Н.ДАЯН
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Японд хийж буй айлчлалын үеэр Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Като Кацунобутай уулзаж, харилцан санал солилцжээ. Энэ үеэр хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг онцлон тэмдэглэв. Мөн сургалтын бааз эмнэлэг байгуулах болон техникийн хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Хоёр улсын ЭМЯ-д хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах болсонд талархаж байгаагаа илэрхийллээ.
Тэд хоёр улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлууд, авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагааны талаар харилцан танилцуулсан байна. Уулзалтын төгсгөлд “Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Японы Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам хоорондын эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зуржээ.