Д.БОЛОРМАА

 

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хуулийн бай­гууллагад хийж буй ши­нэчлэлээ өчигдөр тайлаг­налаа. Тэрээр хорих ан­гиу­дыг нэгтгэж цогцолбор болгохоос эхлээд цагдаа­гийн байгууллагыг задла­хаар төлөвлөсөн байна. Тухайлбал, олон улс дамнасан хүн худалдаа­лах, мөнгө угаах, хар там­хи, цахим ертөнцийн гэмт хэрэг мөрдөх алба байгуулж, дүүргүүдийн шүүх, прокурорын барил­гыг нэгтгэж цогцолбор болгох төсөл санаачилснаа дуулгалаа. Түүнтэй ярилц­санаа хүргэе.

-Шинэчлэлийн Зас­гийн газрын хүрээнд салбар­таа зоригтой шинэчлэл хийж байгаа сайдын нэг нь Х.Тэмүүжин гэж үнэлэх иргэд байна. Гэхдээ шинэчлэл нэрээр баруун, солгойгүй халаа сэлгээ хийж, мэргэшсэн боловсон хүчнийг замаасаа зайлуулж байгаа гэх шүүмжлэл ч гарч байгаа. Шүүмжлэл дагуулсан шинэчлэл чинь ямар үр дүнтэй байна вэ?

-Ирэх сард Цагдаа­гийн эрх зүйн байдлын тухай хууль тэргүүтэй най­ман цогц хуулийг Ерөнхийлөгчөөр дамжуу­лан УИХ-д өргөн ба­рихаар төлөвлөж байна.  Шинэчлэл хууль тогтоомж өргөн барихаас эхэлж бай­на гэсэн үг. Хоёр­дугаарт, хуулийн байгууллагын дэд бүтцийг өөрчлөх тухай асуудал. Гуравдугаарт, Дотоод хэргийн их сургуу­лийг Хууль сахиулах их сургууль болгон өөрчилж хичээлийн арга зүй, заах хэлбэрийг өндөр төвшинд гаргахаар хичээж байна. Хамгийн удаан хугацаанд үргэлжлэх шинэчлэл бол боловсрол олгох тогтолцоо юм. Мэдээж, дэд бүтэц сайжруулах төсөл хугацаа шаардах нь ойлгомжтой. Дор хаяж хоёр жил шаар­дагдах байх. Нөгөө талаас Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийт­гэх хуулийг өөрчлөх цаг болсон байна. Тодруулбал, гэрч мэ­дүүлгээс буцах нь хэвийн үзэгдэл болсон байна шүү дээ. Ингэснээр  гэмт хэргийн үнэн, мөн чанар алдагдаж байгаа юм.

-Та хуулийн байгуул­лагын эрх зүйн байдлын тухай есөн хууль УИХ-д өргөн барихаар зэхсэн. Энэ хууль батлагдсанаар хуу­лийн цоорхой засагдах уу?

-Найман хууль ши­нэч­лэгдсэнээр хийх ёстой ажлын маань 50 хувь нь шийдэгдэнэ.  Үүний араас шүүхийн шийдвэр гүйцэт­гэлтэй холбоотой гурван хууль, иргэний нийгэмтэй холбоотой гурван хуулийг мөн шинэчилнэ. Түүний дараа хуультай холбоотой дүрэм журам гээд хийх ажил их бий. Тухайлбал, Эрүүгийн шинэ хууль га­ра­хаар хуулийн байгуул­лагад улс төр болон хэн нэгэн эрх мэдэлтний нө­лөөлөл алга болно. Шинэ байцаан шийтгэх хуулийг Хууль сахиулах хууль болгон  цагдаа юу хийхийг тодор­хой заагаад өгчихөөр  дарга нарын тушаалаар ажил­лахаа болино гэхчи­лэн үр дүн харагдаж байна.

-Дүүргүүдийн шүүхийг нэгтгэсэн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн гэж сонссон. Ингэхдээ иргэн, эрүүгийн хэргээр төрөлж­сөн хуулийн цог­цол­бор барилга барина гэсэн үг үү?

