-Умайн хүзүүний хавдар юунаас үүсдэг өвчин бэ. Ямар тохиолдолд мэс засал хийдэг вэ?
Дархан-Уул аймгийн иргэн Т.Эрдэнэцэцэг
-Бэлгийн замаар халдварладаг, хүний папиллома вирусын халдвар авсан эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдар үүсэх эрсдэл 70-80 хувь байна. Бэлгийн замын халдварт өвчнөөс илүү вирусын халдвартай байвал хавдартай болох магадлал илүү. Манай оронд вирусын халдварын шинжилгээг хувийн лабораториуд хийж байгаа. Тухайн эмэгтэй хүсвэл вирусын халдвартай үгүйг оношлох боломжтой. Манай тасагт 4-5 төрлийн хагалгаа хийдэг. 0-1 дүгээр шатанд орсон хавдрыг харьцангуй залуу хүмүүс байвал умайг нь үлдээгээд зөвхөн хавдартай хэсгийг нь тайрч авна. Ийм хагалгаа хийлгэсэн хүн эмчийн хяналтад байж байнга шинжилгээ өгнө. Хоёрдугаар шатандаа орсон хавдарт ихэвчлэн мэс заслын эмчилгээ хийж байгаа. Дараа нь туяа, химийн аргыг хавсарч хийснээр эмчилгээний үр дүн гарна.
Хавдар судлалын үндэсний төвийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн их эмч, анагаах ухааны доктор Э.Амарсанаа