Д.ЭНХЭЭ

Оросын газар зүйн нийгэмлэгийн ерөнхийлөгч “Комсомольская правда”, “Российская газета” сонин болон ТАСС агентлагийн сэтгүүлчидтэй ярилцжээ. Владимир СУНГОРКИН, Евгений САЗОНОВ нарын бэлтгэсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Сергей Шойгуг бид гол төлөв хатуу ширүүн төрх байдлаар нь төсөөлөөд хэвшчихэж. Батлан хамгаалахын сайд, дэлхийн хамгийн хүчтэй армийн нэгнийх нь командлагчийн үүрэг хариуцлага хүлээдэг болохоор тэгж төсөөлөх нь ч аргагүй биз... Гэхдээ тэр хариуцаж гүйцэтгэдэг өөр нэгэн чиг үүргийнхээ талаар эргэцүүлж бодох үедээ нүд нь сэргэж царайд нь урамтай инээмсэглэл байнга тодрох ажээ. “Олон нийтийн өвөрмөц ачаа” цаг зав муутай Сергей Кужугетовичэд баяр баясгалан авчирдаг аж. 2010 оноос тэргүүлж байгаа Оросын газар зүйн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн ажил үйлсийн тухай энд өгүүлж байна. Чухам тэр цаг мөчөөс Оросын газар зүйн нийгэмлэгийн сэргэн мандалт (ренессанс) эхэлсэн.

ЗСБНХУ ШИЛДЭГ СУРАХ БИЧИГТЭЙ БАЙСАН

-Сергей Кужугетович, сурах бичгийн цагаан толгойноос яриагаа эхэлье. ОХУ-ын иргэн хэн боловч төрөлх эх орныхоо газар зүйг мэдэх үүрэгтэй. Газар зүйг тэд юуны өмнө сурах бичгээс эхэлж судалдаг. Гэхдээ чухамхүү сурах бичгийн талаар багш нар саяхан Танд асуудал тавьж хандсан. Өнгөрсөн оны сүүлчээр Гэгээрлийн яам төсвийн хөрөнгөөр худалдаж авдаг сурах бичгийн жагсаалтыг хоёр дахин цөөлсөн. Тэдгээрийн дотор 5-9 дүгээр ангийн газар зүйн долоон төрлийн сурах бичгийн тавыг нь хассан. Хэдийгээр бүх ангид газар зүйн хичээлийг долоо хоногт хоёроос доошгүй цагаар судлахаар буцааж оруулах саналыг Ерөнхийлөгч Путин гаргасан ч ингэж шийдвэрлэсэн. Ийм нөхцөл байдалд ямар нэг байдлаар нөлөөлж болох уу?

-Оросын газар зүйн нийгэмлэгийн ивээн тэтгэх зөвлөлийн дарга Владимир Владимирович Путин газар зүйн сургалтын асуудлыг үнэхээр хоёр ч удаа дэвшүүлэн тавьсан. Сурах бичгийн үзэл баримтлал боловсруулах, сургуульд судлах газар зүйн хичээлийн цагийг нэмэгдүүлэх тодорхой үүрэг даалгавар ч өгсөн. Эдгээр үүрэг даалгавар биелнэ гэдгийг би танд батлан хэлье.

Багш нар надад хандсан нөхцөл байдал бол хэвлэх үйлдвэрийнхний оролцооны шууд үр дагавар юм. Сурах бичиг хэвлэнэ гэдэг бол маш их хөрөнгө мөнгө. Гэхдээ сургалтын тогтолцоонд бизнес хутгалдаж оролцох ёсгүй. Хэвлэх үйлдвэрийнхэнд юу хэвлэх нь гол биш. Бидэнд харин ямар сурах бичгээр хүүхдийг сургах вэ гэдэг л гол асуудал.

Ийм нөхцөлд юу хийх хэрэгтэй вэ? Хэвлэх үйлдвэртэй ямар нэг байдлаар хамааралгүй холбогдох бүх хүнийг цуглуулж газар зүйн сурах бичгийн жагсаалтыг дахин авч хэлэлцэх. Тэгээд хэвлүүлэх эрхийн төлөө сонгон шалгаруулалт явуулах.

Оросын газар зүйн нийгэмлэгийн байранд, ярилцлагын үеэр.

Дашрамд хэлэхэд, ЗСБНХУ-ын үеийн газар зүйн сурах бичгийг жишээ болгон авч үзэж болно. Юутай ч тэдгээр сурах бичгээр бид суралцаж, хангалттай их юм сурч мэдсэн...

-Орчин үеийн сурах бичгээс тодорхой яг юу таалагдахгүй байгаа вэ?

