Д.ЭНХЭЭ
АНУ-д баривчлагдсан орос бүсгүй Мария Бутина дадлага хийж байсан болохоос биш манай ажилтан байгаагүй хэмээн Малайзын Asia Pacific Top Level Domain Association (APTLD) байгууллага мэдэгдсэнийг “РИА Новости” уламжилжээ.
2017 оны арван хоёрдугаар сард Вашингтон дахь Оросын соёлын төвд болсон “Doing Business with the Eurasian Economic Union Conference”-ийн хөтөлбөрт тэмдэглэгдсэнээр Бутина Малайзын байгууллагын нэрийн өмнөөс оролцож үг хэлж байжээ.
Домен нэрийн жагсаалт үйлддэг APTLD-ээс “РИА Новости”-д ирүүлсэн мэдэгдэлд өгүүлснээр дадлагын дараа тус байгууллага Бутинатай ямар ч холбоо харилцаагүй байсан гэнэ.
“2017 оны тавдугаар сараас наймдугаар сарын хооронд Мария Бутина APTLD-д дадлага хийсэн. Вашингтон дахь Америкийн их сургуульд суралцаж байгаа ОХУ-ын иргэн Мария Бутинагийн дадлагын ажлыг зохион байгуулах хүсэлт манай байгууллагад ирсэн” хэмээн тус мэдэгдэлд өгүүлжээ.
“WhatsApp-аар хийсэн ярилцлагын дараа Бутинад “Кибер аюулгүй байдлын глобал асуудал”-аар товч илтгэл бэлтгэх, мөн Тбилисид болох (2017 оны есдүгээр сарын 14-15-нд болсон) APTLD-72 бага хуралд тавих алсын зайн танилцуулга бэлтгэх хоёр даалгавар бүхий мэргэшил дээшлүүлэх дадлага хийх саналыг тавьсан” хэмээн мэдэгдэлд тэмдэглэжээ.
“Үүнээс хойш APTLD байгууллага хатагтай Бутинатай ямар ч холбоо харилцаа байгаагүй” тухайгаа их сургуульд явуулсан дадлага хийсэн тухай тодорхойлолтдоо дурдсаныг тус байгууллага мэдээлжээ.
АНУ- ын Шүүх яаманд бүртгүүлэлгүйгээр гадаад улсын Засгийн газрын агентаар ажиллах зорилгоор үгсэн хуйвалдсан, улмаар агентаар ажилласан хэмээн Бутинаг буруутгаж байгаа билээ. Энэ бол тагнуулын гэмт хэрэгтэй холбоотой стандарт буруутгал. Орос бүсгүйд оноож байгаа нийт ялын дүгнэлтээр түүнд 15 жил шоронд хоригдох аюул нүүрлэж байна. Бутина өөрийгөө гэм буруугүй гэдгээ шүүхэд мэдүүлсэн.
ОХУ, АНУ-ын лидерүүд Владимир Путин, Дональд Трамп нарын Хельсинкт хийх уулзалтын өмнөхөн Бутинаг баривчилсан нь уулзалтаас гарах нааштай үр дүнг аль болохуйц багасгах зорилгоор маш богино хугацаанд хийсэн үйлдэл хэмээн ОХУ-ын ГЯЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова өмнө нь мэдээлсэн. Захаровагийн хэлснээр Холбооны мөрдөх товчоо улс төрийн захиалга биелүүлсэн гэх сэтгэгдэл төрж байгаа бөгөөд орос бүсгүйг буруутгах ямар ч баримт нотолгоо байхгүй ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин