Э.ОРХОНСҮРЭН

 

Эрүүл мэндийн сайд Н.Удвал  УИХ дахь  “Шу­дарга ёс” эвслийн бүлгийн гишүүдтэй уулзлаа. Уулзалтын зорилго нь  эрүүл мэндийн салбарт ирэх дөрвөн жилд хийж, хэрэгжүүлэх ажил, өөрч­лөлт  шинэчлэлтийн талаар танилцуулж, харилцан санал солилцон ЭМЯ-наас дэвшүүлж байгаа ажилд  дэмжлэг үзүүлэ­хийг хүссэн юм. Уулзал­тын эхэнд сайд эрүүл мэн­дийн салбарт тулгам­даж буй асуудлын талаар танилцуулав. Үүнд, дүүр­гийн эрүүл мэндийн нэгд­лийг аймгийн нэгдсэн эмнэлгийн төвшинд аваа­чих, Яаралтай тусламжийн төвийг дүүрэг бүрт бий болгох, эмч нарын ашиг сонирхолын зөрчил болон албан бус төлбөрийг ил тод болгох зэрэг олон асуудлыг хөндлөө.

Эрүүл мэндийн даат­галын санд жид 120 орчим тэрбум төгрөг төвлөрдгөөс 80 хувь нь энэ салбарт зарцуулагддаг гэнэ. Одоо­гийн байдлаар Эрүүл мэн­дийн даатгалын санд 140 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа ажээ. Энэ мөнгийг хэрхэн юунд зо­риулах нь одоогоор тодор­хой бус байна. Учир нь тус даатгалын сан нь Нийг­мийн хамгааллын яаманд харьяалагддаг учраас захиран зарцуулах эрх нь яаманд хамааралгүй бай­даг аж.  Энэ үеэр бүлгийн гишүүд өөрсдийн санаа бодлыг илэрхийлж зарим асуултад хариулт авсан юм.  Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн тусгай албан хаагч­дын эмнэлгийн асууд­лыг анхааралдаа авч ажиллах тал дээр анхаарч, эмийг зөвхөн эмчийн жорын дагуу олгодог болох нь зүйтэй гэсэн санал хэлэв. Учир нь  Улаан­баатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 500 гаруй эмийн сан байдаг бөгөөд нэгдсэн мэдээл­лийн сан байдаггүй учраас хуурамч эм зарагдах эрс­дэл их байдаг байна. Мөн  Ч.Улаан гишүүн эмийн зохистой хэрэглээ, ургам­лын гаралтай болон уламж­лалт эмийн бүтээг­дэхүүний талаар байр сууриа илэрхийлсэн юм.  Харин  “Шударга ёс” эвслийн­хэн болон УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг, гишүүн Г.Уянга, З.Баянсэлэнгэ нар эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудалд анхаарч ажиллана гэдгээ хэлэв. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал  “Шударга ёс” эвслийн дарга Н.Батцэрэгт эрүүл мэндийн салбарт хэрэг­жүүлэх ажлынхаа хөтөл­бөрийг өргөн барьж, бод­логын төвшинд дэмжиж ажиллахыг хүссэн юм.