Н.МӨНХЖИН

 

Курдууд Их Курдистан улсыг байгуулахад ойртож ирээд байна. Иракийн Курдистан хэмээх тусгаар улс бий болоход ойртсон бол, Сири, Туркийн кур­дууд нэгдсэн удирдлагаа бий болгож Ираны кур­дууд үүнд нь нэгдэж байна.

Туркийн газар нутаг дээр хамгийн их буюу 12-15 сая курд үндэстэн амь­дар­даг. Иран, Сирид 7.5 сая, Иракт 4.5 сая курд тоологджээ. Турк, Сири, Иракт курдууд хоёр дахь том үндэстнийг бүрдүүлж байдаг билээ. Иракийн хүн амын 20, Сирийн ард иргэдийн ес, Туркийн хүн амын долоон хувийг кур­дууд эзэлдэг. Тэд сэтгэл зүрхэндээ өөрийн гэсэн тусгаар улсаа байгуулах хүслээ тээсээр яваа.

Ирак дахь курд нийг­мийн байр суурь их хүчтэй байдаг. Тэндхийн курдууд өөрийн гэсэн арми, төсөв, санхүүтэй, өргөн автоно­мит эрхтэй, тусгаар тогт­нолд ганц алхам ойртоод байгаа юм. АНУ-ын цэрэг Иракт нэвтрэн орж Сад­дам Хусейний дэглэмийг түлхэн унагасны дараа курдууд ийнхүү “өсч өн­дий­сэн” аж. Вашингтон эхэндээ америк загвараар олон үндэстний Ирак ул­сыг байгуулна хэмээн най­даж байсан ч Ерөн­хий­лөгч Масуд Барзани (курд үндэстэн) “Курдуу­дад өргөн эрхтэй автоно­мит эрх олгохгүй бол га­рын үсэг зурахгүй” хэ­мээн Иракийн шинэ Үнд­сэн хуулийг батлахаас тат­галзаж зорьсондоо хүр­сэн билээ.

Тэр цагаас хойш кур­дууд болон Багдад дахь төвийн Засгийн газрын хоорондох маргаан, тэм­цэл нэмэгдсээр иржээ. Кур­дууд оршин суудаг Кир­кук муж нефтиэр баян нутаг юм. “Санал зөрөл­дөөнийг бидэнд ашигтай­гаар шийдэхгүй бол бид тус­гаар тогтнол руугаа тэ­мүүлнэ” хэмээн Барзани саяхан сануулаад авчээ. Иракийн курдууд аль Сад­дам Хусейний үеэс л Пешмерга хэмээх сайтар бэлтгэгдсэн армитай бай­сан нь одоо ч хэвээрээ. Үх­лийг юман чинээд тооц­доггүй пешмергачуудын тоо 80 мянгаар тоологдоно. Багдадын төвийн засаг болон курдуудын хоорон­дох арцалдаан томоохон зэвсэгт мөргөлдөөнд хүр­гэж магадгүй байгааг тоймч, ажиглагчид анхаа­руулж байна.

Иракийн Ерөнхий сайд Нури аль-Малики курдуудын нутгийг хя­налтдаа авахаар шийдсэн нь гайхмаар зүйл биш юм. Үүний тулд тэрээр Киркук, Салахуддин болон Дияла мужид цэргийн оператив анги нэгтгэлийг (Tigris Operations Command, ТОС) байгуулжээ. Пеш­мерга ТОС-ын хяналтад орвол санхүүжилтыг нь ха­риуцна хэмээн Аль-Ма­лики амласан байна. Гэвч Иракийн Курдистаны тө­лөөлөгчид үүнийг “Хий хоосон мөрөөдөл, худал амлалт” хэмээн няцаажээ.

Иракийн хил орчимд Туркийн цэрэг нэмэгд­сээр байгааг Иракийн Курдистаны эрх баригчид эсэргүүцэж, төвийн Зас­гийн газар яагаад энэ тал дээр дуугүй байгаад байна вэ гэсэн таагүй асуултыг тавьж байна. Туркууд хил дээр танк, хуягт машин, байлдааны нисэх онгоцоо бөөгнөрүүлж, курд босогч­дын байрлалыг үе үе бөм­бөгдсөөр байгаа юм.

Туркийн курдууд ч Ан­ка­рагийн Засгийн газарт багагүй түвэг, бэрхшээл учруулдаг. Туркийн өмнөд болон зүүн өмнөд нутагт амьдардаг курдуудад ав­то­номит эрх мэдэл байхгүй. 1923 онд Османы эзэнт гүрэн Туркийн бүгд най­рамдах улс болсноо зарлан тунхагласнаас хойш курд үндэстний эрхийг хүлээн зөвшөөрсөн нэг ч хууль, тогтоомж батлаагүй юм. Өрнөдөд террорист бай­гууллага хэмээн үзэгддэг Курдистаны Ажилчны нам (КАН) Туркт тусгаар тогт­нолын төлөөх тэмцэл явуулдаг. Тус намын сал­бар, үүрүүд бүх хөрш оронд байдаг аж.

Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эр­доган курдуудтай эвлэрэх оролдлогыг хийсээр ирсэн юм. Тэрээр курдуудыг хоморголон хядаж байсан хэрэг явдлыг албан ёсоор шалгахаар болж, төрийн мэдлийн телевиз дээр курд хэлний суваг бий болгосон зэргээр багагүй зүйл сэд­жээ. Гэвч Эрдоган курдын асуудлаар санаа нэг бай­сан Сирийн Ерөнхийлөгч Башар Асадаас “нүүр бу­руулснаар” Сирийн ир­гэний дайн Туркийн хилд тулж иржээ. КАН үүнийг овжин ашиглаж Эрдоганы эсрэг дайн зарлалаа. КАН-ын босогчид Туркийн цаг­даа болон хил дээрх байр­лалуудыг дахин довтлох болж, зарим дайралт дээр Сирийн курдуудтай ний­лэн хүч хавсрах болжээ. Улмаар Турк, Сирийн кур­дууд нэгдэж нийлэх замдаа ороод байгаа нь тус­гаар тогтносон Курдис­тан улсыг бий болгох бас нэг хүчин зүйл болж байна.

Туркийн Hurriyet со­нин “Долоохон хоногийн курдуудын амьдардаг нут­гийн хил хязгаар 400 км байлаа. Одоо үүн дээр дахиад 800 км урт хил нэмэгдэж байх шиг байна” хэмээн бичжээ. Ийнхүү КАН-тай учир зүйгээ олол­цох гэсэн Эрдоганы оролдлого бүтэлгүй болс­ны дээр Барзани ч Анка­рад туслахаас татгалзах болов. Иракийн курдууд Сирийн курдуудтай нийлж Сири дахь эрх мэд­лийн хоосон зайд байр сууриа олж авахаар чар­майж эхэлсэн нь Их Кур­дистан улсыг байгуулах санаархал хүчээ авч буйн илрэл юм.

Иран дахь курдууд ч “сэхээ авч” Их Курдистан улс байгуулагдахад “хувь нэмрээ оруулах” талаар дуугараад эхэлжээ. Ир­гэний дайнтай байгаа Сирид эрх баригч дэглэм нурвал тус улс дахь кур­дууд автономит эрхтэй болох нь бараг тодорхой. Тиймээс Иран, Ирак, Сири, Турк дахь кур­дуудыг нэгтгэсэн Их Кур­дистан улс байгуулагдах цаг улам ойртсоор байгаа бололтой.