Ч.ҮЛ-ОЛДОХ
МАХН-ын нарийн бичгийн дарга, намын даргын ажлын албаны дарга У.Барсболдтой ярилцлаа.
-Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхтэй холбоотой МАХН,МАН-ын хооронд маргаан үүсч, хэд хэдэн газар шүүхэд хандсан гэсэн. Гэтэл хоёр нам нэгдэх гэж байгаа гэх яриа хөдөө орон нутагт гараад байх юм. Юу болоод байгаа талаар тодруулахгүй юу?
-Ардын нам олон мянган гишүүнчлэлтэй. Тэгэхдээ асуудлын утга учир тоонд бус чанарт байх ёстой. Мөн баримталж байгаа чиглэлд байх ёстой. МАХН-ын хувьд илүү цаг үе рүүгээ харсан, шударга зүйлийн төлөө явж, олон түмний дэмжлэгийг авсан нам.
Тиймээс өнөөдөр МАН-аас МАХН-д гишүүнчлэлээ сэргээж орж ирж байгаа хүн олон байна. МАХН-ын гишүүнчлэл маш их нэмэгдэж байна. Энэ байдал орон нутгийн сонгуулиар нэлээд харагдлаа. Манай намаас нэр дэвшсэн хүмүүсийг Ардын намынхан “Манай намын гишүүн, намаасаа гараагүй” гэж бичиг өгөөд татуулаад байдаг. Энэ юуг харуулж байна гэхээр Ардын намын найз нөхөд маань биднээс айгаад байгаа юм болов уу. Улс төрийн дэвжээн дээр шударгаар үзэлцэхийн оронд цаагуур нь тойрч гарах санаатай юм шиг. Яавал биднийг шударга өрсөлдөхгүйгээр унагах вэ гэсэн байдлаар хандаад байна. Түүний оронд шударгаар өрсөлдөх хэрэгтэй шүү дээ. Улс төрийн нам олон түмнийхээ дунд бодлогоо ярьж, түүнээс нь ард түмэн хэнийг сонгохоо шийддэг. Тэр намын гишүүн, энэ намын гишүүн гэх нь гол биш. Түүнээс гадна нэг зүйлийг хэлэхэд, нам бус иргэд манай намд олноор элсч байгаа. Иргэдийн хөдөлгөөнүүд ч бий. Хамгийн сүүлд л гэхэд 18 хөдөлгөөн орж ирж “Ард түмний хуралдай”-г хамтран зохион байгуулж байна. Тэдний цаана олон ТББ, хөдөлгөөн байгаа. Тэд бүгд манай намтай хамтарч ажиллаж байна. Тэглээ гээд тэд манай намын гишүүд болчихгүй. Гэхдээ тодорхой асуудлуудаар манай намыг дэмжиж, хамтарч ажиллаж байна. Бид ч зөвхөн намын гишүүдийг дэмжих бодлого бас баримтлаагүй. Нам бус бүх хүнтэй хамтарч ажиллана. Ер нь улс төрийн намууд жаахан явцуурхах гээд байдаг шүү дээ. “Та манай намын гишүүн мөн үү” гэж асуудаг. “Биш” гэвэл ярвайх гээд. Тухайн хүн улс төрийн намын гишүүн биш байснаараа дэмжлэг авахгүй байж болохгүй шүү дээ. Улс төрийн нам асуудлыг өргөн хүрээнд авч үзэж, сонгогч олон түмэнтэйгээ ажиллах болохоос зөвхөн гишүүдээ дэмжих биш юм.
-Хоёр нам нэгдэх гэж байгаа гэсэн яриа ямар учраас гарах болов. Ардын намын зүгээс ил далд хандаж, хадаг сүү барьсан юм биш биз?
