Т.САЙХАН

“Facebook” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг фэйсбүүк хэрэглэгчдийн мэдээлэл алдагдсантай холбоотойгоор АНУ-ын Сенатын сонсголд оролцож байна. Тэрээр “Компани нийгмийн сүлжээг өөрийн зорилгодоо ашиглах гэсэн Оросын интернэт операторуудтай тасралтгүй тэмцсээр ирсэн” гэжээ. Түүнчлэн 2016 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын талаас нөлөөлсөн гэх хэргийг мөрдөж буй тусгай зөвлөх Роберт Мюллер Facebook компанийн ажилчдаас байцаалт авсан талаар ярьсан байна” мэдэгджээ. Марк Цукерберг “Манай компанийн тусгай зөвлөх Роберт Мюллертэй хамтран явуулсан үйл ажиллагаа нь нууцын зэрэглэлтэй, тийм ч учраас энэхүү нээлттэй сонсголын үеэр би нууцын зэрэглэлтэй ямар нэг мэдээлэл хуваалцахгүй” гэжээ. Түүнчлэн Марк Цукерберг Facebook компани хуурамч аккаунтыг тодорхойлох шинэ технологи боловсруулж байгаа талаар мэдэгдсэн байна. Тэрээр, “Орост манай нийгмийн сүлжээ болон өөр бусад цахим системийг өөрсдийн эрх ашгийн төлөө ашиглах тодорхой зорилготой ажилладаг хүмүүс бий. Бид тэднээс илүү байхын тулд сайжрах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна.   Өнгөрсөн хэдэн долоо хоногуудад Их Британийн Кэмбриж Аналитика маркетингийн компани Фэйсбүүк нийгмийн сүлжээний 87 сая хэрэглэгчийн  мэдээллийг хэрэглэгчдийн зөвшөөрөлгүй авч, ашигласан талаарх мэдээлэл ил болсон билээ. Компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг “Би Facebook-ийг үүсгэн байгуулсан, би уг компанийг удирддаг, энэ бол миний алдаа, болсон үйл явдалд би хариуцлагатай хандах ёстой, намайг уучлаарай.” хэмээн мэдэгджээ. Сенатын нээлттэй сонсгол эхэлснээс хойш Facebook компанийн хувьцааны үнэ бараг таван хувиар нэмэгдсэн нь Марк Цукерберг Сенатчдын асуултуудад хангалттай сайн хариулж чадаж байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж:www.polit.mn