"Буэнос-Айрес-2018" залуучуудын олимпийн наадмын эхний өдрүүдэд манай баг, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Г.Тэмүүжин, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам нар мөнгөн медаль хүртээд байсан билээ.
Залуучуудын олимпийн наадмын нэгэн онцлог нь олон улсын холимог багийн төрлүүд зохиогддог билээ. 10 дугаар сарын 12-ны өдөр 10 метрийн хийн урт бууны олон улсын холимог багийн төрөлд Монголын тамирчин Э.Энхмаа, Унгар улсын тамирчин Залаан Пеклер нар нэг баг болон оролцож Алтан медаль хүртэв.
Аравдугаар сарын 13-ны өдөр зохиогдсон Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд манай тамирчин Т.Оюун-Эрдэнэ нь Мексик, Румын, Кубын тамирчдыг ялж , Хятадын тамирчинд хожигдон, хүрэл медалийн төлөө Нигерийн тамирчныг 15:4 оноогоор ялж, Залуучуудын олимпийн наадмын хүрэл медалийг хүртэв.
Харин эмэгтэйчүүдийн 43 кг-ын жинд барилдсан Б.Энхзул нь Египет, Молдов, Шинэ Зеландын тамирчдыг ялж, Энэтхэг, Азербайжаны тамирчдад ялагдан IV байрт шалгарав.
Аравдугаар сарын 13-ны өдөр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Монголын багийн штабд зочлож, баг тамирчдад баяр хүргэн хүндэтгэл үзүүлэв.
Монголын баг тамирчид аравдугаар сарын 23-ны өдөр 11:00 цагт эх орондоо хүрэлцэн ирнэ гэж МҮОХ-ноос мэдээллээ.