Б.НЯМСҮРЭН

 Нийслэлтай хаяа залгасан Төв аймгийнхан энэ жил ургац арвинтай намрыг үдэж байна гэсэн бэлгэтэй мэдээгээр Засаг дарга Ц.Энхбат биднийг угтлаа. Төв аймагт ажилласан манай сурважлах багийнхан Засаг дарга Ц.Энхбаттай өвлийн бэлтгэл, орон нутгийн сонгууль болон аймаг орон нутгийн хөгжлийн талаар хуучилсан юм.

-Намрын налгар өд­рүүд холдож өвлийн жавар хацар хайрах өдрүүд дө­хөж байна. Төв аймгийнхан маань өвлийн бэлтгэлээ хэр базаав?

-Энэ жилдээ манайх отор нүүдэл хийхээргүй байна. Өвөлдөө цас ихтэй, хавар нь хав­сар­гатай гэж урьдчилан анхааруулж байгаа учраас өвс тэжээлээ эртхэн бэлт­гээрэй гэж үүрэг өгсөн. Өвлийн бэлтгэл ерөн­хий­дөө бэлэн болсон.

-Ургац ихтэй сайхан жил болсон тухай нутгийн иргэд ам сайтай байна?

-Тийм шүү. Манай аймаг энэ жил ургац арвинтай сайхан намрыг угтлаа. Зөвхөн энэ жил ч гэлтгүй сүүлийн жилүүдэд манай аймаг улсдаа ургац хураалтаар тэргүүлж байгаа шүү дээ. Гэтэл Сэлэнгэд гэхэд “Атрын гуравдугаар аяныг хэрэгжүүлэгч” батламж,  Дархан-Уулд Хөдөлмөрийн гавьяаны одонг нь өгчихөөд манай аймгийг тойроод байдаг болж. Манайд болж байгаа томоохон ажлуудаас УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь бас тойрдог болчихлоо.  Манайх нэг л бүс нутаг нь шүү дээ. Гэтэл Их хурлын дарга Булган руу гараад Дархан, Сэлэнгээр тойроод ирлээ. Ерөнхий сайд манайхаар бас л дайралгүй шууд Сэлэнгэ явчих жишээтэй. Адилхан л ард түмэн баймаар юм.

-Яагаад дарга нар тойроод байдаг юм бол?

-Сонгуульд ялагдчихсан гээд л тэр шүү дээ. Уг нь нэг л улсын аймаг болохоор төр засгийн дэмжлэг жигд л байх ёстой баймаар. Ямар сайндаа ард иргэд маань ч анзаардаг болж. “Яагаад биднийг дэмждэггүй юм, хийж байгаа ажлыг минь үнэлдэггүй юм бэ” гэж бухимдах хүмүүс олон байна.

-2012 он шувтрах дөхөж байна. Энэ жилийн төлөвлөсөн ажлуудаа хэр нугалж амжив?

-Манай аймгийн сүүлийн дөрвөн жилийн ажил төлөвлөж, зорьсноосоо дандаа давж биелдэг болсон. 2008 онд манай аймаг 26,4 мянган тонн  үр тариа хурааж авдаг байлаа. Энэ тоог  хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн зорилго бүрэн биелсэн. Одоо 107 мянган тонн үр тариа хурааж авч байна. Аймгийнхаа 90 жилийн түүхэнд хамгийн ихдээ 68,9 мянган тонн  төмс хурааж авч байсан. Энэ жил 95,9 мянган тонн төмс хурааж авлаа. Энэ бол манай аймгийн бахархал.

Би “Та нар салбартаа эхний таван байрт орж чадахгүй бол энэ байгууллагын дарга хийгээд яахав” гэж салбар хариуцсан дарга нартаа хэлдэг юм. Нийгмийн  халамж, эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа гээд манай бүх л салбарын ажил ерөнхийдөө гайгүй шүү. Ихэнх нь улсад тэргүүлж байна.

