-Нууц материал алдагдсаны улмаас батлан хамгаалахын сайд Гэвин Уильямсоныг тавдугаар сарын 1 – нд огцруулсан бөгөөд түүний халааг хатагтай Пенни Мордонт авлаа-

Д.ЭНХЭЭ

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй 2019 оны тавдугаар сарын 1-нд нууц материал алдагдсаны улмаас Батлан хамгаалахын сайд Гевин Уильямсоныг огцруулав. Батлан хамгаалах байгууллагын шинэ тэргүүнээр Пенни Мордонт томилогдов. Тэрээр энэ албан тушаалд ажиллах анхны эмэгтэй. ТАСС-ДОСЬЕ түүний намтартай холбоотой материал бэлтгэжээ.

Гарал, боловсрол

Пенни (Пенелопа) Мордонт 1973 оны гуравдугаар сарын 4-нд Торкид (Девон гүнгийн эзэмшил, Английн зүүн өмнөд нутаг, Их Британи) төрж, Портсмутэд (Гэмпшир гүнгийн эзэмшил, Английн өмнөд хэсэг) өссөн. Эцэг нь багшаар ажиллаж байгаад гүнгийн захиргаанд залуучуудын бодлогын асуудал эрхэлж байсан. Ээж нь хөгжлийн сааталтай хүүхдийн сургуульд ажиллаж байгаад 1988 онд нас барсан.

Пенни Мордонт сургуулиа дүүргээд хэсэг хугацаанд Johnson&Johnson компанид ажилтан, дараа нь илбэчний туслахаар ажилласан. Хожим нь Румын руу нүүж эмнэлэг, хүүхэд асрах газарт ажилласан. Өөрийнх нь хэлснээр тэр цаг үеэс улс төрийг сонирхож эхэлсэн. Их Британид буцаж ирснийхээ дараа Пенни Мордонт Редингийн (Беркшир гүнгийн эзэмшил, Английн өмнөд хэсэг) их сургуульд элсэн орж, философи судалсан. Ийнхүү тэрээр гэр бүлдээ дээд боловсрол (бакалавр, 1995) эзэмшсэн анхны гишүүн болсон.

Парламент, Засгийн газраас өмнө

Их сургууль дүүргээд Мордонт бүр идэр насандаа элссэн Консерватив намын залуучуудын жигүүрийг тэргүүлж, намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн. Янз бүрийн он жилүүдэд улсын байгууллага, хувийн компаниудад ажиллаж байсан. Тухайлбал, улс орны арилжааны бус томоохон бүтцийн нэг болох Их Британийн ачаа тээврийн ассоциацийн олон нийттэй харилцах мэргэжилтнээр ажиллаж байв. Дэлхийн хоёрдугаар дайны ахмадуудад зориулан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг Veterans Reunited төслийн санаачлагч байсан.

2004 онд зар сурталчилгааны хувийн компани байгуулсан бөгөөд 2010 онд түүнийг зарсан байна.

Парламентад

2010 онд Пенни Мордонт анх удаа Британийн парламентын нийтийн танхимд сонгогдсон бөгөөд 2015, 2017 онд дахин сонгогдсон. Батлан хамгаалах, аюулгүй байдал, зэвсэглэлд хяналт тавих болон бусад хороонд ажиллаж байв.

Засгийн газарт

Пенни Мордонт 2014-2015 онд Дэвид Кэмероны танхимд бүс нутаг, нутгийн өөрийн удирдлагын асуудал эрхэлсэн парламентын туслахаар; 2015-2016 онд батлан хамгаалах яаманд дэд сайдаар (энэ албан тушаалд ажилласан анхны эмэгтэй) тус тус ажилласан.

2016 онд Их Британи улс цаашдаа Европын Холбоонд оролцох эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга бэлтгэх хугацаанд улс орныг энэ байгууллагаас гаргахын төлөө санаа бодлоо илэрхийлдэг байсан. Сүүлийн үед Европын гаалийн холбоонд гишүүнчлэлээ хадгалах Brexit -йн хувилбарыг эсэргүүцэж байсан.

2016-2017 онд Тереза Мэйгийн Засгийн газарт хөдөлмөр, тэтгэврийн яаманд дэд сайд, 2017-2019 онд Олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байгаа. Үүнээс гадна Тэгш эрхийн (түүний дотор эмэгтэйчүүдийн байдалтай холбоотой асуудлыг эрхэлж байгаа) асуудлаарх Засгийн газрын офисын тэргүүнээр 2018 оноос ажиллаж байна.

Хувийн мэдээлэл

Пенни Мордонт буяны үйл хэрэгт цаг их зарцуулдаг. Тухайлбал, чихрийн шижнээр өвдсөн хүмүүст төрөл бүрийн тусламж үзүүлэх Diabetes UK байгууллагын удирдах бүрэлдэхүүнд 2006 онд орсон. Түүний дэмжлэгтэйгээр хэд хэдэн улс оронд энэ байгууллагын салбарыг нээсэн.

Splash! (усанд усүэрч орох) спортын цэнгээнт телешоунд оролцсоны төлөө 2014 онд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шүүмжлүүлсэн. Үүний хариуд Мордонт шоунд оролцсоны төлөө авсан арван мянган еврог буяны үйлсэд зориулсан гэдгээ мэдэгдсэн.

Британийн зэвсэгт хүчний бэлтгэл офицер, флотод алба хаасан, бага дэслэгч цолтой.

Одон орон (астроном), уран зураг сонирхдог.

Эх сурвалж: www.polit.mn