Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд хийх энэхүү эрхзүйн шинэчлэлийн үзэл баримтлалыг УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэгт танилцуулах, тэдний санал бодлыг сонсох, улмаар дэмжлэгийг авах зорилгоор Эрүүл мэндийн сайд Н.Удвал УИХ-ын эмэгтэй гишүүдийг ЭМЯ-нд өнөөдөр ажил хэргийн өглөөний цайнд урьсан байна.
Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрх зүйн томоохон өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөсний дагуу Шинэчлэлийн Засгийн газрын эхний 2 жилд багтаж хэд хэдэн хууль, бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах саналыг УИХ-д өргөх барих гэж байгаа билээ.
Уулзалт, ярилцлагын үеэр хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үйлджээ. ЭМЯ-ыг төлөөлөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийг төлөөлөн УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар гарын үсэг зурсан байна.
Ажил хэргийн өглөөний цайнд УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар хүрэлцэн ирж эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг хөндөн ярилцаж санал солилцов.