Х.ОЮУНБОЛД

Энэ жилийн ДАШТ манай хойд хөршид болно. Тэгвэл энэ тэмцээн дуусах хүртэл тэмцээний үр дүнг урьдчилан тааварлах зөнч амьтнаар Эрмитаж музейн Ахилл муур тодорчээ. Энэ нь цагаан зүсмийн, төрөлхийн дүлий муур юм. Иймээс ч бусад төрөл нэгтнээ бодвол түүний зөн совингоороо мэдрэх чадвар хөгжсөн байж болох Ахилл муур нь урьдчилан таамаглах чадвартайгаа харуулсан байна. ДАШТ-ий аварга болох багийг сонгохын тулд муур хоёр орны тугтай тавагтай хоолны аль нэгийг сонгох ёстой юм.  Одоогоор муурыг зөнчийн үүргийг сайн гүйцэтгүүлэхийн тулд эрчимтэй дасгал сургуулилтад хамруулж, хооллож байгаа гэнэ. Дашрамд сонирхуулахад, Ахилл муур нь өнгөрсөн жилийн холбооны цомын аварга шалгаруулах тэмцээнд зөнч амьтны үүргийг гүйцэтгэсэн байна.

АРГЕНТИНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БАГИЙНХАА ТОГЛОЛТЫГ ҮЗНЭ

Ерөнхийлөгч Маурисио Макри  ДАШТ 2018-д Гректэй тоглох Аргентины багийн тоглолтыг үзэхийг хүсч байгааг  Доод Новогород хотын дарга Глеб Никитин хэвлэлийнхэнд ярьсан байна. Тэр ОХУ-д  тус улсыг төлөөлөн суугаа элчин сайд Рикардо Эрнесто Лагориотой уулзжээ. Энэ үеэр “Бидний хувьд  ерөнхийлөгч Маурисио Макри Аргентины баг тоглох үеэр манай оронд айлчлахаар төлөвлөсөн нь их чухал. Түүнийг айлчлалаа хийх хугацаанд таатай сэтгэгдэлтэй буцаахын тулд өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг бид хийх ёстой” гэв.  Мөн өнгөрсөн жил доод Новогород хотод 135 аргентин жуулчин ирсэн.  Харин энэ жил 5000 гаруй аргентин жуулчин ирнэ гэж итгэж байна гэж ярьсан байна.  Аргентины элчин сайд Рикардо Эрнесто Лагорио  тоглолт болох цэнгэлдэх хүрээлэнд очсоныхоо дараа “хот ДАШТ-д бэлэн болсон байна” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр маргааш ч гэсэн тоглолтын талбайд гарахад бэлэн байна. Гэхдээ түүнийг биш Мессиг хүлээж байгаа гэхээс эмээж байна гэж хошигножээ.

ТАСАЛБАРЫН ЗАГВАРЫГ ТАНИЛЦУУЛЛАА   

Олон улсын хөлбөмбөгийн холбоо албан ёсны цахим хуудастаа ОХУ-д болох ДАШТ 2018-ыг үзэх тасалбарын  загварыг танилцууллаа. Энэ байгууллагын цахим хуудастаа бичсэнээр өнгөрсөн жилийн холбооны  цомын тэмцээний тасалбартай төстэй. Харин ДАШТ-ий тасалбарын өнгө тод цэнхэр аж. Мөн ФИФА-гийн  эхний болон хоёрдугаар шатны онлайн борлуултаар зарагдсан тасалбарыг эздэд нь олгож эхэлсэн байна. Тэмцээний тасалбарын эхний хоёр шатанд нийт 1.7 сая орчим тасалбар зарагджээ. Харин энэ сарын 18-наас тасалбар худалдаалах сүүлийн шат эхэлнэ. Мөн энэ үеэр худалдаж авсан тасалбараа ФИФА-гийн тасалбар борлуулах газруудаас авч болох аж.

ЗӨРЧИЛТЭЙ ЦАХИМ ХУУДСУУДЫГ ТҮР ХААЛАА

ОХУ-ын бүх харилцаа холбооны асуудлыг зохицуулах асуудлыг хариуцсан “Роскомнадзор” байгууллага тус оронд болох ДАШТ-ий тасалбар болон бусад бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар худалдаалах хэрэгтэй холбоотой 232 цахим хуудсыг илрүүлж бүртгэжээ. Энэ байгууллагын операторууд эдгээр цахим  хуудасны долоог нь хааж, хууль бус мэдээллийг нь устгасан байна. Тэдний гаргасан мэдээлэлд эдгээр цахим хуудас нь шүүхийн шийдвэрт заасан шаардлагыг биелүүлсний дараа үйл ажиллагааг нь сэргээнэ гэжээ. “Роскомнадзор” байгууллагын төлөөлөгчид ДАШТ-ий зохион байгуулалт, бэлтгэл ажлын хүрээнд дэлхийн хөлбөмбөгийн холбооны  өмчийн эрхийг  хамгаалах хорооны хуралд оролцсон байна. Харин 178 цахим хуудаснаас хууль бус бүтээгдэхүүнийн борлуулалтын талаарх мэдээллийг хасчээ.

ФИНЛЯНДЫН ИРГЭД ОХУ РУУ ВИЗГҮЙ ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ

Финляндын төмөр замын компани (групп VR) ОХУ-д болох ДАШТ-тэй холбогдуулан мэдээлэл, сурталчилгааны компанит ажлыг эхлүүлсэн байна.  Энэ талаар компанийн хэвлэлийн төлөөлөгч Виктория Херри гэж хэлснийг “Спутник” агентлаг мэдээлжээ. Тэрээр “Финляндын цөөхөн иргэн ДАШТ-ий үеэр визгүйгээр ОХУ-д зорчих, тоглолт болох хотуудын хооронд аялах үнэгүй (FAN-ID картгүйгээр) явах боломжийн талаар мэдэж байгаа. Иймээс бусад иргэдэд энэ боломжийн талаар хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл болон манай компанийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хүргэж байна” хэмээжээ. Эдгээр нэмэлт галт тэрэг Хельсинк, Санкт-Петербург хотын хооронд явна. Энэ тээврийн хэрэгслээр зорчих тасалбарыг аялал хийхээс өмнө 60 хоногийн өмнө захиалга өгөх юм байна.  Өчигдрөөс эхэлсэн мэдээлэл, сурталчилгааны компанит ажил нь зургадугаар сар хүртэл үргэлжилнэ гэж төмөр замын компани онцоллоо. Хельсинк, Санкт-Петербург хотын хооронд зорчих хурдны галт тэргээр ойролцоогоор гурван цаг гаруй аялах ажээ. Харин тасалбарын үнэ нь 29 евро юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин