
МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч, академич С.Нарангэрэл давж заалдах гомдлоо өнгөрсөн баасан гаригт Улсын дээд шүүхэд хүргүүллээ. Түүнээс гаргасан гомдлынх нь талаар асуухад “Улсын дээд шүүхийнхэн шүүхийн байгууллагын “ялзрал”-ыг эцэслэх болов уу гэж харж байна. Бас найдаж байна. Магадгүй шүүхийн “ялзрал” лавширч ч мэдэх юм” хэмээгээд өөр зүйл ярихаас татгалзсан юм. Ингээд түүний Улсын дээд шүүхэд хүргүүлсэн гомдлыг бүрэн эхээр нь хүргэе.

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ БУЮУ МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД
Сүхбаатар дүүргийн шүүхээр дамжуулан хяналтын журмаар өмгөөлөгчийн гомдол гаргах нь
2012.10.19
Мөрдөн байцаалтын явцад гаргасан ноцтой алдаа, завхралыг Сүхбаатар дүүргийн ба Нийслэлийн давж заалдах шатны шүүх засах боломж хангалттай байсан боловч харин ч эсрэгээр улам бүр лавшруулсан нь өмгөөлөгчийг хяналтын шатны шүүхэд дараахь гомдол бичиж хандахаас өөр аргагүй байдалд хүргэв. Н.Энхбаяр нарыг холбогдуулсан энэ хэргийг мөрдөн шалгасан, шүүн тасласан, давж заалдах шатаар хянан шийдвэрлэсэн үйл явц нь зөвхөн тэдэнд төдийгүй Монгол Улсад шүүн таслах ажиллагааг хуулийн дагуу, шударга болгох, шүүгчдийг хараат бусаар ажиллуулахад ихээхэн ач холбогдолтой учраас мөрдөн байцаах байгууллага, Сүхбаатар дүүргийн шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүх Н.Энхбаяр нарт холбогдох хэрэгт Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг зориуд буруу хэрэглэснийг ЭБШХ-ийн 342 дугаар зүйлийг удирдлага болгон өмгөөлөгчөөс дор дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна:
НЭГ.ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ТУХАЙД
Мөрдөн байцаах байгууллага болон Сүхбаатар дүүргийн шүүх ба Нийслэлийн давж заалдах шатны шүүх дараахь байдлаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг (цаашид ЭБШХ гэнэ) ноцтой зөрчснийг тоймлон илэрхийлбэл:
1. Зөвхөн нэг талыг барьсан мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэг
ЭБШХ-ийн 318.1-ийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох буюу өөрчлөх нэг гол үндэслэл болдог мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан байвал нэг талыг барьсан гэж үзнэ гэсэн заалт ноцтой зөрчигджээ. Энэ нь хавтаст хэрэгт байгаа дараахь “зохиомол” нотлох баримтаар илрэлээ олсон:
1.1 Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012.08.02-ны өдрийн 326 тоот шийтгэх тогтоолд “Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.” (5 дугаар хуудас) гээд цааш нь “Гандантэгчлэн хийдэд Япон улсын Агон шу байгууллагаас хандивласан телевизийн тоног төхөөрөмжийг хувьдаа завшсан үйлдлийн талаар хэлэлцүүлсэн баримтууд” (24 дүгээр хуудас), “МИАТ ХХК-ийн онгоцоор үнэ төлбөргүйгээр ачаа тээвэрлүүлсэн үйлдлийн талаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд” (24-25 дугаар хуудас), “Өргөө Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг хууль бусаар хувьчлан авсан үйлдлийн талаар шүүхэд хэлэлцүүлсэн нотлох баримтууд” (25 дугаар хуудас), “Улаанбаатар таймс сонин Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг хууль бусаар хувьчлан авсан хэргийн талаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд” (25 дугаар хуудас), “Эрдэнэт үйлдвэр ХХК-тай ган бөмбөлөг нийлүүлэх гэрээг удаа дараа байгуулж, гэрээний үүргээ биелүүлэлгүй онц их хэмжээний эд хөрөнгийг завшсан хэргийн талаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд” (25-26 дугаар хуудас) гэсэн нь бодит байдалд нийцээгүйгээр үл барам хуурмаг бичигдсэн байна.
