М.БААСАНДЭЛГЭР
Нийслэлийн бүх дүүрэгт энэ сарын 1-нээс эхлэн хоёр сартай хүүхдүүдийг уушгины хатгалгааны эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, СБД-ийн Эрүүл мэндийн төвд тус вакциныг хийх ажлын явцтай танилцлаа.
Тус төв нь уушгины хатгалгааны эсрэг вакциныг 2016 оны зургадугаар сараас эхлэн 0-24 сартай хүүхдүүдэд хийжээ. Одоогоор 0-2 насны 9433 хүүхэд вакцин хийлгэсэн байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү “Манай дүүрэг энэ вакциныг хамгийн түрүүнд хийж эхэлсэн цагаасаа ХӨСҮТ-тэй хамтран танадалт судалгааг долоо хоног бүр хийсэн. Үүний үр дүнд уушгины хатгалгаа гэсэн өвчний улмаас манай амбулаториор үйлчлүүлсэн хүүхдийн тоог 2016 онтой харьцуулахад 242 тохиолдлоор буурсан. Харин уушгины хатгалгаа гэсэн оношоор эмнэлэгт хэвтсэн 0-5 насны хүүхдийн тоо 2016 оноос 1200-гаар буурсан үр дүнтэй байна” гэсэн юм.
Мөн эцэг эхчүүд шинэ вакцины талаар цахим орчноос туршилт, тусламжаар ирж байгаа гэсэн буруу мэдээлэл авч байгаа учраас тэдэнд зөв ойлгуулах нь чухал байгаа аж.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Цаг агаарын хүйтрэлт, утаанаас болж бага насны хүүхдүүд ханиад, томуу тусч, тэр нь хүндэрч хатгаагаар илэрч байгаа. Ялангуяа, вирус, бактери хавсарсан хатгаанаас болж хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирох эрсдэлтэй байна. Тиймээс энэ жилийн хувьд нийслэл хотод байгаа 38 мянган хүүхдэд уушгины хатгалгааны эсрэг вакцин хийнэ. Өнгөрсөн хугацаанд хийсэн тандалт судалгаагаар хатгалгаа 40 хувиар буурсан үр дүн гарсан. Тэгэхээр хатгаа хүндэрч хүүхэд амь насаа алдах эрсдэлгүй болж байна гэсэн үг” гэлээ.
Энэ вакциныг Англи улсад үйлдвэрлэсэн дэлхийн 160 оронд хийдэг, ДЭМБ-аас чанарын гэрчилгээ авчээ. Нэг ширхэг нь 15 ам.доллар. Харин ЭМЯ-аас НҮБ-ын Хүн амын сангаар дамжуулан 3.5 ам.доллараар авч үнэ төлбөргүй хийж байна. Ирэх онд хоёр, дөрөв, есөн сартай хүүхдүүдэд энэ вакциныг хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин