-Вашингтоны зүгээс авч байгаа хоригийг компани давж гарахад бэлэн хэмээн Жэнь Чэнфэй мэдэгдэв-

Д.ЭНХЭЭ

АНУ-ын Худалдааны яамнаас Хятадын харилцаа холбооны Huawei компанид олгож байгаа 90 өдрийн түр ерөнхий зөвшөөрөл корпорацийн хувьд онцын том ач холбогдол байхгүй гэнэ. Huawei-г үүсгэн байгуулагч Жэнь Чэнфэй мягмар гаригт мэдэгдсэнчлэн АНУ-ын зүгээс тавьж байгаа хоригийг давж гарахад хятадын үйлдвэрлэгч бэлэн байсан ажээ.

"АНУ-ын Засгийн газрын 90 өдрийн зөвшөөрөл Huawei-гийн хувьд онцын том ач холбогдол байхгүй. АНУ-ын зүгээс тавьж байгаа хоригийг компани давж гарахад бэлэн” хэмээн Жэнь Чэнфэй мэдэгдсэн, түүний хэлсэн үгийг Хятадын Төв телевиз эш татжээ.

Huawei Америкийн компанитай адил сайн чип хийж чадна, гэхдээ энэ бол АНУ-аас чип худалдаж авахгүй гэсэн үг биш хэмээн компанийг үүсгэн байгуулагч онцлон тэмдэглэв.

"Америкийн чип ашиглахыг Huawei үгүйсгээгүй. Үүний оронд бид хамтдаа өсч хөгжих ёстой. Бид дэлхий ертөнцөөс тусгаарлагдаж чадахгүй” хэмээн Жэнь Чэнфэй нэмж хэлжээ. Мөн “Хэрэв нийлүүлэлт дутвал бидэнд нөөц хувилбар бий. Манай чипийн хагас нь АНУ-ынх, үлдсэн хагас нь өөрийн үйлдвэрлэлийнх” хэмээн тэрээр онцлов.

АНУ-ын эрх баригчид Huawei-г хар жагсаалтад оруулсны дараа Америкийн Google  корпораци энэ компанитай бизнес холбоо харилцаагаа зогсоосон тухай өнгөрсөн ням гаригт мэдэгдсэн. Ийм алхам нь практик дээр хятадын компани нээлттэй ил тод байгаа бүтээгдэхүүнээс бусад технологи, программ хангамжийг олж авах боломжгүй болж байгаа гэсэн үг юм.

Даваа гаригт АНУ-ын Худалдааны яам Huawei-д 90 өдрийн түр ерөнхий зөвшөөрөл олгосноор АНУ-д ашиглаж байгаа хөдөлгөөнт төхөөрөмжийн программ хангамжийг шинэчлэх, сүлжээний үйлчилгээгээр хангах эрхийг сэргээж байгаа ажээ. Энэ журам 2019 оны тавдугаар сарын 20-ноос 2019 оны наймдугаар сарын 19-ныг хүртэл үйлчлэх юм байна.

Тавдугаар сарын 15-нд Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын мэдээлэл-харилцаа, холбооны дэд бүтцийг гадаадын аюул заналаас хамгаалахын тулд онц байдал тогтоосон гүйцэтгэх зарлигт гарын үсэг зурсан.

Үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлж байгаагийн улмаас Хятадын компани, түүнтэй холбоотой хуулийн этгээдүүдийг өөрийн хар жагсаалтад оруулах шийдвэрийг Худалдааны яам гаргасан нь хожим тодорхой болсон.

Өнгөрсөн оны наймдугаар сард Трамп Huawei болон хятадын өөр нэгэн компани  ZTE-ийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж ашиглахыг АНУ-ын Засгийн газрын байгууллагуудад хориглосон зарлигт гарын үсэг зурсан.

Эх сурвалж: zms.mn