Б.ОРГИЛ

Байнгын хорооны хуралдаанд заавал ирц бүрдүүлэхийн хэрэггүй болжээ. Байнгын хороо дөрвөн гишүүнтэйгээр хуралдаж, шийдвэр гаргаж болдгийг өчигдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаан харуулав.
УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр дөрвөн гишүүнтэй хуралдсан юм. Энэ байнгын хороо уг нь 17 гишүүнтэй. Гэвч байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “”Есөн гишүүн хуралд оролцож байгаа, ирц 52,8 хувьтай байна” хэмээн зарлаад хурлаа эхлүүлчих нь тэр. Харин танхимд байнгын хорооны даргаас гадна Л.Гантөмөр, М.Зоригт, Р.Амаржаргал нарын гурван гишүүн л сууж байв. Харин Ц.Даваасүрэн дарга дээрх дөрвөн хүнээс гадна С.Оюун, М.Сономпил, Б.Болор, Я.Санжямтав, Д.Ганхуяг нарын нэрсийг ирцэд бүртгэн зарласан юм.
Хурал эхлэхийн өмнө тэрээр зарим гишүүн рүү залгаж, “Та ирж амжихгүй юм уу. Асуудлыг дэмжиж байгаа бил үү” хэмээн тэмдэглэж авсан бөгөөд түүнийгээ хуралд оролцсоноор тооцож, бүр болоогүй хэлэлцсэн асуудлынхаа санал хураалтад тооцож, “Дэмжсэн есөн гишүүн” хэмээн зарлаж байх юм.
Монгол Улсын Их хурлын Дэгийн тухай хуульд зааснаар байнгын хорооны гишүүдийн 51-ээс дээш хувь нь ирснээр хурал эхэлж, энэ хурлаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр болох учиртай. Гэтэл дөрвөн гишүүн суулгаж, таван гишүүнийг утсаар болон цахимаар бүртгэчихээд ирц бүрдсэн, хэлэлцэх асуудлаа шийдчихсэн хэмээн алхаа цохиод гараад явж байгааг хүчин төгөлдөр гэж хэлж болох уу.
Энэ бол Монголд өнөөдөр хууль, хэдэн хүний саналаар, яаж батлагдаж байгаагийн ганцхан жишээ. Үүний өмнө ч хуралд оролцох гишүүдийн ирц бүрдээгүй байхад утсаар бүртгэж, ирцийг хүчээр шийддэг асуудал олон гардаг байсан. Гэхдээ байнгын хорооны хуралдаан гэдэг Их хурлын чуулганы хувьд анхан шатны нэгж нь. Энд л гишүүд хэлэлцэж байгаа асуудлаа нухацтай ярьж, жинхэнэ “шүүсийг нь шахаж” байж хэлэлцсэн асуудлаа чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах ёстой. Гэтэл манай Их хурлын гишүүд, байнгын хорооны хуралдаанд дөрвөн хүн суулгаж, таван хүн утсаар бүртгээд л сууж байна. Аз байхгүй бол хэчнээн чухал асуудал ч дөчин хүний саналаар унах үе байхад, аз нь таарвал дөрвөн хүний санал ч Монгол Улсын хууль, Их хурлын тогтоолын хувь заяаг шийдэж болж байна. Энэ байдлаараа Их хурлын гишүүд ордонд ажиллах ч хэрэггүй юм байна. Хуралдаанд оролцож амжихгүй, ирцээ бүртгүүлээд, дэмжиж байгаагаа хэлчихье гэж байнгын хорооны дарга руугаа утас цохиж хэлчихээд л хувийн компани, эсвэл гэртээ амарч сууж болох нь. Ардчилсан намынхан ч байнгын хорооны тоог шинэчилж, гишүүдийн тоонд хязгаар тогтоогоод байсны ашиг алга. Ерөөсөө байнгын хорооны дарга нь өөрөө л ирчихсэн байхад болно гээд заачихвал ямар вэ. Яадаг юм бэ. Алх цохиж, асуудлыг шийдэх эрхтэй хүн байхад бусад нь ирээгүй байсан ч падлий алга.