-Шүүх хараат бус, шударга байх нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн хийх ажил гэж ойлгодог байсан. Энэ бол ердөө Шүүхийн ерөнхий зөвлөл болоод Улсын дээд шүүхэд хамаарах ажил биш шүү. Үндсэн хуульдаа шүүгч хараат бусаар шударга ажиллана гээд заачихсан учраас Засгийн газрын хийх ажил. Шүүхийн байгууллагын шинэчлэлд Засгийн газар болоод Хууль зүйн яам хариуц­лага үүрэх ёстой. Үүний тулд хэд хэдэн өөрчлөлт хийхээр зэхэж байна. Тухайлбал, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нутаг дэвсгэрийн удирдлагын дагуу зургаан шүүх, прокурорын салбар ажиллаж байгаа. Энэ зургаан шүүхийн байшин дотор 16 шүүх хурлын тан­хим бий. Хянан шийдэх хэргийн тоо олонтой дүүргийн шүүх нь дотроо иргэн, эрүүгийн хэрэг хэлэлцэх гурван танхимтай байдаг юм билээ.  Тэгвэл энэ 16 танхимд жилд дунджаар иргэний хэргийн 20 мянган шүүх хурал болж байна. Хялбаршуулсан журмаар 13 мянган мар­гаан шийдэж байх жи­шээтэй. Эрүүгийн хэргийн тухайд жилд 13500 хэрэг шийдсэн байна лээ. Үүнээс харахад 16-хан шүүхийн танхимд ямар их хэмжээний маргаан, хэрэг шийдээ вэ. Өнөөдөр шүүхийн танхим хангалтгүйгээс болж хэрэг шийдэх хугацаа сунжирч иргэдэд төвөгтэй байдал үүсгэдэг нь маргашгүй үнэн. Нуулгүй хэлэхэд, шүүгч нар өөрийн аж­лын өрөөнд нэхэмж­лэгч, төлөгч талтай тохой нийлүүлж сууж байгаад маргаан шийдэж байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн байгууллагад ямар ч орчин үеийн хуулийн стандарт, шүүхийн бие даасан шударга ажиллах баталгаа алга. Одоо байрлаж байгаа байрнууд нь хуучин хүүхдийн цэцэрлэг байсан эсвэл банк байрлаж байгаад орхиод явсан барилга байна шүү дээ. Шүүхийн танхим хэт дав­чуу, хүрэлцээ муутайгаас болж иргэд шүүхийн байгууллагад там тум бичгээ өгчихөөд хөөгдөөд гарч байна. Шүүх гэлтгүй прокурор, цагдаа ч мөн адил. Үүнийг өөрчлөх ёстой. Ингэхийн тулд эхний ээлжинд байшин барилгыг нь шинэчлэх шаардлага тулгарч байгаа юм. Саяхан би Сангийн болон Эдийн засгийн сайдтай уулзаж “Шүүх, прокурор, цагдаа, хорих байгууллагыг барилгыг шинэчлэх шаардлага байна. Мөнгө төсөв байвал өгөөч” гэхэд “Ирэх жил эдийн засаг хүндэрнэ. Төсөвт ямар ч зардал тусгаж чадахгүй. Чи өөрийнхөө дотоод нөөцөөс ол” гэж хэлсэн. Би арга сүвэгчилж байна. Юуны өмнө зургаан дүүр­гийн шүүхийн барилгыг гурав болгож нэгтгэх шаардлага бий. Ингэхдээ шинээр барих болно. Сонгино­хайр­хан дүүрэгт иргэний цог­цолбор, Баян­зүрх дүүрэгт эрүүгийн цогцолбор барихаар төлөвлөсөн.  Үүнийг иргэд шүүхийн байгууллага гэж харахаас илүүтэй иргэнд үйлчилдэг хуулийн цог­цолбор гэж ойлгох хэрэг­тэй. Их дэл­гүүрт ороод сонгох бараа­гаа нэг дор цуглуулчихдаг шиг хууль зүйн үйл­чилгээг цогцоор нь авч чаддаг болно гэсэн үг.

-Танд Сангийн сайд барилга барих мөнгө өгөх боломжгүй гэсэн юм байна. Тэгэхээр ямар мөнгөөр цогцолбор барих юм бэ?

-Одоо байгаа зургаан дүүргийн урсгал зардлаар барих боломжтой. Үүний тулд шүүхүүд нэг жилийг бүсээ чангалаад тэсээд гарах шаардлага тулгарч байгаа юм. Хэрэв цогцол­бор барилга баригдаж чадвал 16 шүүхийн танхим маань 80 болж өргөжинө.

