35 мянган хүн оролцсоноор Санкт-Петербургийн олон улсын соёлын форум шинэ дээд амжилт тогтоолоо хэмээн бүс нутгийн амбан захирагч онцлов.
Д.ЭНХЭЭ
90 гаруй улс орны төлөөлөл оролцож өнгөрсөн бямба гариг /2019.11.16/-т өндөрлөсөн Санкт-Петербургийн олон улсын VIII форум аж төрөх ёсны хувьд соёл урагш ахиж, сонирхол татсан хурц тод маш олон үйл явдалд оролцох боломжийг хүмүүст олголоо хэмээн ТАСС-тай ярилцах үеэрээ Санкт-Петербургийн соёлын хорооны дарга Константин Сухенко үзэл бодлоо илэрхийлсэн байна.
"Энэ бол соёлын зар сурталчилгаа, аж төрөх ёсны хувьд соёл урагшилж ахисан, миний хувийн бодлоор, соёлыг огт сонирхдоггүй хүний хувьд ч яаж ийгээд өөрийг нь бага ч болов хөндсөн үйл явдал боллоо” хэмээн Сухенко өгүүлэв. Форумын үр дүнг хараахан нэгтгэж гаргаагүй байна, гэхдээ төрсөн сэтгэгдлээ хуваалцахад өнгөрсөн жилтэй харьцуулбал форумын үеэр соёлын салбарт хамаатай сонирхолтой, ач холбогдолтой, нийтийг хамарч зохион байгуулсан үйл явдлын тоо маш их байлаа” хэмээн тэрээр онцлов.
ОХУ-ын Соёлын яам форумын зарим үр дүнг нэгтгэжээ
"Жил ирэх тусам форум тоо, чанарын хувьд эрч хүчээ авч байна. Ний нуугүй хэлэхэд бид тооны асуудлыг гол зорилт болгохоо болиод удаж байгаа, хэргийн учир нь хэдэн арван мянган хүн оролцох, мэргэжлийн хүний тоо их байх, хэдэн улс орон оролцох гэдэгт биш юм, гэхдээ энэ жил зуу шахам улс орноос оролцлоо. Бидний гарын үсэг зурж харилцан байгуулж байгаа гэрээ хэлэлцээр, дугуй ширээний ард өрнөж байгаа яриа хөөрөө, маргаан мэтгэлцээн, манай соёлын байгууллага, хамтлагуудын тогтоож байгаа шууд холбоо харилцааны чанарт хэргийн учир оршиж байна” хэмээн төгсгөлийн хуралдаан дээр Соёлын сайд Владимир Мединский хэлэв.
Соёлын дэд сайд Алла Маниловагийн тэмдэглэснээр форумын үр дүнг гол төлөв статистик үзүүлэлт буюу оролцогчдын тоо, мэргэжлийн хүмүүс болон олон нийтийг хамруулсан цар хэмжээ, мөн үйл явдал, арга хэмжээ, гэрээ контрактын тоо хэмжээгээр үнэлж гаргадаг аж. “Энэ жил энэ бүгдийг нэгтгэж үзвэл 20 хувийн өсөлт гарч байгаа бөгөөд өнгөрсөн долоон жилийн туршид бага багаар урагшилсныг бодож үзвэл энэ бол үнэхээр том өсөлт юм” хэмээн Манилова сэтгүүлчдэд өгүүлжээ.
Форум цаашид үргэлжлэх ёстой
Форумын ажил хэргийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүд 14 секцийн хүрээнд болж өнгөрсөн бөгөөд тус бүр соёлын үйл ажиллагааны тодорхой нэг салбар болох музей, театр, кино, цирк, олон нийтийн харилцаа холбоо болон соёлын бусад салбарт зориулагдаж байсан. Олон нийтийг хамруулах хүрээнд лекц уншиж, урлагийн онол, практикийн шилдэг ур чадвартай хүмүүс мастер классын үзүүлэх сургалт явуулж, бага хурал, жүжиг, үзэсгэлэн, шинэ киноны нээлт зэрэг үйл явдлууд болж өнгөрсөн. Форумд зориулсан олон үзэсгэлэн форумын дараа ч ажлаа үргэлжлүүлнэ.
Форумын үеэр музейн чиглэлээр зохион байгуулсан хамгийн тод томруун үйл явдлын нэг нь үндсэн арга хэмжээнүүдийг өөртөө үүрсэн Улсын Эрмитажийн талбарт Уффицийн Галерейгаас эрхлэн гаргасан Сандро Боттичеллигийн “Мадонна делла Ложиа” хэмээх уран зургийн үзэсгэлэнгийн нээлт байлаа. “Манай форум хийгээд энэхүү үзэсгэлэн бол олон улсын музейн хамтын ажиллагааны тод бэлгэ тэмдэг юм” хэмээн Эрмитажийн ерөнхий захирал Михаил Пиотровский өгүүлжээ.
Санкт-Петербургийн амбан захирагч Александр Беглов форумд 35 мянган хүн оролцож, шинэ дээд амжилт тогтоолоо хэмээн нийгмийн сүлжээн дэх өөрийн "ВКонтакте" хуудсанд онцлон тэмдэглэжээ. “Мэргэжлийн хүмүүс хийгээд урлаг сонирхогчдын хувьд форум гайхалтай сайхан баяр наадам болсон явдал гол нь юм. Ирэх намар бид та нарыг бүгдийг чинь заавал хүлээнэ!” хэмээн Беглов бичжээ.
Сухенкогийн хэлснээр шинэ форумд бэлтгэх ажил аль хэдийн эхэлсэн аж. “Ажил ямар ч зай завсаргүй явж байна, учир нь энэ удаагийн форум ямар болсныг тунгаан хэлэлцэж эхэлснээр дараагийн форумын тухай бид аль хэдийн мөрөөдөж байна, ямар нэгэн шинэ санаанууд дэвшүүлж байна, энэ утгаар нь авч үзвэл үйл явц үнэхээр тасралтгүй үргэлжилж байна” хэмээн Петербургийн Соёлын хорооны дарга онцлов.
Санкт-Петербургийн олон улсын соёлын VIII форум арваннэгдүгээр сарын 14-16-нд болж өнгөрсөн. Түүний үндсэн сэдэв нь “Даяаршлын нөхцөл дэх соёлын кодууд”. Форумын үеэр “Олон нийтийн харилцаа холбоо” секцийг мэдээллийн ТАСС агентлагийн ерөнхий захирал Сергей Михайлов ахалж удирдсан байна. Тус форумын мэдээллийн ерөнхий түнш, фото-хост агентлагаар ТАСС мөн ажилласан байна.
Эх сурвалж: zms.mn