-Зарим хэсэгт нь улстөржилт орчихсон, заримд нь тухайн аль нэг сэдвээр зохиогчийн хувийн үзэл хандлага илэрсэн байх гэх мэт. Газар зүйд янз янзын хандлага байх ёсгүй! Энэ бол түүх биш! Ижил мөрөн Каспийн тэнгист цутгана, Уралаас цааш Ази, Урал хүртэл Европ, энд ямар өөр үзэл бодол байх ёстой юм бэ? Газар зүйн бүхий л шинжлэх ухааныг нэгдмэл ойлголтоор заах ёстой. Үзэл баримтлал аль хэдийнэ бэлэн болчихсон. Бид Боловсролын яаманд өргөн барьчихсан, ойлголцоно байх гэж бодож байна.

ШИЛДЭГ БАГШ

-Сурах бичгийн хувьд ойлгомжтой. Харин газар зүйн багш ямар байх ёстой вэ? Ингэхэд та өөрийнхөө багшийг санаж байна уу?

-Мэдээж! Сэтгэл сэргэмээр гайхалтай сайхан хүн. Жинхэнэ газар зүйн багш-эмэгтэй, эх орноо хайрлах сэтгэл мэдрэмжийг сэрээж өгсөн хүн. Үүнээс л бусад бүх юм үндэслэж, соёолж ургадаг шүү дээ. Багш хүн өөрийнхөө зааж байгаа сэдвээр кино үзэх, сурах бичгийг гүнзгий нягт судлах, танин мэдэх хүсэл сонирхлыг төрүүлдэг байх ёстой. Ийм зүйлд сургана гэдэг бол хамгийн нарийн төвөгтэй ажил.

Жинхэнэ багш хүн бол мэдээллийг “Ийм өргөн уудам газар нутгийн гадна талд амьдарна гэдэг бараг байж боломжгүй зүйл, гэхдээ амьдралдаа ядахдаа ганц удаа очиж үзэх хэрэгтэй, яагаад гэвэл... г.м” - ээр дамжуулдаг байх ёстой.

-Оросын газар зүйн нийгэмлэгээс зохион байгуулдаг “Оросын шилдэг хөтөч” тэмцээнд оролцдог олон хүнийг санагдуулсан арга барил байна?

-Яг тийм! Дашрамд хэлэхэд тэд чинь ямар нэг утгаар авч үзвэл бас л газар зүйн хичээл зааж байгаа юм, ховор сонин газар нутгийн тухай танилцуулж, аялагч жуулчдын сонирхлыг татаж байгаа хэрэг. Тэдний ярьж өгүүлж байгаа түүх, дурсамжийг газар зүйн хичээлийн нэмэлт материал болгон ашиглаж яагаад болохгүй гэж? Тэгэх юм бол зөвхөн танин мэдэхүйн хувьд хэрэгтэй байгаад зогсохгүй жинхэнэ сурах бичгийн тухай төсөөлөл рүү биднийг дөхүүлж ойртуулах байх.

ЭКСПЕДИЦ БҮР ҮР АШИГТАЙ БАЙХ ЁСТОЙ

-Та Оросын газар зүйн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр арван жил ажиллажээ. Экспедицүүдээс сэтгэлд илүү тод хадгалагдаж үлдсэн зүйл юу вэ? Юуг орхиж, юуг цааш нь үргэлжлүүлж судлах вэ?

-Тоосыг нь гөвөөд орхих юм олон байж болно. Дайны үед ЗСБНХУ-д гадаадын цэргийн тусламжийг ямар маршрутаар хүргэж байсан гэдгийг 10 оюутнаас асуугаад үз. Ядаж ганц хүн хариулбал тун сайн байхсан!

-Та ленд-лизийг  (lend-lease) хэлж байна уу?

-Яг тийм! Хэрвээ судалж эхлэх юм бол үнэхээр гайхалтай сонин түүх. Эргэн тойрон дайн байлдаан болж байгаа үед Аляск, Чукотка, Якут, Эрхүү мужийн хойд хэсэг, Красноярскийн хязгаарыг дамнуулан Красноярскт хүрэх агаарын замыг онгон зэлүүд газар нутаг, асар хол орон зай, бас тэгээд хатуу ширүүн өвлийн улиралтай маш хүнд хэцүү нөхцөлд яаж тавьж чадсан юм бол. Энэ замаар зөвхөн ЗСБНХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх цэргийн таван ангийг байршуулсан байдаг. Тийм бага хугацаанд цэргийн таван анги! Миний хувьд өнөөдөр энэ бүхэн санаанд огт багтахгүй ажил.

Ленд-лизтэй холбоотой археологийн олон баримтыг эрж олж музейд шилжүүлж болно. Оросын газар зүйн нийгэмлэгийн Красноярскийн салбарын залуус 1943 онд Карын тэнгист цэргийн ачаатай живсэн “Тбилиси” хөлөг онгоцыг эрэн сурвалжлах томоохон экспедици зохион байгуулахаар бэлтгэж байгаа.

Хойд мөсөн далайн флот дахь Оросын газар зүйн нийгэмлэгийн салбарын гишүүд живсэн хөлөг онгоцноос “Шерман” танкуудыг татаж гаргацгаажээ. Тэгээд зогсохгүй тэр танкуудыг “амь оруулж” асаасан байна. Тэдгээр танкууд одоо явж байна, бүр буудаж байгаа шүү! Сум хэрэгслийг нь ч сэргээж чадсан!

Иймэрхүү жишээг тоочиж баршгүй. Саяхан бид Оросын газар зүйн нийгэмлэгийн шагнал гардуулсан. “Орос орноор хийсэн шилдэг экспедиц” номинацид “Тюриковын борт” хэмээх Красноярскийн гайхамшигтай сайн экспедиц шалгарсан... “Дуглас” онгоц 1947 оноос хойш бүрэн бүтнээрээ тундрт хэвтэж байсан гээд төсөөл дөө. Ямар ч зэврэлт байхгүй. Ийм л байгалийн консервац (зогсоол) байсан байна. Залуус тэр онгоцыг эрж олсон байна, тэгээд ямар нэг гайхалтай аргаар тэндээс авчирсан байна. Цаашдаа тэр онгоцыг сэргээн засварлахад нь бид тэдэнд тусална.

-Энэ экспедицийн тухай “Комсомолка бусдаас түрүүлж бичсэн. Саяхан тэр “Дуглас”-ын зорчигчдыг олсон! Тэгэхдээ телевизээр Таныг ярьсны ачаар шүү. Эхнэр, нөхөр, зургаан настай хүүгийн хамт гэр бүлээрээ тэрхүү онгоцоор нисч явсан юм билээ. Тэд маш тодорхой зүйл олныг ярьж өгсөн...

– Ямар гоё сонин мэдээ вэ! Заавал уншина!..

Сэтгэлд хамгийн тод хоногшиж үлдсэн зүйлтэй холбогдуулж энэ бүгдийг ярьлаа. Одоо харин сэргээж болмоор, үнэхээр сэргээх хэрэгтэй санагддаг төслүүдийн талаар хэдэн үг хэлье. Хамгийн гол нь төслүүд гүнзгий утга агуулгатай байх хэрэгтэй. Одоогийн олон экспедицийг харахад популист пиар давамгайлчихаад байна. Жинхэнэ экспедиц бол танин мэдэхүй, түүхэн үйл явдлын аль алиныг байнга хослуулж, улмаар бодитой үр ашиг тээдэг байх ёстой.

Тийм экспедицийн тоонд Норильскээс Уренгой хүрэх 800 орчим км тундрээр туулах төмөр замыг судлах явдал байж болох юм. Алс хойд зүгт энэ төмөр замыг бүтээн байгуулах ажил уг нь их эрт эхэлсэн юм билээ.

Сергей Шойгу, "Комсомольская правда" сонины ерөнхий редактор Владимир Сунгоркин.

-“Сөнөсөн зам” гэж нэрлэдэг зам мөн үү?

-Хэн нэг нь тийм нэр өгсөн байх ... Гэхдээ энэ замыг бүр хувьсгалаас өмнө төлөвлөж байсан юм билээ. Хэрвээ үүнийг судалбал яах гэж энэ замыг бүтээн байгуулсан, ямар ашиг тустай байж болох байсан, өнөөдөр хэрэгтэй эсэх гээд олон зүйлийг ойлгож ухаарч болох байх.

-Энэ зам хэрэгтэй юү?

-Би хувьдаа хэрэгтэй л гэж бодож байна. Харин цаашлаад эдийн засгийн газар зүйн мэргэжилтнүүд хэдий хэр өртөг зардал гарах, ямар хугацаанд нөхөн төлөгдөх гээд нарийн ширийн зүйлийг тооцож болох байх. Зэрэгцүүлээд харин бид зураг төслийг нь хэн гэдэг хүн, хэзээ, яаж зохиож боловсруулсан гээд энэ бүтээн байгуулалтын намтар түүхийг сэргээнэ...

Хувийн архивын гэрэл зураг

Хойд туйлаас хойш орших томоохон хот Норильскийг юугаар дулаацуулдаг вэ гэсэн энгийн асуултыг бас дахиад оюутнуудад тавиад үз?

-Байгалийн хийгээр үү!

-Зүйтэй! Орон нутгийн орд газрын хийгээр. Хэрвээ бид Камчаткийг анзаарч үзэх юм бол тэнд бас байгалийн хийн орд байна. Гэхдээ тийшээ Их газраас нүүрс, мазут зөөсөн хэвээрээ л байгаа. Эдийн засагч-газар зүйчид энэ асуудлыг шийдэх үүрэгтэй. Оросын газар зүйн нийгэмлэг ч өнөөдөр энэ талаар бодож тунгааж байна. Иймэрхүү экспедиц маш олон.

Эх сурвалж: "Зууны мэдээ"