-Бас нэг анхаарал татаж байгаа асуудлын нэг бол хорих анги. Хорих ангийг нэгтгэхээр болсон тухай мэдээлэл байна. Олон хоригдлыг нэг дор төвлөрүүлснээр харуул хамгаалалт алдагдах талтай юм биш үү?

-Өнөөдрийн байдлаар хүүхэд, эмэгтэйчүүдийн хорих ангийг оруулах­гүйгээр 25 хорих анги байна. Тодруулбал, 100-200 хоригдолтой тав, 200-300 хоригдолтой дөрөв, 300-400 хоригдолтой зургаа, 400 дээш хориг­долтой зургаан хорих анги бий. Хамгийн их хориг­долтой анги нь 510 ялтан­тай. Тэгвэл улсын хэм­жээнд 25 хорих байгуул­лагын хамгаалалтад зориулж жилд дунджаар 24 тэрбум төгрөг зарцуулж байна. Гэтэл энэ их хэмжээний хорих анги нь үр ашиггүй, эдийн засгийн хохирол­той, аюулгүй байд­лын эрсдэлтэй. Ялангуяа, хорих ангиуд хөдөө орон нутагт төвлөрсөн байдаг учраас хорих байгууллагад ажиллаж байгаа хүнээ давхар хоригдол болгож байх жишээтэй. Ийм л шударга бус зүйл байна. Өнөөдөр Монголын стандартаар нэг хянагчид 20 хоригдол ногдох учиртай. Тэгвэл бодит байдалд нэг хянагчид 80-ээс дээш хоригдол таарч байна шүү дээ. Ний нуугүй хэлэхэд хоригдлоо хянаж чадахгүй хэмжээнд  хүрчихсэн нь нууц биш. Үүнийг өөрчлөх ёстой. Ингэхийн тулд өдгөө байгаа 7000 хоригдлоо 1500 бүрээр багтаасан дөрвөн цогцолбор барилга барих болно. Өөрөөр хэл­бэл, онцгой, чанга дэглэм­тэй, дотроо үйлдвэртэй 1500 хоригдлын байр барина гэсэн үг. Ингэхдээ хохирлоо нөхөн төлөх, өөрсдөө орлого олох боломжит ажил хийх,  мэргэжил эзэмшээд гарах нөхцлийг бүрдүүлсэн байх учиртай.

-Хянагчийн тоог нэмэг­дүүлнэ гэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх бай­гуул­лагын бүтэц данхайх юм биш үү. Нөгөө талаас олон хүмүүжигч нэг дор төвлөрснөөр аюулгүй байдал хэр хангагдах вэ?

-Одоо байгаа хүнийхээ нөөцөөр 100 хувь хянах боломжтой. Хэрэв цогцолбор барилга барьж чадвал энэ байгууллагын урсгал зардал 50 хувиар буурна. Бид тэр мөнгийг гэрийн хорионоос эхлээд өөр төрөлд зориулж болно шүү дээ. Ерөнхийдөө 25 хорих ангийг нэгтгэж дөрөв болгоход 15 тэрбум төгрөг шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, улсаас нэг ч төгрөг авал­гүйгээр  хорих ангиудын барилгыг шинэчилнэ гэсэн үг. Энэ утгаараа хуулийн бүх байгууллагын удирдлага, ажилтнууд та бүхэн нэг жил бүсээ чангалаад тэсчих. Нэг жилийн дараа гэхэд би энэ ярьж байгаа  том цог­цолборуудаа бариад өгье. Ажиллах таатай орчинтой болгоё, та нарыг. Одоогийн байдлаар 25 хо­рих руу явж байгаа урсгал зардал болон шинээр баригдаж байгаа барилгыг зогсоогоод таван тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Намайг сайд болохоос өмнө Төв аймгийн Мөнгөнморьт суманд тоосгоны үйлдвэр барьсан гэнэ лээ. Гэтэл тэр тоосго нь хаана байна. Мөнгөнморьтод үйлдвэр­лэсэн тоосго нийслэлд авчраад өрсөлдөж чадах уу. Ямар ч ашиггүй. Түүний оронд Налайхад 1500 хоригдлын цогцолбор бариад дотор нь тоосгоны үйлдвэрээ барих нь хамаагүй ашигтай.

