Д.ЭНХЭЭ

Хориг арга хэмжээ зөвхөн Оросоор хязгаарлагдалгүй улс төрийн дарамт шахалт үзүүлэх арга хэрэгсэл болж хувирлаа хэмээн Берлинд ойлгож байна.Энэ тухай немцийн бизнесийг Москвагийн эсрэг авах шинэ хориг арга хэмжээнд оролцохоос чөлөөлөхийг хүсч АНУ-д хандах Германы төлөвлөгөөний талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг “Russia Today”- д өгсөн ярилцлагад тайлбарлахдаа улс төр судлаач Александр Асафов мэдэгдэв.

Түүний хэлснээр шинэ хориг арга хэмжээний багцад гарын үсэг зурах үеэр энэхүү нь Оростой хамтарсан үйл ажиллагаа явуулдаг Европын компаниудад ч хамаарна гэж үзэж байгаа тул Герман улс хориг арга хэмжээг өөрчлүүлэх асуудлыг дэвшүүлэх зорилготой байсан ажээ.

Баруун ихэнх үйлдвэрийн газрууд Оросын төслүүдэд шууд хамааралтай учраас хориг арга хэмжээ тэдний хувьд ашиггүй хэмээн Асафов онцлов. Тухайлбал, “Урсгал – 2” төсөлд оролцож байгаа компаниуд бүгд хориг арга хэмжээнд хамрагдах учраас тэд гадаадын зах зээлд ажиллах боломжгүй болох юм.

“Ялангуяа энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа Герман, Австри хоёр Вашингтоноос асуулгүйгээр бие дааж Оросын эсрэг хоригийг цуцлах Европын орнууд байх болов уу гэж бодож байна” хэмээн шинжээч дүгнэжээ.

Үүнээс өмнө Wall Street Journal эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн Германы удирдлага Оросын эсрэг хориг арга хэмжээнээс улсынхаа компаниудыг чөлөөлүүлэхээр АНУ-д хандах зорилготой байна хэмээн мэдээлж байсан билээ. Тус хэвлэлийн газрын мэдээлснээр Германы Сангийн сайд Олаф Шольц Вашингтонд хийх айлчлалынхаа үеэр Москвагийн эсрэг хориг арга хэмжээний асуудлаар немцийн бизнест онцгой нөхцөл гаргуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Эх сурвалж: www.polit.mn