-Ардын намын удирдлагуудын зүгээс тийм хүсэлт яриа байгаа юм шиг. Манай намын олон мянган гишүүд саналаа хэлэхдээ “Тэгж ч амархан нэгдчихгүй шүү” гэдэг. Яагаад гэвэл түүний цаана зарчим бий. Ардын нам хуучин арга барилаараа, хуучин зарчмаараа ажиллавал бид нэгдэж болохгүй. Тиймээс бид намын гишүүдийнхээ саналыг хүндэтгэнэ. Зарчим, үйл ажиллагааны чиглэл нь өөрчлөгдөж байгаа нөхцөлд бид асуудлыг ярьж болохоос биш өнөө, маргаашдаа нэгдэх ойлголт байхгүй. Тэр бол орон нутгийн сонгуулиар Ардын намынхны гаргаж буй заль юм уу даа. Дээгүүрээ нэгдэх гэж байгаа мэт дүр гаргаад доогуураа орон нутгийн сонгуульд манайхыг ’’унтуулчихаад’’ ардаа орхиж, хурдан алхаад гарчих санаатай байх шиг. Тийм зүйл байж таарахгүй. Бид МАН-тай нэгдэхгүй, орон нутгийн сонгуульд хамтрахгүй. Нэгдэх асуудал байж гэмээ нь нэлээд ултай хандаж, Ардын нам үйл ажиллагааны чиглэл, арга барилаа өөрчилсөн нөхцөлд ярьж болох юм. Энэ ойрын нэг, хоёр жилийн асуудал биш.
-Тэгвэл удахгүй болох МАХН-ын ээлжит Бага хурал, Ард түмний шударга их хуралдайгаар юу хэлэлцэх вэ?
-Их хуралдайд бүх аймаг, сум, дүүрэг хорооноос ирэх төлөөлөгчид үгээ хэлнэ. Нэг ёсондоо шударга түмний индэр болно. Шударга ард түмэн ирж үгээ хэлэг. Тэдний өмнө юу тулгамдаж байна. Сум, баг, хороо, дүүрэгт нь нөхцөл байдал ямар байгааг яриг. Бид тийм л зорилт тавьж байгаа. Үүгээрээ ч бид бусад улс төрийн хүчнээс бодлого, үйл ажиллагаа, арга барилын хувьд өөр. Тухайлбал, Ард түмний шударга их хуралдайгаар асуудлыг нээлттэй яриулсны эцэст олон түмний дэмжлэгийг авсан томоохон ажлууд санаачилж, зохион байгуулна. Түүнээс биш шүүмжлэх, ярих нь гол биш. Бид төр, түмний эсрэг юм ярих гээгүй. Гол нь олон түмний санаа, сэтгэлийг зовоож байгаа асуудлуудыг гаргаж, түүнийг шийдэх арга замыг олохын тулд төр, засагт хандаж уриалга гаргана. Энэ л гол асуудал. Өнөөдрийн нийгэмд ийм зүйл дутагдаж байна шүү дээ. Ингэж байж бид ард түмэнтэйгээ илүү ойр байна.
- “Шударга ёс” эвсэлд багтсан МАХН, МҮАН-ын бүлгийг задрах гэж байгаа гэлцэх юм. Мөн УИХ-ын гишүүн Ц.Цолмон МАХН-д орсныг зарим нь шүүмжилж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Эвслийг салаасай гэж хүсч байгаа хүн олон байгаа. Тэд салчихвал, Ардын нам орон зайг нь эзэлнэ. Ардын нам, Ардчилсан намтай эвсэнэ гэж бодож, тэгж тооцож, хүсч байгаа хүн зөндөө бий. Гэхдээ улс төрийн амьдралд гарч буй өөрчлөлт хэн нэгний хүслээр болдоггүй. Өөрийн зүй тогтлоор явагддаг. Тиймээс эвсэл тийм амархан задарчихгүй. Ц.Цолмон гишүүний МАХН-д орсон нь хувь хүний зүгээс гаргасан шийдвэр атлаа үнэлүүлштэй алхам. Нөгөө талаас, эвслийг улам эв нэгдэлтэй болгох нэлээн том алхам гэж үзэж байна. Хоёр намын гишүүд нэг нэгэн рүүгээ орж, намын хайрцагт орохгүйгээр улс төрийн сонголтоо чөлөөтэй хийж байгаа нь эвслийн хооронд бүрэн ойлголцол, бие биеэ дэмжсэн эвсэг уур амьсгал байгааг харуулж байгаа.
-Засгийн газар байгуулагдаад удаагүй байна. Гэхдээ мөрийн хөтөлбөрөө тодорхойлоод ажлаа эхэлсэн. Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны эхлэлийг танай нам юу гэж дүгнэж байгаа вэ?
