Х.ОЮУНБОЛД

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Мичиган хотод хийсэн уулзалтынхаа  үеэр “Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахаар төлөвлөж байна. АНУ Хойд Солонгостой тоглоогүй. Бид гурав эсвэл дөрвөн долоо хоногийн дараа уулзаж хэлэлцээр хийнэ гэж би бодож байна. Мөн энэ үеэр  Солонгосын хойгийг цөмийн зэв­сэггүй бүс нутаг бол­гох талаар хэлэлцэх уч­раас чухал уулзалт болно” гэжээ. Харин өн­гөр­сөн долоо хоногт Өмнөд Солонгосын ерөн­хийлөгч Мүн Жэ Ин болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар хоёр Солонгосын хилийн заагт оршдог Панмунжом тосгонд уулз­сан түүхэн уулзалт болж өндөрлөсөн билээ. Тэд энэ үеэр Солонгосын хойгийг бүрмөсөн цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох тал дээр түлхүү анхаарч ажиллана хэмээн амлаж гэрээнд  гарын үсэг зурсан юм. Мөн энэ жилдээ багтаж хоёр орны байнгын найрамдлыг бэхжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурах болно гэж амлажээ. Түүнчлэн тэд хамтран хийсэн мэдэгдэлдээ хоёр орны цэрэг зэвсгийн тоог хорог­дуулах, дайсагнасан үйлд­лийг зогсоох, цэргийн өндөр хилийн хам­гаалалтын талаар хэлэл­цэнэ.  АНУ,БНХАУ тэр­гүүтэй орнуудтай олон улс оролцох олон талт хэлэлцээр хийх үйл явцыг идэвхжүүлэх  асуудлыг оруулсан гэж мэдэгдсэн байна. Үүнээс гадна Өмнөд Солонгосын ерөн­хийлөгч Мүн Жэ Ин ирэх намар Хойд Солонгост айлчилна. Мөн хоёр орны харилцан солилцоо болон хамтын ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор харилцаа холбоо хариуцсан газрыг Кэсон хотод нээнэ гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин