Х. ОЮУНБОЛД
Түүнийг Их Британийн тагнуулын албаны чадварлаг ажилтан 007 Жеймс Бондын дүрээр нь хүмүүс андахгүй. Дэниэль Грэйг 1968 оны гуравдугаар сарын 2-нд төрсөн байна. Ирээдүйн жүжигчний ээж нь урлагийн багш Карол Оливья Вильямс, аав Тимоти Жон Роутон Грэйг нь “Ring O’ Bells”, “Boot Inn” пабын эзэн, далайн худалдааны салбарт ажилладаг байжээ. 1965 онд төрсөн Лья Грэйг гэдэг эгчтэй Дэниэль Грэйгийн аав ээж нь Англи, Франц гаралтай. Хоёр өвөөгийнх нь нэг нь эх орны II дайны үед Сибирьт нөгөө нь Германд тулалдаж явсан ахмад дайчид юм байна. Түүнийг дөрвөн настай байхад 1972 онд эцэг эх нь салж Ливерпуль хотод ээж, эгч хоёртойгоо амьдрах болжээ. Улмаар Их Британийн баруун хойд зүгт байдаг Виррал аралд өссөн байна. Мөн Фродшам хотын сүмийн бага сургууль, Мэрсисайд мужийн Хойлайк хотын бага сургуульд суралцжээ. Дараа нь энэ мужийнхаа баруун Кирби хотын Хилибре дунд сургуульд суралцсан байна. 16 настайдаа дунд сургуулиа төгссөнөөр Калдай Хилл хотын сургуульд элсч “Хойлайк рагби” клубын багт тогложээ. Харин Фродшам хотын сургуулийнхаа театраас тавьсан уран бүтээлд зургаан настайдаа тоглож эхэлсэн байна.
Түүнийг урлагийн замыг сонгоход Ливерпуль хотын төв театрт ээж нь дагуулж очдог байсан нь хүүд кино, урлагт тоглох сонирхлыг хүчтэй өдөөсөн гэдэг. Тэрээр 16 настайдаа Үндэсний залуучуудын театрт шалгуулж тэнцсэнээр сурч байсан сургуулиа орхиж Лондон руу явжээ. Сургалтын төлбөрөө төлөхийн тулд хэсэг хугацаанд ресторанд ажиллав. Энэ үеэр байр түрээслэх мөнгөгүй байсан учраас Лондонгийн цэцэрлэгт хүрээлэнгийн нэг сандал дээр унтдаг байсан гэдэг. Үүний дараа театрын сургуульд суралцах шалгалт олон удаа өгснөөр 1991 онд урлагийн бакалавраар төгсч Лондон хотын жүжиг, хөгжмийн Гилдхолл их сургуульд суралцжээ. Колин Мак Кормак жүжигчин гурван жил түүнд хичээл заасан бөгөөд Шотландын жүжигчин Эван Макгрегортой хамт нэг ангид сурч байсан байна.
Хувийн амьдрал
Дэниэль Грэйг хэдийгээр олон кинонд чанга эрийн дүр бүтээдэг ч бодит амьдралд өөрийгөө эсрэгээрээ гэж үздэг гэнэ. Энэ нь бааранд ажиллаж, зодооны гэрч болж байсныхаа дараа дайнаас илүү хайрыг эрхэмлэнэ гэж хэлсэн байна. Тэрээр 1992 онд жүжигчин Фиона Лоудонтай гэрлэж Элла Грэйг Лоундон гэдэг охинтой болсон ч хоёр жилийн дараа хосууд салжээ. Дараа нь долоон жил уулздаг байсан герман жүжигчин Хейке Макашчээс холбоогоо тасалсан байна. Харин 2004 онд хэвлэлийнхэн түүнийг Их Британийн загвар өмсөгч Кейт Мосс, жүжигчин Сиэнна Миллертэй холбосон ч жүжигчин эр энэ талаар юу ч хэлээгүй аж. Түүний янаг амрагийн жагсаалт ингээд дууссангүй. Дэниэль Грэйг кино найруулагч Сацуки Митчеллтэй 2005-2010 он хүртэл үерхсэн байна. Харин 20 жил нөхөрлөж “Мөрөөдлийн гэр” кинонд хамтран тоглосон жүжигчин Рэйчел Вайстай гэрлэжээ. Тэд кино зураг авалтын үеэр хайрын романс үүсгэсэн байна. Түүнээс хойш зургаан сарын дараа хуримаа Нью-Йорк хотын нэгэн хувийн сүмд 18 нас хүрсэн Дэниэл Грэйгийн охин, Рэйчел Вайсын хүү таван настай Генри нарыг байлцуулан хийжээ. Гэрлэсэн хосууд өнгөрсөн жил ам бүлийнхээ тоог нэмж охинтой болсон гэжээ.
Жүжигчний замналын эхлэл
Хүүхэд байхаасаа урлагийн хүн болохыг нь дэмжиж ирсэн ээжийнхээ нөлөөгөөр Дэниэль Грэйг 14 настайгаасаа Шекспирийн жүжигт тоглож байжээ. Тэрээр 1991 онд урлагийн мэргэжлээр суралцаж төгссөнөөс хойш жилийн дараа “Нэгийн хүч” кинонд тоглосон байна. Мөн 1999 онд “Нуувч”, 2000 онд “Би Африкийг мөрөөдөж байна”, 2003 онд “Ээж”, 2004 онд “Дуусашгүй хайр” кинонд тогложээ. Тэрээр Холливудад “Том Райдер” кинонд Анжелина Жолигийн дүрийг нь бүтээсэн Лара Крофтын найз Алекс Вестийн дүрийг амилуулснаар хүмүүст өөрийгөө таниулсан байна. Үүний дараа 2002, 2003 онд дараалан хоёр кинонд тоглосноос гадна “Сам Мэндес” хэмээх Оскарын төрөлд зургаан удаа нэр дэвшсэнээс нэг Оскар хүртжээ. Мөн Европын кино наадмын шилдэг жүжигчинд олгодог шагналыг 2004 онд бүтээсэн “Зохион байгуулсан гэмт хэрэг” киногоор авсан байна. Ингэснээр Дэниэль Грэйг жүжигчин Пирс Броснан нууц ажилтан 007-ийн дүрийг бүтээхэд өөрийгөө насны хувьд тохирохгүй хөгшин гэж үзснээр оронд нь тоглуулах жүжигчдийн жагсаалтад нэр нь оржээ. Энэ үеэр найруулагч Стивен Спильберг түүнийг Бондын дүрийг бүтээхээс өмнө 2005 онд бүтээсэн “Мюнхен” кинондоо жүжигчин Эрик Ванатай тоглуулахаар дуудсан байна. Үүний дараа тэрээр хэд хэдэн кинонд тогложээ. Харин нууц ажилтан 007 Бонд болсноор шүүмжлэгчид болон хүмүүсийн анхааралд өртсөн байна. Тухайлбал, продюссер Мартин Кэмпбелл түүнийг хүйтэн, тооцоо сайтай, гайхамшигтай ухаалаг, цохиулж, шархдаж чаддаг жинхэнэ Бонд гэж онцолжээ. Энэ дүр нь түүнд олон шагнал авчирсан бөгөөд “Бафта” гэж нэрлэдэг телевиз, кино урлагийн наадмаас шагнал авч байжээ. Энэ цуврал гарч эхэлсэн 44 жилийн хугацаанд “Бафта”-гийн шагналыг нууц ажилтны дүрийг бүтээсэн ямар ч жүжигчин хүртэж байгаагүй аж. Дэниэль Грэйгийг найруулагч Эдвард Звик эх орны II дайны үеэр фашистынГермантай тэмцэж байсан Белоруссын партизан Тувия Бельскийн амьдралаас сэдэвлэсэн 2008 онд гарсан “Эсэргүүцэл” кинонд тоглуулжээ. Киноны зураг авалтыг Литва улсын Белорусс улстай хил залгаа ойд гурван сар хийсэн байна. Энэ талаар жүжигчин Дэниэль Грэйг 2009 онд “Параде” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Бид үргэлж согтуу байдаг байсан. Нэгээс илүү зураг авалтад би согтуу байсан нь үнэн. Энэ нь хүйтэнтэй тэмцэхэд тусалсан гэдгийг хэлэх ёстой. Ойд хөлдөхөөр хүйтэн нөхцөлд бидний дулаахан тохитой байрнаас хол зураг авалт хийдэг байсан. Өдөрт бүтэн 12 цаг хүйтэн, чийгтэй байхад ажилласан” гэжээ.
Дэниэль Грэйгийн эшлэл үг:
-Хүчирхийллийг мэдрүүлэх арга нэгээс их байдаг.
-Хэрэв би үлдсэн амьдралынхаа туршид тагнуулчтай кино хийхийг хүсч байсан бол нэг зүйл байх байсан. Гэхдээ зөвхөн тагнуулчтай кино хийхийг хүсэхгүй байна.
-Бондын муу кинонууд гэж байдаг ч хүмүүст тэр кинонуудаас таалагддаг ямар нэг зүйл бий.
-Чи нэг ном уншихад түүний дүр хамгийн чухал. Энэ нь ном уншихад тохиолддог гайхамшигтай зүйл юм.
Эх сурвалж: www.polit.mn