С.САРУУЛ

АТГ-аас Эрүүл мэндийн яамны хоёр мэргэжилтнийг саатуулсан байна. Энэ мэдээлэл үнэн гэдгийг АТГ-аас ч баталж буй.

Тэгвэл гадуур яригдаж буй мэдээллээр ЭМЯ-ны хоёр мэргэжилтэн эмийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэргээр шалгагдаж байгаа гэнэ. Тодруулбал, мэргэлжилтнүүдийн шийдэж өгдөг байсан гэх тусгай зөвшөөрлийн цаана буурай хөгжилтэй орнуудад зориулсан хямд үнэтэй, чанар стандартын шаардлага хангасан эсэх нь тогтоогдоогүй эмийг оруулж ирсэн асуудал яригдаж байгаа бололтой. Яамны мэргэжилтнүүд ийнхүү эмийн тусгай зөвшөөрөл олгоход дэмжлэг үзүүлснийхээ хариуд 1000-2000 ам.доллар авдаг байсан гэх мэдээлэл байна.   Эх сурвалжийн мэдээллээр энэ хэрэгтэй холбогдуулан 20-иод хүнийг байцаажээ.

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-дүгээр ангид хоригдож буй Б, Ч нарын нэг нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн туслахаар цөөнгүй жил ажилласан нэгэн гэнэ. Тухайн үед сайд болонгуутаа туслахаа өндөр албан тушаалд томилсон гэх хэл ам ч гарч байв.

Тэгвэл Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийн дээрх үйлдэл нэлээд ноцтой асуудал ч болж магадгүй. Хэрэв чанарын баталгаагүй, өртөг хямд эмийг оруулж ирэхэд хахууль авсан нь тогтоогдвол  Монголчуудын эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал яригдаж мэдэх нь. Ямартай ч хууль хяналтын байгууллагууд үнэн зөвийг олох биз ээ.

Эх сурвалж: www.polit.mn