Фото: ТАСС/Юрий Смитюк
Д.АРИУН
БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Владивосток хот дахь “Номхон далайн флотын дайчдын алдар” хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. Хүндэтгэлийн арга хэмжээнд Приморийн хязгаарын амбан захирагч Олег Кожемяко оролцсон байна. ТАСС агентлагийн мэдээлснээр, ёслолын энэ арга хэмжээ товлосноосоо хоёр цаг хоцорч эхэлжээ.
Хүндэт харуул жагсаж хоёр улсын төрийн дуулал эгшиглэсэн ёслолын дараа хойд Солонгосын удирдагч мөнх галын дэргэдэх дурсгалын дэвтэрт сэтгэгдлээ бичиж, гарын үсэг зурсан байна.
Хойд Солонгосын удирдагчийн хүндэтгэл үзүүлсэн дурсгалын энэ цогцолборыг 1975 онд байгуулсан бөгөөд Эх орны дайнд амь насаа алдсан Приморийн хязгаарын дайчдад зориулан босгосон түүхтэй аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины урилгаар айлчилж, өчигдөр /2019.04.25/ дээд хэмжээний уулзалт хийсэн БНАСАУ-ын удирдагч өнөөдөр /2019.04.26/ үдээс хойш эх орон руугаа мордох юм. Хойд Солонгосын удирдагчийг үдэн мордуулах ёслол Владивостокийн галт тэрэгний буудалд болно гэж iz.ru мэдээлсэн байна.
Эх сурвалж: zms.mn