А.ЦЭРЭНДОРЖ

“Golden State Warriors” багийн төвийн тоглогч Zaza Pachulia нь 1984 онд төрсөн. Тэрээр 2003 онд “Orlando Magic” багт сонгогдож 2004-2005 оны улиралд “Milwaukee Bucks”, 2005-2013 он хүртэл “Atlanta Hawks”, 2013 оноос-2015 онд “Milwaukee Busks”, 2015-2016 оны улиралд “Dallas Mavericks” багуудад хүчин зүтгэж байсан. Zaza Pachulia-г NBA-гийн тамирчид болон үзэгчид бохир тоглолттой гэдгээр нь мэддэг. Түүний хорон үг эсрэг багийн тоглогчоо өдөж алдаа салгах зэрэг нь багт ашигтайд тооцогдог боловч сүүлийн жилүүдэд түүний тоглолт үзэгчдийг ихэд бухимдуулах болов. 2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр “Dallas Mavericks” багт хүчин зүтгэж байхдаа “San Antonio Spurs” багийн эсрэг тоглолтын 2 дугаар үеийн 1 минут 25 секунтэнд Kawhi Leonard-ийн бөмбөг эзэмжиш явсан гарийг барин унахдаа сугандаа хавчуулсан байдаг. Үүнийг шүүгч харж амжаагүй боловч дүрс бичлэгэнд тодоос тод үлдсэн байдаг. Түүний иймэрхүү үйлдэл нь багт ашигтай гэхээс илүүтэйгээр олон тоглогчдыг бэртээж, тухайн багийг хохироох үйлдэл болдог юм. NBA-гийн лигт түүнтэй талбай дээр үл ойлголцож байсан тоглогч цөөнгүй. Бидний сайн мэдэх тоглолт бол 2008 онд “Boston Celtics” багийн эсрэг тоглолтонд Kevin Garnett-тай муудалцан түүнээс техникийн алдаа авч байсан. Энэ мэтчилэн жижиг зүйлс олон байгаа.

2016-2017 оны улиралд “West” бүсийн финалын тоглолтонд “San Antiono Spurs” лидер Kawhi Leonard-ийг гэмтээсэн гэж ярьдаг. Үнэхээр тэр санаатай хөл тавьсан үгүйг нь бид таашгүй. Ямар ч байсан лигийн нэг шилдэг тоглогч Zaza Pachulia-гын эсрэг шидэлт гүйцэтгэснийхээ дараагаар гэмтсэн юм. Гэмтэл авсан тоглогч одоо ч лигт эргэн ирээгүй байна. Түүнийг хүлээж буй фэнүүд “Zaza Pachulia-г харахаас нүд нь хорсож байгаа” хэмээн ярьдаг.

Харин өнөөдөр “West” бүсийн шилдэг хоёр баг болох “Oklahoma city Thunder” баг, “ Golden State Warriors” багийн талбайд зочлон улирлын гурав дахь тоглолтыг гал гарсан өрсөлдөөнөөр эхлүүлэв. “Oklahoma city Thunder” энэ удаад хожил байгуулбал улирлын цувралыг 3:0-р тэргүүлэх байсан юм. Тус тоглолтод “Oklahoma city Thunder” багийн хувьд довтолгоо уналтанд орсон байлаа. Үнэхээр бөмбөг цагирагт унахгүй зовоож байв. Харин эсрэгээрээ “Golden State Warriors” баг тор шатааж байв. Ийнхүү хоёр багийн онооны харьцаа 80:112 харьцаатай “Golden State Warriors” багийн хожилоор өндөрлөсөн. “Golden State Warriors” багийн төвийн тоглогч бохир тоглолтоороо алдартай Zaza Pachulia тоглолтын гурав дугаар үеийн 2 минут 22 секунтэнд Russel Westbrook довтолгоогоо гүйцэтгэж чадалгүй бага зэргийн контакт үүсгэн шалан дээр унахад Zaza Pachulia, Russel Westbrook-ийн хөлөн дээр албаар унав. Тус үйл явдлын дараагаар үзэгчид ихэд бухимдаж байсан юм. Азаар Russel Westbrook ямар нэгэн бэртэл гэмтэл авалгүй тоглолтыг үргэлжлүүлсэн юм. Тоглолын  дараагаар Russel Westbrook-ээс ESPN-ийн сэтгүүлч тухайн үйл явдлын талаар асуухад “ Та нар мэдэж байгаа шүү дээ. Бичлэг үз. Энэ бол тодорхой. Zaza Pachulia бол бохир тоглолттой. Тэр намайг бэртээх гэж оролдсон” гэсэн байна. Мөн энэ талаар   Russel Westbrook-ийн хамтрагч Paul George “Унах газарлуугаа тоочиглосон. Энэ бол Zaza-гийн тоглолт” хэмээжээ. Үнэхээр бичлэгийг нягталж үзвэл хөл рүү нь харж байгаад унаж байгаа харагдсан. Энэ үйл явдалын талаар “Boston Celtics” багийн тоглогч Kyrie Irving өөрийн цахим хуудсаар дамжуулан “Лиг энэ хүнийг авч хэлэлцээсэй, новшийн үйлдэл нь дэндлээ!” гэж нийтэлсэн байв. Харин зарим нэг аналистууд Nick Young-ийн хөл, Zaza-гын хөлд орооцолдсон нь түүний унах шалтгаан болсон гэж тайлбарлажээ.

NBA-гийн зүгээс ямар нэгэн мэдээлэл гаргаагүй байна. Цаашид энэ тоглогчийн бохир арга барил нь олон тамирчдыг бэртээх вий гэсэн хандлага үзэгчдийн дунд байна.

Эх сурвалж: www.polit.mn