REUTERS/Stoyan Nenov

Д.ЭНХЭЭ

Итали, Унгар, Австри, Польшийн засгийн эрхэнд Европын хэт барууныхан байгаа бөгөөд удахгүй болох сонгуулийн үр дүнтэй холбогдуулан Франц, Нидерландын намуудын дунд явуулсан санал асуулгаас авч үзвэл Европарламентад хэт барууны талынхны төлөөлөл илүү байх төлөвтэй.

“Үндэстний хийгээд эрх чөлөөт Европын төлөө” хэт барууны намуудын альянсын бүрэлдэхүүнд багтах Болгарын “Воля” (“Хүсэл зориг”) хэмээх шинэ нам байгуулагдсаны нээлтийн кампанит ажилд оролцсон Марин Ле Пен Euronews сувагтай ярилцахдаа нийтлэг үнэт зүйлсийг хуваалцаж байгаа бүхнийг хэт барууныхны тэмцэлд татаж оролцуулахад зорилго оршиж байна хэмээн хэлжээ.

Марин Ле Пен хэлэхдээ  “Эммануэль Макрон өөрийгөө Европын лидер мэтээр харуулах гэж байгаа боловч түүний нам огт хөдлөхгүй байна. Тэд хэнтэй ч уулзахгүй, хаашаа ч явахгүй байна. Европын парламентад тэднийг хэн төлөөлөхийг бид мэдэхгүй байна” гэлээ.

Euronews:-Танай хөдөлгөөнд хэн хэн нэгдэх вэ: Виктор Орбаны нам, эсвэл Германы үндэсний ардын нам уу?

Марин Ле Пен: -“Би мэдэхгүй байна, харж л байя. Ямар ч тохиолдолд тэд өөрсдийнх нь улс оронд хэн орж ирэх эрхтэй вэ гэдэг асуудлаар ард түмэн нь шийдэх хүсэл сонирхлыг хамгаалж байгаа. Үндэстний хувьд өөрсдийнх нь хил хязгаарт тавих хяналт хамгийн чухал нь гэж би үзэж байна" гэж хариулсан байна.

Барууны намууд Европт нэгдмэл фронт байгуулахын төлөө тэмцэх болно гэдгийг олон аналитик үзэж байна. Дотоод өрсөлдөөний тухай дэл сул яриа байдаг хэдий ч Маттео Сальвинигийн санаачилж Миланд зохион байгуулах Европын хэт барууны намуудын цугларалтад Марин Ле Пен оролцох ажээ.

Марин Ле Пен  “Энэ бол зөвхөн улс төрийн хамтын ажиллагаа төдий зүйл биш. Маттео бол найз. Тэгэхдээ тун үнэнч найз. Тэр асар их сэтгэлийн тэнхээтэй хүн. Бүх юмны цаана улс төрийн хүсэл зориг байдаг гэдгийг сүүлийн саруудын үйл явдал бидэнд харууллаа. Үүнээс өмнө бид дүрвэх үйл явцыг зогсоох боломжгүй гэж ярьдаг байсан бол тэр “Үгүй ээ, энэ боломжтой” гэж хэлсэн. Тэгээд ч үүнийгээ Италид хийж чадсан".

Европын сонгууль тавдугаар сарын 23 – 26 – нд товлогдсон. Хэт барууныхан сонгуульд урьд өмнө байгаагүй амжилт үзүүлнэ хэмээн тооцоолж байна.

Фэй Дулгкери, Euronews, Софи:

“Шинээр сонгогдох Европын парламентад хэт барууныхны авах санал нэлээд нэмэгдэхийг санал асуулга харуулж байна, энэ бол европын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Марин Ле Пены нам үнэхээр нөлөөлөх боломжтой гэсэн үг юм".

Эх сурвалж: www.polit.mn