Японы ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр энэ сарын 17,20-ны өдрүүдэд АНУ-д айлчилна хэмээн мэдэгдэв. Тэрээр энэ үеэр ерөнхийлөгч Дональд Трамптай цуврал уулзалт хийнэ гэсэн байна. Мөн Шинзо Абэ Хойд Солонгост барьцаалагдсан япон иргэдийн талаар баримталж байгаа байр суурийн талаар түүнтэй хэлэлцэнэ гэв. Дашрамд дурдахад, Хойд Солонгосын эрх баригчид 2002 онд 1970,1980 онд 13 япон иргэнийг барьцаалснаа хүлээн зөвшөөрсөн. Тэдний тав нь Япон руу буцсан гэж мэдэгдсэн юм. Гэвч Японы Засгийн газар барьцаалагдсан япон иргэний тоо үүнээс ч их байж болно гэж үзжээ. Түүнчлэн ерөнхийлөгч Дональд Трампыг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай тавдугаар сард уулзах үеэрээ энэ тухай хэлэлцэхийг уриална гэлээ. Японы өндөр албан тушаалтны мэдээлснээр тэд ерөнхийлөгч Дональд Трампын Мар-А-Лаго хувийн амралтын газар уулзах юм байна. Мөн энэ үеэр ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын гаалийн хураамж болон Солонгосын хойгийн байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин