  гишүүн Талья Жаврьева нар даргалахаар болжээ. Ерөнхийлөгч Владимир Путин уржигдар ОХУ-ын Холбооны их хуралд жил бүр хүргэдэг  илгээлтдээ энэ орны Үндсэн хуульд цуврал өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлж байгаагаа дурдсан байна. Тухайлбал, Холбооны зөвлөлийн  доод танхимд Засгийн газрыг батлах үүргийг олгохыг хүсч байгаагаа илэрхийлжээ. Түүнээс гадна тэр саналуудын талаар  санал хураах ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Ерөнхий сайд Дмитрий Медведийн Засгийн газраа огцорч байгааг зарласны дараа ерөнхийлөгч Владимир Путиныг санаачилгаа хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг авч чадна гэж мэдэгджээ.  Владимир Путин ОХУ-ын Холбооны татварын албаны дарга Михайл Мишустиныг шинэ ерөнхий сайдаар томилох саналыг тавьсан байна. Түүнээс гадна Дмитрий Медведев болон огцорсон бусад сайдыг шинэ Засгийн газар бүрдтэл албан үүргээ гүйцэтгэхийг хүсчээ.

ОХУ-ын гадаад бодлогод нөлөөлөхгүй гэв

Берлиний Чөлөөт их сургуулийн профессор, улс төр судлаач Нильс Дидерич “Спутник” агентлагт өгсөн ярилцлагадаа ОХУ-ын Засгийн газар огцорсон нь энэ улсын гадаад бодлогын өөрчлөлтөд нөлөөлөхгүй гэж ярьсан байна. Тэрээр Ерөнхийлөгч Владимир Путины дэлхийн тавцанд ОХУ-ын ашиг сонирхлыг сурталчлахын тулд гаргаж байгаа хүчин зүтгэлийг нааштайгаар үнэлжээ. Мөн Засгийн газрыг  бүрдүүлэхэд ОХУ-ын парламентад том үүрэг хариуцлага олгох гэсэн ерөнхийлөгчийн саналыг Германы парламентын санаанд нийцэж байна гэв. Түүнээс гадна Герман бол Засгийн газрын тэргүүнийг ерөнхийлөгч нь биш парламент нь сонгодог парламентын засаглалтай бүгд найрамдах улс болохыг санууллаа. Нильс Дидерич Владимир Путинд тодорхой хэмжээгээр энэ загварыг дагах боломж байгааг үгүйсгэсэнгүй. 

Засгийн газар огцорсноор улс төрийн бүтэц өөрчлөгдөнө

“Спутник” агентлаг  улс төр судлаачидтай ярилцсан байна.  ОХУ-ын Төрийн санхүүгийн  их сургуулийн профессор Леонид Крутаков ”Засгийн газар огцорсноор ОХУ-ын улс төрийн бүтцийг өөрчилнө. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бүтцийн шинэчлэлт хийх шаардлагатай” гэв. Түүнээс гадна улс төр судлаач Юрий Светов Засгийн газар огцорсон нь нийгэмд үүссэн өөрчлөлтөд өгсөн хариу гэж үзжээ. Тэрээр “Бид олон орон Засгийн газраа шинэчилж байгааг харж байна. Бидэнд энэ хэрэгтэй. Эрх мэдлийг өөрчлөх, 2024 он болох гэж байна. ОХУ-ын шинэ ерөнхийлөгч болох хүн зөвхөн шинэ баг авчрах биш, төрийн үйл ажиллагаа явуулах туршлагатай хүмүүсийг авчирна” гэж онцолжээ.

Нэгдмэл Орос нам дэмжиж байгаагаа илэрхийллээ

ОХУ-ын Төрийн Думын гуравны хоёр хувийг хянадаг Нэгдмэл Орос нам ерөнхийлөгч Владимир Путины  шинэ ерөнхий сайдын албан тушаалд нэрийг нь дэвшүүлсэн Михайл Мишустиныг томилохыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Харин ерөнхий сайдын албан тушаалд нэр нь дэвшсэн тэрээр парламентын Нэгдмэл Оросын бүлэгтэй өчигдөр өглөө хуралдсан байна. Гэхдээ энэ хурлаар шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний талаар хэлэлцээгүй гэж Думын  дэд ерөнхийлөгч Ирина Яровая мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.17  баасан  № 11 (6236)