Манай аймгийн ачааны хүндийг үүрч байгаа гол салбар хөдөө аж ахуй шүү дээ. Тэр дундаа мал аж ахуй, газар тариалангийн үйлвэрлэл гайгүй яваад байвал дажгүй сайн. Зуд турхан болоод байвал   малчид маань жаахан гонсгорхон байна. 2009-2010 оны зун бид 780 гаруй мянган малаа зуданд алдсан. Тэр зудны өмнөх жил улсын тооллогоор түүхэндээ анх удаа 3,2 сая малтай болчихсон байсан. Одоо бид алдсан малаа бараг нөхөж байна. 2004-2008 онд манай аймгийн мал хамгийн их өсөлттэй байсан. Малчид иргэд маань ч их ойлгодог болчихож. Мянгат малчин гэж ханхалзаад байхаасаа илүү малынхаа чанарт анхааръя, үржлийн малаа илүү өсгөе гэдэг болсон байна.  Сүүлийн жилүүдэд бид  мал аж ахуйгаас гадна жижиг дунд үйлдвэрийн салбарыг бодлогоор дэмжиж байгаа. Аймгийн хэмжээнд 272 жижиг дунд үйлдвэр ажиллаж байна. Тэд маань эхэндээ ижил төрлийн бүтээгдэхүүн хийгээд  хоорондоо өрсөлдөөд байдаг байсан бол одоо тэр нь харьцангуй багасчихсан. Өөр өөр салбарт ажиллаж байна. Зарим нь мал аж ахуйн тоног төхөөрөмж хийдэг байхад зарим нь тоосго, барилгын материал, төмөр ган  үйлдвэрлэх гэх мэтээр олон ажил хийж байна. Сүүлийн үед хүмүүс тулга их сонирхдог болж. Манайд төмрөөр сайхан ур хийдэг хүн байдаг юм. Энэ жил тэр хүнд 70 гаруй  тулга захиалсан гэж байна. Хүнд хэрэгцээтэй юмыг нь хийж чадаж л байвал зах зээл байна гэдгийг харуулж байгаа биз.

Мал аж ахуйн хувьд нэг гол асуудал нь эрчимжүүлэлтийн асуудал. Манайд одоогоор 304 фермер ажиллаж байгаагийн олонх нь сүүний чиглэлийнх. Гэхдээ нэг бодмоор зүйл бий. Үнээний сүү уснаас хямд болчихож. Савласан ус 300-400 төгрөг байхад литр сүү 700 төгрөг. Зундаа бол бүр 600 төгрөг болчихно. Энэ нь малчдын нуруунд жаахан ачаа нэмдэг юм шиг байгаа юм.Төв аймаг Улаанбаатартай хамгийн ойрхон, нийслэлийн мах, сүүний хэрэгцээг ихэнхийг хангасаар ирсэн. Одоо ч тэр үүргээ биелүүлсээр явна.

-Монгол Улсын 21 аймгийг эрэмбэлвэл Төв аймаг ер нь хаахна явна гэж та боддог вэ?

-Би өөрийнхөө аймгийг бусадтай жишиж чадахгүй шүү дээ. Гэхдээ би төвийн бүсийн аймгуудын зөвлөлийн даргаар хэдэн жил ажилласан. Тэр хугацаандаа төвийн бүсийн долоон аймгийн ажлыг ерөнхийд нь мэднэ. Засгийн газар жил бүр аймгуудын үйл ажилла­гааг дүгнэж цэгнэдэг.  Энэ үнэлгээгээр бид сүүлийн хоёр жилд улсдаа тэргүүлсэн.  Нэг удаа дэд байрт орсон, 2008 оны ажлаар гуравдугаарт орж байлаа. Намайг Засаг даргаар ажилласан найман жилд манайх таваас хойш байрт орж үзээгүй. Болгоё бүтээе гэвэл арга нь олдоод л байдаг гэдэг энэ юм болов уу гэж боддог юм. Нөгөө талаар манай аймаг байнгын хөдөлгөөнд байна. Нийслэлтэй хамгийн ойр, их хөлийн газар, зам дээр учраас хийе бүтээе, амьдаръя гэсэн  хүмүүс хөдөлмөрлөөд үр шимийг нь хангалттай хүртэх боломжтой. Налайгаад суугаад байвал Өмнөговь, Дундговь шиг налайгаад л баймаар. Манайхан мөнхийн хөдөлгөөнд байдаг шиг зүгээр суугаад налайгаад суугаад байхыг боддоггүй. Өмнөө тавьсан зорилготой, хийе гэж зорьсон ажлаа заавал хийдэг, зөв сэтгэлтэй. Тийм хүмүүсийг хөтөлж явахад ч амар юм. Дөрвөн жилийн хугацаанд манайх 6000 ажлын байр бий болгоё гэж тооцсон. 8357 ажлын байр шинээр бий боллоо гэж есдүгээр сарын статистикаар гарсан. Манай аймаг, ажилгүйдлийн төвшнөөр хамгийн гайгүй, эерэг гардаг юм. Хуучны үзүүлэлтээр улсын дундаж 3,3 хувьтай байхад манайх 1,7-той л гардаг байсан.

-Ажилгүйдлийн төвшин бага байгаагийн хэрээр хүмүүсийн амьдрал ахуй хэр дээшлэв?

-Иргэдийн амьдрал ахуй эрс сайжирсан. Манай аймагт үгээгүй ядуу хүн байхгүй шүү. Төр засгийн авч хэрэгжүүлсэн бодлогын ач байна, хөдөлмөрч ард түмний маань хүч ч байна. Аль аль нь л бий. Тэнэмэл хүүхэд байна уу гэхээр манайд харагддаггүй юм. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт тэнэмэл хүн байвал аль нэг газар очиж мал маллаж ажил хийнэ. Нэг давуу тал нь бусад аймгаас түрүүлээд дэд бүтэцтэй болчихно. Ядаж л гар утасны сүлжээнд гэхэд манай аймгийнхан хамгийн түрүүнд холбогдоно. Одоо G mobile-ийн утас хэрэглэдэггүй, машинаар малдаа явдаггүй малчин гэж алга. Малаа мотоцикл, машинаар хариулж байна. Ихэнх нь гэртээ суурин утас тавиулчихсан. Тэгэхийн тулд нарны зай цэнэглэгч, батерей, антенн авна. Тэдгээрийг авахын тулд бас л нэлээд мөнгө зарцуулна даа. Гэхдээ л өнөөдөр гадна антеннгүй, машингүй айл гэж алга. Малчин өрхийн 83,2 хувь нь телевиз үзэж байна. Энэ бол том үзүүлэлт шүү.  Ингээд үзэхээр хүмүүсийн амьжиргаа гайгүй дээшилсэн нь мэдрэгдэж байгаа.

-Та найман жилийн өмнө тухайн үедээ хамгийн залуу Засаг дарга нарын нэг болж, ажлаа хүлээж авч байсан гэдэг. Тэр үеийн Төв аймгийг одоогийнхтой харьцуулахад хэр өөрчлөгдсөн байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнээд үзэхэд ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

-Найман жилийн өмнө хэцүү байсан. Тэр үед цөлжилт нүүрлэчихсэн, хүмүүсийн амнаас цөлжилт, ажилгүйдэл, ядуурал гэдэг үг л гардаг байлаа. Хөрөнгө мөнгө дутуу, яаж мөнгө босгох вэ, яаж иргэд олон түмэндээ зөв ойлгуулах вэ гэдэг толгойн өвчин байлаа. Газар тариалангийн үйлдвэрлэл бүр уначихсан. 2008 онд  бид 26,7 мянган тонн үр тариа авч байлаа. Гэтэл 2004 онд арван мянган тонн ч үр тариа авч чаддаггүй байсан. Ялангуяа Сангийн аж ахуй байсан сумын иргэдийн амьдрал хүнд байлаа. Хамаг  байдгаа барьцаанд тавиад тариа тарьчихсан, хоёр жил дарааллаад ургацаа алдчихаад нэг хэсэг хүндэрсэн дээ. Одоо бол бид ямар ч ажлыг хийхэд болохоор болж. Манай газар тариалангийнхан ч хөдөлмөрийнхөө үр шимийг хангалттай хүртэж байгаа. “Хаммер”, “Ланд-200”, “Лексус” л унаж байна. Жилд тэрбум төгрөг олж байгаа хүмүүс тийм машин уналгүй ч яах вэ. Өнөөдөр гэхэд тэмээний хорголон чинээ төмсийг тоохгүй хаядаг болж.  Хийсэн ажлын хувьд, 2000 оны эхээр “Алт” хөтөлбөр хэрэгжиж  эхлэхэд манай аймаг хамгийн түрүүнд нэрвэгдэж, баларсан. 2004 онд гэхэд аймгийн нутаг дэвсгэрийн 37,8 хувь нь уул уурхайн лизензтэй болчихсон байсан. Одоо бол манай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 8,9 хувьд л уул уурхайн үйлдвэрлэл явуулж байна. Лиценз зөвшөөрөл ч багассан. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нинжа нартай их ч тэмцсэн. 2000 оны эхээр бид 9000 гаруй нинжа нарыг нүүлгэн шилжүүлдэг, гэрийг нь буулгадаг байлаа. Нинжа нар ч өөдөөс тэмцэнэ. Зарим нь дугуй шатааж бидний өөдөөс өнхрүүлдэг байсан. Одоо бол тийм биш. Гэхдээ хариуцлагагүй хүмүүс зөндөө.  Урт нэртэй хууль хэрэгжиж эхэлснээр ихэнх нь ер нь цэгцэрсэн дээ.

-Танай аймаг улсын төсөвт хэр их хөрөнгө төвлөрүүлж байна. Орон нутаг өөрсдөө төсвөө зарцуулахаар болвол бүтээн байгуулалт нэмэгдэх боломжтой юу?

-Манай аймгийн хувьд нэг том асуудал бол хараат байдал. 2000 он гарах гэж байхад манай аймаг хамгийн түрүүнд  “Алт” хөтөлбөр эхлүүлж, ямар нэг байдлаар өөрсдийгөө санхүүжүүлж чаддаг байсан. Гэтэл тухайн үед манайх шиг аймаг ховор байсан. Гэтэл орон нутгийн орлогын ихэнхийг улсад төвлөрүүлдэг болгоод, олж авахад хэцүү жижиг орлогуудыг орон нутагт нь үлдээсэн. Тэр утгаараа яаж ч олсон бусад аймагтай ижил төсөвтэй байлаа. Одоогоор бид 1,8 орчим тэрбум төгрөг улсад өгч байгаа. Харин аймгийн гол орлого ашигт малтмалын нөөцийн төлбөрөөс бүрдэх болж байгаа юм. 2010 онд алтны компаниуд авсан алтаа тушаахгүйгээр банкинд барьцаа тавиад, зээл аваад алтаа борлуулахгүй байснаас болоод нөөц бүрдэхгүй, аймгийн төсөв гурван тэрбум орчим төгрөгөөр дутаж байлаа. Энийг л би хараат гээд байгаа юм.  Бүтээн байгуулалтын маш олон ажил хийх ёстой. Өнгөрсөн  дөрвөн жилд 72 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийсний 24 орчим хувь нь хувийн хөрөнгө оруулалтынх. Энэ жил гэхэд аймгийн замыг шинэчилж тавихаас эхлээд хөрөнгө оруулалт их шаардагдаж байгаа. Энэ жилдээ бид шинэ замаа хийх ёстой. Гэтэл мөнгө нь таг. Ямар сайндаа манай Су.Батболд гишүүн “Сайд дарга нартай зарим аймагт нь 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байна. Гэтэл манайд есхөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байна. 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа дөрвөн аймгийн нэгийг яагаад орхичихов оо” гэж чуулганы хуралдааны үеэр ч асууж байсан.

-Удахгүй орон нутгийн сонгууль болно. Та шинэ батлагдсан хуулийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Орон нутгийг маш их  улс төржүүлсэн сонгуулийн хууль боллоо гэж харж байгаа. Яг ижил төвшний хүмүүс нэр дэвших гэж байхад  зарим нь квот , намын лист гэдгээр шууд орчихож болж байна. Энэ бол Үндсэн хуульд заасан “хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх”  тухай заалтыг зөрчиж байгаа юм шиг харагдаж байгаа.  Орон нутагт квотоор есөн хүн дэвшинэ гэсэн. Бусад аймгийг харж байхад намын дарга байсан хүмүүс нь өөрийгөө болон хэдэн тойрон хүрээлэгчдээ жагсаалтад оруулчихсан, дархалчихсан байх жишээтэй.  Бас тойрогт  өрсөлдөөд ялагдах юм бол гулсаад квотод орж болно гэнэ. Тэрийг нь орон нутгийн сонгууль дээр туршиж үзэж тэнэглэж байгаа байхгүй юу. Өвлийн ийм хүйтэн эхэлчихээд байхад  яаж ч ирцээ бүрдүүлэх юм бол бүү мэд. Өмнө нь зургадугаар сард Их хурлын сонгууль болоод, есдүгээр сарын сүүлчээр орон нутгийн сонгууль болчихдог л байсан.

-Та жагсаалтыг эсэр­гүү­цэж байгаа болохоор өөрөө жагсаалтад орохгүй гэсэн үг үү?

-Би жагсаалтад орохгүй.  Шууд өрсөлдөнө. Би аймгийнхаа квотод намын нэр нүүр болох, аймаг орон нутгийн нэр нүүр болох хүмүүсээ оруулсан. Хөдөлмөрийн баатар, саальчин, худалдагч, улсын сайн малчин, цорж лам, эмч гэх мэтээр дандаа жирийн хүмүүс манай жагсаалтад багтсан. Нэг ч улс төрч хүн ороогүй. Аймаг, суманд ийм хууль гаргаж байгаа нь буруу л баймаар. Орон нутагт улам л улс төржилт ихэснэ, жалга довны үзэл гаарна.

-Танай аймаг хэзээнээсээ “улаан” гэгддэг. Ардчилсан сонгуулиас хойш таван удаа сонгууль явуулахад үргэлж Ардын намынхныг дэмжсээр ирсэн. Үүний гол шалтгаан нь юу гэж боддог вэ?

-Төв аймагт хамгийн гуйвж, дайвдаггүй, төлөв төвшин сонгогчид байдаг болов уу гэж итгэдэг юм. Ховдыг олон ястны өлгий нутаг л гэдэг. Манайх жинхэнэ утгаараа олон ястны өлгий шүү дээ. Урианхай, торгууд, казах, буриад, баяд, барга гээд бүгд л манай аймагт бий. Харин ч ийм олон ястан байгаа гэхэд бусад аймгаас илүү төлөвшчихсөн байдгаар нь би бахархдаг юм. Орон нутгийн онцлог байдаг юм болов уу. Хэдэн жилийн өмнө хүүхдийн мөнгө тараана гэхэд Баян-Өлгийнхөн тэр чигээрээ ардчиллыг сонгож байсан шиг явдал Төв аймагт хэзээ ч гарахгүй гэж би боддог юм.

 Ардчилсан сонгууль болж эхэлснээс хойш манай аймагт МАН дангаараа эрх барьж ирсэн. Мөрийн хөтөлбөрөө аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө боловсруулаад түүнийгээ хэрэгжүүлж чаддаг байвал иргэд олон түмэн ч итгэл хүлээлгэдэг юм байна гэж би боддог. Түүнээс биш янз янзын улс төрийн нөхцөл байдалд дээгүүрх хүмүүс нь сольж халагдаад явсан бол ямар ч байх юм билээ. Нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаа тогтвортой  байвал түүний үр шим нь иргэд олон түмэнд л наалддаг юм байна.