-Төрөлжсөн хорих ан­гиудыг аль аймагт байгуулах юм? 

-Эрдэнэт хот, Дорнод, Ховд аймаг болон Налайх дүүрэгт байгуулах боломжтой.

-Цагдаагийн хэлт­сүү­дийг нэмэх санаа тань биелэлээ олж байгаа. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Нийслэлийн нэг сая 500 иргэний 400 мянга нь шүүхийн байгууллагад хандсан байдаг бол цагдаагийн байгууллагаар бүгд үйлчлүүлдэг. Найман настай хүүхэд гэрээсээ гарахдаа замдаа хүнд зодуулчих вий. Хэн нэгэн согтуу жолооч нь намайг дайрчих вий гээд байнга сонор сэрэмжтэй явах цаг үе байна шүү дээ.  Энэ бүх болгоомжлолын цаана цагдаагийн үйлчилгээ байдаг. Тэгвэл өнөөдөр цагдаа иргэдтэй яаж харилцдаг вэ. Үүнийг захын хүн хэлэх байлгүй. Дээрэнгүй, дарамталсан байдлаар харилцдаг нь нууц биш. Энэ утгаараа цагдааг иргэнлэг болгохын тулд иргэдтэй илүү ойр ажиллуулахын тулд дүүргүүдийн хэлтсийн тоог нэмэх зүй ёсны шаардлага байна.  Одоо байгаа зургаан хэлтэс дээр нэмж есөн хэлтэс байгуулна. Энэ нь хотын төвд төвлөрөх биш Зүүнсалаа, Дарь-Эх, Хай­лааст, Сонгинохайрханы захад байрлах болно. Мэдээж шинээр байгуу­лахад төсөв шаардлагатай байгаа. Есөн цагдаагийн хэлтэст 16 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Хэдийгээр Сан­гийн сайд төсөв мөнгийг нь өгөх боломжгүй ч гэсэн барилга барих мөнгөө олно гэж бодож байна. Үндсэндээ мөнгө хайгаад явж байна шүү дээ. Ингэхдээ шинээр барих хэлтэс нь сургалтын төв, цагдаагийн хувцас солих өрөө, сааатуулах байр, гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах тусгай байр, нутаг дэвсгэрийн удирдлагын шуурхай төвтэй байна. Ийм нэг барилгыг барихад дор нэг тэрбум 600 сая төгрөг хэрэгтэй.

-Өнгөрсөн есдүгээр сард цагдаагийн дарга нарт “Цагдаагийн харилцааг өөрчил” гэсэн тушаал буул­гасан. Энэ үүрэг чинь үр дүнтэй юу. Цагдаагийн толгойд “юм” оруулах, иргэдтэй энгийн харилцах шинэчлэл ямар шатандаа явж байна?

-Хууль сахуулах сур­гуульд ахлагчийн сур­гууль болон цагдаагийн боловсон хүчинтэй холбоо­той том шинэтгэлүүд эхэлж байна. Цагдаагийн бие бүрэлдэхүүнд давтан сургалт болон өөр бусад сургалтын олон хэв маяг бий болгосон. Цаашид цагдааг 45 хоногоор биш хамгийн багадаа 2.5 жи­лээр бэлтгэнэ. Ингэснээр мэргэжлийн цагдаа ажил­ладаг болно. Сайн дурын сонирхогч биш гэсэн үг.

-Та шинэчлэл нэрээр өмнөх цагдаа, шүүхийн шийдвэрийн байгууллагын удирдлагуудын хийсэн ажлыг үгүйсгэх тал ажиглагдаж байна. Тухайлбал, хоригдлуудад мэргэжил эзэмшүүлээгүй гэхчилэн хэлж байсан?

-Монголд сургалтын хорих анги байна уу гэвэл байхгүй. Чи шоронгоор яваад үзээрэй. Шоронд ямар үйлчилгээ явдаг вэ гэхээр хоригдлуудыг хоригдлуудаар нь хянуулж байна. Өөрөөр хэлбэл, гал хамуудаар нь хянуулж байна. Үүнийг өөрчлөх цаг аль хэдийнэ болчихсон байна шүү дээ.