Эрүүл мэндийн сайд Н.Удвал Хоёрдугаар төрөхийн эмч нарын хүсэлтийн дагуу өчигдөр тус эмнэлэгээр оров. Тус эмнэлэгт өдөрт дунджаар 15 хүн хагалгаанд орж, 30 хүн төрдөг аж.
Амаржих газрын стандартын дагуу эх барих эмч 36 байхаас тус эмнэлэгт 20, нярайн эрчимт эмчилгээний эмч 9 байхаас 3, нярайн эмч 10 байхаас 4 гэх мэтчилэн хүн хүч дутмаг ажилладаг хэдий ч эхийн эндэлгүй, нярайн нас баралтгүй, эмнэлгийн дотоод халдвар 50 хувиар буурсан үзүүлэлттэй ажиллаж байгаагаа сайдад тус эмнэлгийн ерөнхий эмч Б.Оюунханд танилцуулаад, эх барихын эмч нар ачаалал ихтэй, цалин багатай ажиллаж байгаа учраас янз бүрийн шалтаг хэлж ажлаас гарах нь ихэсч, олон жил ажилласан, ахмад эмч нар л үлдэж байгааг уламжилсан юм.
Энэхүү ачааллын хажуугаар тус эмнэлгийн хажууд “Мейн ланд” гэх компани Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас зөвшөөрөл авч барилга барьж байгаа бөгөөд дулааны шугам татахаар газар ухан, тоосжилт үүсгэсэн нь тус эмнэлгээр үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийг хохироосон асуудал болж буйг эмч нар шүүмжилж байв.
Дээрх байдлыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал яаралтай шийдвэрлэхээр шуурхай зөвлөгөөн хийхийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатарт даалгасан юм. Ийнхүү МХЕГ, ЭМЯ, НЭМГ, Хоёрдугаар төрөх, “Мейн ланд” ХХК-ны төлөөллүүд хуралдаж цаашид эрүүл мэндийн байгууллагууд болон улсын онцгой объектод зам засвар, сантехникийн үйл ажиллагаа явуулахдаа НМХГ-аас урьдчилан албан тоот хүргүүлж байхаар болов.
Түүнчлэн ТНБД Ж.Хатанбаатар Хоёрдугаар төрөхийн дотор орчны шинжилгээ хийх үүргийг тус эмнэлгийн ерөнхий эмч Б.Оюунхандад өгсөн байна. Мөн эмнэлгийн доторх ариутгал халдваргүйтгэлийг сайн хийж, энэ 7 хоногт бүх ажлаа дуусгах шаардлагагыг барилга захиалагч компанид өгчээ. Гарах нийт зардлыг барилга захиалагч тал хариуцах болсон байна.