Ц.МАЖИГСҮРЭН

МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион явуулдаг “Монголын сайхан бичигтэн-2019” уралдаан 23 дахь жилдээ шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн уралдаанд 21 аймгаас 4000 гаруй оролцогч бүтээлээ ирүүлсний 2500 нь Хөвсгөл аймгаас оролцсон байна. Мөн таван настай балчраас 97 настай оролцогч байсан бөгөөд насанд хүрэгчдийн ангилалд тэргүүн байрыг ИНЕГ-ын шалгагч инженер М.Долгор эзэлсэн юм. Тэрээр “Энэ жил анх удаа оролцоод тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна. Өөр мэргэжилтэй ч үндэсний өвийн тээгч болж 2014 оноос монгол бичгээр бичиж сурсан. Бүтээлийн хувьд долоо хоногийн хугацаанд бүтсэн” гэж ярьж байв. Уралдааны XII ангийн сурагчдын ангилалд Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Хүмүүнлэг” сургуулийн 12б ангийн сурагч Э.Энхзул тэргүүллээ. Мөн МУИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй сурах эрхийн бичгийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 9б ангийн сурагч Н.Батчимэг, Э.Энхзул нар гардан авлаа.

Уралдаанд оролцсон ангилал бүрийн тэргүүн байрын эздийг танилцуулж байна.

Мэргэжлийн багш нарын ангилалд 60 орчим багш өрсөлдсөнөөс Хөвсгөл аймгийн “Авьяас” сургуулийн багш Б.Отгонтуяа, насанд хүрэгчдийн ангилалд ИНЕГ-ын шалгагч инженер М.Долгор, сайхан бичигтэн ангиар Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн 9а анги, бүтээлийн ангилалд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ахмад багш Д.Сайнтогтох, уран бичлэгийн ангилалд Монголын урчуудын эвлэлийн уран бичээч О.Ням-Очир, сурагчдын ангилалд Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн 6в ангийн сурагч Б.Урангоо, XII ангийн сурагчдын ангилалд Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Хүмүүнлэг” сургуулийн 12б ангийн сурагч Э.Энхзул нар шалгарсан юм.

Эх сурвалж www.polit.mn