Х.ОЮУНБОЛД
ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд 77 хоног үлдээд байна. Ирэх сарын 3-ныг хүртэл явагдах энэ тэмцээний тасалбарыг худалдаалах гурав дахь шатны борлуулалт эхэлжээ.“ФИФА”-гаас мэдээлснээр зургадугаар сарын 14-нд Саудын Араб, ОХУ-ын шигшээ багийн тоглолтоор эхэлнэ. Нийт 64 баг тоглох тэмцээний 1.3 сая тасалбар борлуулагджээ. Мөн хоёр дахь удаагийн сугалаагаар 568.448 тасалбар борлуулсан байна. Үүнээс 197.832–ыг нь ОХУ-ын, 33048 тасалбарыг Колумбийн иргэд худалдан авчээ. Тэмцээний тасалбарыг худалдан авалтаар тэргүүлж байгаа орны тоонд Бразил (24.656), Перу (21.946), Мексик (18.155), Аргентин (15.214) орж байгаа юм. Мөн зохион байгуулагч байгууллага тэмцээний тасалбар борлуулалтын хоёр дахь шатанд 4.9 сая тасалбар худалдаж авах захиалга авчээ.
“ФИФА”-гаас энэ спортыг шүтэн бишрэгчдэд тэмцээний тасалбар дуусаагүй байгаа тул аль болох хурдан худалдаж авахыг уриалсан байна. Учир нь дараагийн тасалбарт азтан шалгаруулахгүй зөвхөн эхэлж захиалсан хүн нь хүссэн суудлаа худалдаж авна гэжээ. Харин долдугаар сарын 15-нд болох Аргентин, Исландын шигшээ багийн тоглолтын тасалбар зарагдаж дууссан байна. Энэ тэмцээнийг үзэхийг хүссэн хүмүүсийн хувьд тоглолтын тасалбараа шууд худалдан авах сүүлчийн боломж байх ажээ. Учир нь дөрөвдүгээр сарын 18-наас эхэлж зарагдаагүй үлдсэн тасалбарыг худалдаалж эхэлнэ. Тасалбарыг интернэт дэх албан ёсны цахим хуудсаар нь дамжуулан худалдаж авч болно. Мөн ОХУ дахь албан ёсны борлуулалтын цэгээс худалдан авах боломжтой юм байна.Тасалбарын доод үнэ нь 90 евро аж. Харин тоглолтын тасалбарыг хувь хүн гар дээрээс худалдан авах боломжгүй.
Тасалбарыг бусдад өгөх, зарах гэвэл “ФИФА-гийн бичгээр өгсөн албан ёсны зөвшөөрөлтэй тохиолдолд л худалдаж болох ажээ. Тасалбар худалдаалж эхлэх үеэр энэ тухай дүрэм, зааврыг нийтлэх юм байна. Албан ёсны “FIFA.com”цахим хуудсаар дамжуулан худалдаж аваагүй бол хуурамч эсвэл “ФИФА”-гаас буцааж олгох нөхцөлгүйгээр хүчингүй болгосон тасалбар авах магадлалтай аж. Харин тасалбарыг хөлбөмбөгийн шүтэн бишрэгчдийн хүсэлтээр дөрөвдүгээр сарын 18-наас ДАШТ-ий хаалтын тоглолт хүртэл борлуулах юм байна. Мөн Дэлхийн хөлбөмбөгийн холбооны гадаад дахь тасалбар борлуулах цэгүүдээс худалдаж авах боломжтой аж.
ВИЗГҮЙГЭЭР ОХУ-Д ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ
Дэлхийн олон орны иргэн ОХУ-д зорчихын тулд виз авах шаардлагатай байдаг. Тухайлбал, Европын ихэнх орны иргэн хамгийн ойрын ОХУ-ын консулын газарт виз авах хүсэлтээ гаргах шаардлагатай болдог. Олон хүн энэ шалтгаанаар энэ оронд айлчилж очдоггүй ажээ. Харин хөлбөмбөгийн шүтэн бишрэгчдэд дуулгах нэг сайн мэдээ бол тэмцээний үеэр очих гэж байгаа бол виз хэрэггүй. Зөвхөн “FAN ID”карттай болсноор визгүйгээр зорчих эрхтэй болох юм. Энэ картыг авахын тулд эхлээд ДАШТ-ий аль нэг тоглолтыг үзэх тасалбар авахад л хангалттай. Дараа нь картаа баталгаажуулахын тулд онлайнаар эсвэл биечлэн бичиг баримтын төвд хандах шаардлагатай ажээ. Энэ карттай холбоотой мэдээллийг “WWW.FAN-ID.RU”-цахимаас авч болно. Харин ОХУ-д очих гэж байгаа бол хамгийн багадаа зургаан сарын хугацаанд хүчинтэй байх гадаад паспорттой байна гэдгээ санах хэрэгтэй.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин