Эрүүл мэндийн байгууллагаас хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг аюулгүй орчинд үзүүлэх нөхцөлийг хангах зорилгоор ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын эзэмшиж буй газрын тооллого, судалгааг хийх Эрүүл мэндийн сайдын 2012 оны 349 тоот тушаал гарч, дээрх ажлыг энэ сарын 26-аас эхлүүлээд явж байна.
Эрүүл мэндийн байгууллагуудын эзэмшлийн газрын баталгаажилтыг мөрдөхгүй байгаагаас, барилга барих зөвшөөрөл олгодог, түргэн тусламжийн автомашин нэвтрэх замыг хаасан, авто зогсоол байхгүй зэрэг зөрчил бий болсноос хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аюулгүй орчин, нөхцөлд үзүүлэх боломж алдагдаж, эмнэлгийн тусламжийг цаг хугацаанд нь үзүүлж чадахгүйд хүрч байна.
Тиймээс Эрүүл мэндийн сайд Н.Удвал салбартаа тулгамдаж буй, нийслэлээс зохицуулах шаардлагатай байгаа эзэмшил газартай холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1а/3055 тоот, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1а/3204 тоот албан бичиг хүргүүлж, уулзах гэсэн боловч уулзаж чадахгүй байна.
Нөхцөл байдал хүнд байгаа тул газрын зөрчил, маргаан болон эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх саналыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2012 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэв.
Тооллогын нэгдсэн дүнг 2012 оны 11 дүгээр сарын 02-ны дотор ЭМЯ авч хэлэлцээд, цаашид зөрчил, дутагдлыг арилгах чиглэлээр тодорхой саналыг уг байнгын хороонд дахин хүргүүлэх аж.