Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Уур амьсгалын өөрчлөлт – Эрүүл мэнд” сэдэвт үндэсний дөрөвдүгээр симпозиумыг нээж үг хэлэхдээ юуны түрүүнд тус арга хэмжээнд идэвхтэй оролцсоор ирсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллага, бусад хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөгчдөд талархал илэрхийллээ.

Тэрбээр 21 дүгээр зууны нийгмийн эрүүл мэндийн томоохон сорилт болон тулгарч буй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор үүсэн бий болсон ундны усны хомсдол, түүний чанар, аюулгүй байдал, байгалийн гамшиг зэрэг хүн амын эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлэх өөрчлөлтүүд болон эрүүл мэндийн асуудлууд нь дэлхийн улс орнуудын Засгийн газруудыг бэлэн байдлаа хангах, хариу арга хэмжээг авах, дасан зохицох үндэсний чадавхиа бэхжүүлэхийг шаардаж байна хэмээн хэлэв.

Түүнчлэн Монгол орны хувьд байгалийн гамшиг үер ус, гал түймэр, цасан болон шороон шуурганд цөөнгүй хүн амь эрсдээд буйг дурдаж эрүүл мэндийн салбарт учирч болох эрсдлийг тооцох, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа ба энэ үйл ажиллагаа нь өнөөдрийн эрүүл мэндийн салбарын томоохон зорилтуудын нэг болж байгааг мөн хэлсэн байна.

Өнөөдрийн симпозиумд 20 гаруй байгууллагын 70 орчим төлөөлөгчид оролцож судалгаа, шинжилгээний үр дүнгээ хэлэлцэв.