Үүнийг тодруулбал, Сүхбаатар дүүргийн шүүх хуралдаанд яллах ба өмгөөлөх тал хавтаст хэрэгт хийсэн өөр өөрсдөдөө ашигтай гэж үзсэн баахан бичиг цаасыг уншиж сонсгосон болохоос биш шинжлэн судлах хэлэлцүүлэг хийгдээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэн судлах, мэтгэлцэх талаар өмгөөлөгчөөс удаа дараа бичгээр ба амаар тавьсан хүсэлтийг прокурор улайран эсэргүүцсэнийг иш үндэс болгон шүүх бүрэлдүүн хангахаас татгалзаж хэрэгсэхгүй болгосон. Гэтэл яллагч Ё.Сагсай давж заалдах шатны шүүх хуралдаанд “Сүхбаатар дүүргийн шүүх энэ хэргийг 3 өдрийн турш яллах болон цагаатгах нотлох баримтыг нэг бүрчлэн мэтгэлцүүлж, шүүх хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцүүлж ЭБШХ-д заасан бүх арга хэрэгслээр шүүх хуралдааныг явуулсан.” /Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012.09.25-ны өдрийн 749 тоот магадлалын 53-54 дэх тал/ хэмээн улайм цайм худал ярьж гөрдсөн. Шүүх хуралдаан даргалагч С.Соёмбо-Эрдэнэ нотлох баримт уншиж сонсгосныг “шинжлэн судлах” гэж, шүүх хуралдааны шүүмжлэлийг “мэтгэлцээний” үе гэж санаатай гуйвуулж байсныг шүүх хуралдааны дамжуулалтыг гурван өдрийн турш телевизээр үзсэн монголын ард түмэн гэрчилнэ. ЭБШХ-ийн 17, 234, 237, 239, 241, 261 дүгээр зүйлд нотлох баримтыг “шинжлэх”, “шинжлэн судлах” харин 264 дүгээр зүйлд мэдүүлгийг “уншиж сонсгох” гэсэн эрс хоёр өөр нэр томъёо хэрэглэснийг прокурор, шүүгчид мэдэхгүй гэдэгт итгэхгүй байна. Энэ учраас Сүхбаатар дүүргийн шүүх ЭБШХ-ийн 17, 94, 234, 237, 261 дүгээр зүйлийг ноцтой зөрчиж, нотлох баримтыг шинжлэн судлах ба яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцэх ажиллагааг зориуд хийлгэлгүйгээр нэг талыг барьсан. Ийнхүү Сүхбаатар дүүргийн шүүх ЭБШХ-ийн 234.1-д “Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ хэргийн бүх нотлох баримтыг шинжлэн судлах арга хэмжээ авна.” гэж заасныг ноцтой зөрчсөн;
1.2 Анхан ба давж заалдах шатны шүүх хуралдааны аль аль нь мэтгэлцээний үндсэн дээр явагдаагүй нь ЭБШХ-ийн 17 дугаар зүйлийн “Шүүн таслах ажиллагаа нь эрх тэгш бүхий яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр явагдана.” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Яллагч Ё.Сагсай давж заалдах шатны шүүх хуралдаанд “Өнөөдөр Монгол Улсад давж заалдах шатны шүүх хэзээ ч мэтгэлцээний үндсэн дээр явагддаг зарчим байхгүй, хэзээ ч давж заалдах шатны шүүх хуралдаан мэтгэлцээний үндсэн дээр явагдахгүй. Тийм учраас давж заалдах шатны хуралдаанд тэр шүүгдэгч, түүний өмгөөлөгч, прокурор заавал байх албагүй. Прокурор байхгүйгээр давж заалдах шатны шүүх хэрэг шийдвэрлэж байгаа. Өмгөөлөгчийг оролцуулахгүй хэргийг шийдвэрлэж байгаа. Ялтан нарыг байлгахгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа.” /Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012.09.25-ны өдрийн 749 тоот магадлалын 60 дахь тал/ гэж мэдэгдсэн нь монголын ард түмэн шударгаар шүүгдэх эрхгүй болсныг тодорхой нотлон харуулж байна.
