Д.АРИУН

Их долоогийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт Францын Биаррице хотноо болж байгаа бөгөөд дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч долоон орны төр, засгийн тэргүүнүүд ОХУ-ыг эргүүлэн оруулж, Их наймыг бүлгийг сэргээх талаар ярилцсан гэж Киодо агентлаг мэдээлжээ. Японы төлөөлөгчдийн хүрээний эх сурвалжаас ишлэн мэдээлсэн гэж агентлагийн мэдээнд дурдсан байна. Гэхдээ хэлэлцсэн асуудлын талаарх нарийн ширийн зүйлийг мэдээлээгүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар өнгөрч буй долоо хоногт утсаар ярьж, 2020 онд АНУ-д болох Их-7-гийн уулзалтад ОХУ-ыг урих талаар ярилцаж тохиролцсоныг олон улсын томоохон агентлагууд мэдээлж байсан. Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Их-8-ийн хүрээнд нэгдэхэд болохгүй гэх зүйл байхгүй гэдгийг мэдэгдсэн. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Их наймыг сэргээх нь Украйн дахь үйл явцыг хэрхэн шийдвэрлэхтэй холбогдоно гэж байр сууриа илэрхийлсэн. Харин Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ОХУ-ыг эргүүлэн авчирч Их-8-ыг сэргээхийн эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгдчихээд байгаа билээ.  Мөн Европын холбооны тухайд Москваг Их-8-д нэгдэхийн эсэргүүцэж байгаа талаар өндөр албан тушаалын эх сурвалж хэлсэн талаар риа-новости мэдээлжээ.

Их-7-гийн бүлэгт дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч Их Британи, Итали, Канад, АНУ, ХБНГУ, Япон багтдаг. 1976-1997 он хүртэл Их-7-гийн бүлэг гэсэн форматын хүрээнд үйл ажиллагаа явуулсан. Харин ОХУ-ыг нэгдсэнээс хойш Их-8 гэж нэрлэх болсон. Гэвч 2014 оны гуравдугаар сард Крым ОХУ-д нэгдсэнээс үүдэн барууны орнууд,  АНУ болон ОХУ-ын харилцаанд хямрал үүсч, Их-8-ийн бүлгээс ОХУ-ыг хассан билээ.

Эх сурвалж: www.zms.mn