Монгол улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны 14 тоот захирамжаар байгуулагдсан “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих хоёр дахь үндэсний хөтөлбөр боловсруулах” ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2012 оны 10 сарын 22-ны өдөр ЭМЯ-нд болов. Ажлын хэсгийн анхны хурлаар хөтөлбөр боловсруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хөтөлбөр боловсруулахад зайлшгүй шаардлагатай суурь мэдээллүүдээр гишүүдийг хангах үүргийг холбогдох яам агентлагуудад хуваарилан, ажлын хэсгийн дэргэд техникийн дэд ажлын хэсэг томилон ажиллах шийдвэрийг гаргалаа. Төлөвлөгөөний дагуу Үндэсний хөтөлбөрийн төслийг энэ оны 12 сарын 01-ний өдрийн дотор эцэслэн боловсруулж дуусахаар тогтсон бөгөөд түүний дараа сонирхогч талуудын оролцоог хангасан уулзалт, зөвлөгөөнүүдийг зохион байгуулан, нээлттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ.
Энэхүү ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал ахалж, Монгол улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг дарга, Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газрын дарга нар бүрэлдэхүүнд нь орсон байна.