С.УЯНГА

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас агаарын бохирдлын ид үеэр жирэмсэн болон бага насны хүүхэдтэй ээжүүдийг сувилалд амраах судалгаа хийжээ. Энэ талаар тус яамны дэд сайд С.Мөнгөнчимэгээс тодрууллаа.

-Утааны улиралд ээжүүдийг сувилалд амраах санал гарч байна. Энэ  талаар тодруулахгүй юу?

-Агаарын бохирдлын оргил үед хотоос зайдуу цэвэр агаарт байгаа сувиллын газруудад эмзэг бүлгийн эхчүүд, жирэмсэн болон бага насны хүүхэдтэй ээжүүдийг  амраах судалгааг манай яамнаас  гаргасан. Агаарын бохирдлын 1-4 дүгээр бүсэд амьдарч буй ээжүүдийг арванхоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 1 хүртэл 18 ээлжээр 29 сувиллын газарт амраах юм. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай гэрээлдэг эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан байгууллагуудтай хөнгөлөлтэй үнээр амраах, сувилах тооцоо судалгааг гаргасан.

-Төсвийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Нийтдээ 8.7 тэрбум төгрөг шаардлагатай байна. Одоогоор санхүүжилтын асуудал шийдэгдээгүй байна. Сангийн яаманд хүсэлтээ хүргүүлсэн.

-Хэдийнээс хэрэгжиж эхлэх боломжтой вэ. Ээжүүд хэрхэн хамрагдах вэ?

-Манай байгууллагад байдаг өрхийн мэдээллийн судалгаагаар 409-өөс доошхи оноотой ээжүүдийг бага насны хүүхэдтэй нь амраахаар тооцоолж байна.  Хүчин чадал бололцоогоогоо тооцож үзээд долоо хоног амраая гэсэн санал гарсан. Одоогоор санхүүжилт нь шийдэгдээгүй учраас яг хэдийнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: www.polit.mn