-Эхлэл муугүй байна гэж харж байгаа шүү. Ажил явж эхэлж байна. Манай намаас томилогдсон сайд нар ажил аваад дөнгөж хоёрхон сар болж байна. Хоёр сарын дотор их үр дүн хүлээх боломжгүй. Тиймээс том хүлээлт урт хугацаанд байх ёстой. Ажил үр дүнтэй байхад орон нутгийн улирдлагуудын оролцоо, зохион байгуулалт чухал. Иймээс одоо болох орон нутгийн сонгууль ихээхэн ач холбогдолтой. Том, жижиг хүлээлтэд хугацаа нь арай эрт байна. Орон нутгийн сонгуулийн дараа эхний үр дүнгүүд гарч эхлэх байх. Тухайлбал, Улаанбаатар хотод тодорхой хэмжээгээр нааштай өөрчлөлтүүд гарч байна. Эхний оролдлогуудаас харахад замын түгжрэлд авсан арга хэмжээ зэрэг алхмууд хийгдлээ. Юм хийх гэж байгаа нь харагдаж байна. Орон нутгийн сонгуулийн дараа энэ бүгд бүх аймаг, сум, хороо, дүүрэгт бий болж эхэлбэл улс орон даяар нэлээд том өөрчлөлт гарах нь гэж ойлгож болох юм.
-Орон нутгийн сонгууль гэснээс МАХН-аас УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшсэн эрхмүүд бүгд тангарагаа өргөөд, УИХ-ын гишүүн болчихлоо. Үлдсэн нэг мандат хэнийх вэ. Хэзээ тангараг өргөх бол гэсэн хүлээлт байна?
-Өөрийн хувийн байр суурийг ний нуугүй илэрхийлэхэд, тэр бол Н.Энхбаяр даргад ногдох ёстой суудал. Тэр хүнд ногдох ёстой гэдгийг манай нам, эвсэл зарлах л ёстой. Тэр хүний сонгуульд оруулсан хувь нэмэр, нэр нөлөө, эргэн тойронд нь болсон үйл явдлын сурталчилгаа ихээхэн үүрэг гүйцэтгэсэн шүү дээ. Тиймээс би хувьдаа үлдсэн нэг суудлыг Н.Энхбаяр даргад ногдох ёстой гэж үзэж байгаа.
-Н.Энхбаяр даргад шүүхээс холбогдуулж буй асуудал эцэслэгдээгүй байна. Энэ асуудалд МАХН-ын байр суурь тодорхой байгаа байх. Цаашид ямар бодлогыг тодорхойлж байна вэ?
-Бид Н.Энхбаяр даргын эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын талаар байнга мэдэгдэл хийж байгаа. Намын удирдлагууд ч байнга ярьж байна. Одоо Ард түмний шударга их хуралдайгаар ярина. Цаашид энэ асуудал манай намын ярих гол асуудал байх болно. Энэ бол үнэхээр чухал асуудал. МАХН намынхаа даргыг орхичихоод цаашаа явна гэсэн ойлголт байхгүй. Тэр хүний асуудал үнэн зөв шийдэгдэх ёстой. Тэгж байж манай намын хөгжил дэвшил, дараагийн томоохон асуудлууд урагшаа явна.
-Бие, эрүүл мэндийнх нь байдал ямар байгаа бол. Намынх нь нөхдийг уулзуулж байгаа юу?
-Бид шүүхэд хүсэлт гаргаж даргатайгаа уулзаж байгаа. Намынхаа ажлыг ярих , зөвлөх хэрэг байнга гарч байна. Намын дүрэмд намын даргын бүрэн эрхээр хариуцах асуудлууд байдаг. Түүнийг хэн ч өмнөөс нь хийж, хэлж болохгүй. Тиймээс намын даргын хувьд танилцуулах асуудлууд байна. Ярилцаж, заавар зөвлөгөө авах ч зүйлүүд их байна. Биеийнх нь байдлын хувьд тааруухан байгаа. Өлсгөлөнгийн үеэс үүсч эсийн хэмжээнд хүрсэн хордлого, өөрчлөлтүүд бий. Тэр нь тийм ч амар эмчлэгдэхгүйг бид ойлгож байгаа.
-Хүний эрхийн үндэсний комиссоос Н.Энхбаярыг шударга тэмцэгчийнх нь хувьд НҮБ-д мэдээлэхээ мэдэгдсэн. Олон улсын зүгээс манай улсыг хүний эрхийг зөрчиж байна гэж анхааруулсан зүйлүүд ч бий. Сүүлчийн шат буюу дээд шүүхийн төвшинд асуудал шударгаар шийдвэрлэгдэх болов уу. Та юу гэж үзэж байна?
-Бид Улсын Дээд шүүхэд ихээхэн итгэж байгаа. Улсын Дээд шүүх энэ асуудалд эцсийн шийдвэр гаргах эрх бүхий төрийн байгууллага. Үнэн зөв, хараат бус шийдвэр гаргаасай гэж хүсч, хүлээж байна.
-Одоо асуултаа жаахан өөрчилье. МАХН нэрээ сэргээж өлсгөлөн, жагсаал, тэмцэл хийж байхад та хаана байв. Тухайн үед ямар байр суурьтай байсан бэ?
-Нэрээ сольсон МАХН-ын XXVI Их хурал хүртэл нарийн бичгийн даргын албыг хашиж байгаад тэр хурлаар чөлөөлөгдсөн. Сүүлийн хоёр жил орчим тодорхой ажил эрхлээгүй. Харин “Улаан сарнай хөгжил” хөдөлгөөний тэргүүний хувьд ТББ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. МАХН-ын түр штаб байгуулагдаж, нэрээ сэргээх гэж байхад би Ардын намд намын нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Намынхаа нэрийг сэргээх гэж байгааг нь дэмжиж байсан. Тэр үед одоогийн МАХН-ынхан надтай уулзаж байсан. Тэгэхэд би “Та бүхний зорьж байгаа зүйл зөв, намынхаа нэрийг сэргээж, шинээр байгуулах нь зөв. Бид та бүхэнтэй хамтарч ажиллана, дэмжинэ” гэж хэлж байсан.
-Тэгэхээр та намын нэр солихын эсрэг байсан байх нь ээ?
-Энэ тэр үеийн асуудал л даа. Намын нэр солихыг анхан шатны олон үүрүүд дэмжээгүй юм. Анхан шатанд дэмжээгүй тэр хурлуудад би өөрөө очиж оролцсон юм шүү дээ. Тэр асуудлыг хэлэлцсэн намын үүрийн гишүүдийн 70-80 хувь нь нэр солихыг дэмжээгүй. Тиймээс нэг зүйлийг зориуд хэлэхэд, өнөөдрийн үүссэн нөхцөл байдал, Ардын намын ялагдалд жирийн гишүүд нь огт буруугүй.
Тэд XXVI Их хурлын үеэр үгээ хэлж, намынхаа нэрийг сольж болохгүй гээд тамгалсан. Бараг үүр болгон дээр тэгж тамгалсан шүү дээ. Ганц хоёр үүр л дэмжсэн шийдвэр гаргасан. Үүнийг намын гишүүд нь өөрсдөө бүгд мэдэж байгаа. Өнөөдөр УИХ-ын сонгуульд Ардын намын ялагдсан нөхцөл байдалд тэр намыг удирдаж байсан хүмүүс л буруутай шүү дээ. Жирийн гишүүд намынхаа нэрийг солихгүй гээд байхад дарга нар нь солиод, тэр чигээрээ сонгуульд явж ороод намаа унагаагаад хаячихлаа. Үүнд гишүүд нь бус удирдлагууд буруутай. Тиймээс МАН-ын гишүүд МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байгааг би болох л үйл явц гэж үзэж байгаа. Саналыг нь аваагүй юм чинь өөр яах юм бэ. Нэгэнт МАХН-д байх хүсэлтэй гишүүд хаашаа очих юм бэ. Өөр намд орохгүй, шинээр байгуулахгүй нь тодорхой. Тийм биз.
-Намынхаа нэрийг сольж, сонгуульд ялагдсанд МАН-ын гишүүд бус удирдлагууд нь буруутай гэж та хэллээ. Буруутнууд хариуцлагаа бүрэн дүүрэн хүлээж чадсан болов уу. Та юу гэж харж байна?
-Тэр тухайн намын дотоод асуудал. Миний ойлгож байгаагаар МАН цаг үетэйгээ хөл нийлүүлж алхъя, дахиад олон сонгуульд унахгүй байя гэвэл гишүүдээ сонсох ёстой. Анхан шатныхаа бодлого, шийдвэрийг хүндлэх ёстой. Дахиад нэр солиход гаргасан шиг алдааг хэзээ ч гаргаж болохгүй. Удирдлага нь өөрсдийнхөө арга барилыг өөрчлөх ёстой шүү дээ. Тэгж байж Ардын нам урагшаа явах байх. Гэхдээ энэ бол Ардын намын дотоод асуудал. Энэ бүхнээ өөрсдөө ярих байлгүй. Орон нутгийн сонгууль болох гэж байхад одоо л ярьдаг цаг шүү дээ, олон сонгуульд ялагдсан нам болгох гээгүй л бол.