1.3 Хавтаст хэрэгт цугларуулсан материалаас үзэхэд мөрдөн шалгалт явагдахаас өмнө эд хөрөнгийн бодит хохирол хүлээсэн этгээд түүний гаргасан гомдол хүсэлт гэсэн алга байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүх магадлалдаа “Нийслэлийн өмчийг үнэгүйдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй” /Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012.09.25-ны өдрийн 749 тоот магадлалын 96 дахь тал/ гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуульд заагаагүй зүйлийг хохиролд тооцож, ял шийтгэсэн болохыг харуулна. ЭБШХ-ийн 43 дугаар зүйлд иргэний нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэх шаардлага тавьж байгаа иргэн, хуулийн этгээд гэж заасан байхад мөрдөн байцаах байгууллага хүчээр, албадлагаар, зохиомлоор иргэний нэхэмжлэгчдийг буй болгон, тухайн хуулийг этгээдийг төлөөлөх бүрэн эрхгүй ажилтнаас мэдүүлэг гаргуулан авсан нь ЭБШХ-ийн энэ заалтыг ноцтой зөрчжээ.
Н.Энхбаяр хувьдаа нэг ширхэг ч хадаас хууль бусаар авч завшсан үйлдэл нотлогдоогүй. Харин нийслэл ашиггүй, алдагдалтай ажиллаж буй аж ахуйн нэгжээ хувьчлах, хамтарсан компани байгуулж ажиллуулах зэрэг л ажиллагаа тогтоогдсон. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Нийслэлийн Засаг дарга “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 57 дугаар зүйлд “1. Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хувь нийлүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийн хөрөнгөтэй нийлүүлж хамтарсан үйлдвэр байгуулах замаар хувьчилж болно. Ийнхүү хувьчлахдаа: 2/ төрийн өмчит хуулийн этгээдийг шинэчлэх, өргөтгөх зорилгоор бусад этгээдийн хөрөнгө нэмж оруулах” гэж заасны дагуу холбогдох тогтоол, захирамжийг гаргасан байна. Эдгээр ажиллагаанд Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа хөндлөнгөөс хууль бусаар оролцсон нөхцөл байдал мөрдөн байцаалт ба шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй. Ийм байхад түүнд ял ногдуулсан нь ЭБШХ-ийн 6.1-ийн “гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх”, 80.1-ийн “... мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дор дурдсан асуудлуудыг нотолно:
гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/; гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр; гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ...” гэсэн заалтыг ноцтой зөрчжээ;
1.3 Эсрэг ба цагаатгах талын гэрчүүдийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт биечлэн оролцуулж, байцаалгах гэсэн өмгөөлөгчийн зүгээс бичгээр тавьсан хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авахаас татгалзсан нь шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барин ЭБШХ-ийн 318.2.1.-д заасныг ноцтой зөрчснийг нотлон харуулна.
1.4 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын 2007.10.17-ны 188 дугаар тогтоолыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн тогтоолоор хууль бус хэмээн үзэх үндэслэлгүй гэж нэгэнт тогтоосон байхад Н.Энхбаяр нарыг гэм буруутай гэж үзэж ял шийтгэсэн нь илт хууль бус болсныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “Өргөө НӨҮГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Энхжаргал Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын 188 тоот тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргасан...” /Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012.09.25-ны өдрийн 749 тоот магадлалын 95 дахь тал/ гэж хүлээн зөвшөөрсөн байна. Ийм учраас ЭБШХ-ийн 319 дүгээр зүйлд заасны дагуу давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ёстой байтлаа энэ үүргээ биелүүлэлгүй ЭБШХ-ийг ноцтой зөрчсөн. Түүгээр ч зогсохгүй НИТХТ-ийн хурлын 2007 оны 188 дугаар тогтоолыг хууль ёсны гэж үзсэн Улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байсаар байхад Нийслэлийн давж заалдах шатны шүүх “Түүнчлэн хууль бус шийдвэр гаргасан нь тогтоогдсон тул “Өргөө” НӨҮГ-ыг татан буулгаж, “Дун-Өргөө” хамтарсан компани байгуулах тухай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын 2007 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 188 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын 2007 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 555 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.” /Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012.09.25-ны өдрийн 749 тоот магадлалын 93 дахь тал/ гэсэн нь шүүгчид эрх мэдлээ хэтрүүлсэн болохыг харуулж байна. Түүнчлэн энэ нь ЭБШХ-ийн 95.4-ийн “Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.” гэж заасныг ноцтой зөрчсөн.
1.5 Яллах дүгнэлтэд байхгүй ба шүүхийн хэлэлцүүлгийн үед огт яригдаагүй байхад Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012.08.02-ны өдрийн 326 тоот шийтгэх тогтоолын 45 дугаар хуудсанд “...гүйцэтгэх ажлын чиглэлээр бэхжүүлэгдсэн материал” гэж нэмж оруулсан нь ЭБШХ-ийн 94.2-ын “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ. Мөн ЭБШХ-ийн 79.3-т “Эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болох”, 234.1-т “Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ хэргийн бүх нотлох баримтыг шинжлэн судлах арга хэмжээ авна.”, 246.1-т “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор байна.” гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн байна;
1.6 ЭБШХ-ийн 45.1-д “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ.” гэж заасныг ноцтой зөрчиж, Н.Энхбаярт ял ногдуулсан хэрэгт хамтран оролцогчоор татагдсан Х.Наранхүү зэрэг хүмүүсийн мэдүүлгийг Н.Энхбаярыг шийтгэх гол нотлох баримт болгосноороо ЭБШХ-ийг ноцтой зөрчсөн;
1.7 ЭБШХ-ийн 398.1-д “Гадаад улсын нутаг дэвсгэрт байцаалт, үзлэг, нэгжлэг, туршилт, эд хөрөнгө хураан авах болон энэ хуульд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн бусад ажиллагаа явуулах шаардлагатай бол уг асуудлыг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ.” гэж заасан байхад АТГ-аас ЭБШХ-ийн энэ заалтыг ноцтой зөрчих арга замаар буй болгосон, Япон улсаас олж ирсэн, 2012.02.20 гэсэн огноотой “гэрчилгээ” гэгч бичгээр Н.Энхбаярт ял халдаасан. Манай улс Япон улстай эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй. Дэлхий дахинд эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэх тухай 1959 оны Европын конвенц, Иргэн, гэр бүл ба эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцаа ба эрх зүйн туслалцааны тухай 2002 оны Кишиневийн конвенц гэж бий. Тэдгээрийн аль алинд манай улс нэгдэн ороогүй. Ийм нөхцөлд АТГ харилцан туслалцаа үзүүлэх олон улсын эрх зүйн зарчмыг удирдлага болгон өмнө дурдсан олон улсын конвенцыг жишиглэн гадаад хэргийн болон хууль зүйн яамаараа дамжуулан Японы талд асуудал тавих байсан. Ингэсэн нөхцөлд ЭБШХ-ийн 398.1 зөрчигдөхгүй байх байсан. Гэтэл АТГ ЭБШХ-ийн энэ заалтыг бүдүүлгээр зөрчсөн. Яллагч Ё.Сагсай давж заалдах шатны шүүх хуралдаанд “Өнөөдөр Монгол Улсад давж заалдах шатны шүүх хэзээ ч мэтгэлцээний үндсэн дээр явагддаг зарчим байхгүй, хэзээ ч давж заалдах шатны шүүх хуралдаан мэтгэлцээний үндсэн дээр явагдахгүй. Тийм учраас давж заалдах шатны хуралдаанд тэр шүүгдэгч, түүний өмгөөлөгч, прокурор заавал байх албагүй. Прокурор байхгүйгээр давж заалдах шатны шүүх хэрэг шийдвэрлэж байгаа. Өмгөөлөгчийг оролцуулахгүй хэргийг шийдвэрлэж байгаа. Ялтан нарыг байлгахгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа” гэж мэдэгдсэн нь монголын ард түмэн шударгаар шүүгдэх эрхгүй болсныг тодорхой нотлон харуулж байна.
Анхан ба давж заалдах шатны шүүх ЭБШХ-ийн 79.4-т “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэсэн заалтыг удирдлага болгон нотлох баримтаас хасах үүрэгтэй атлаа түүнийгээ биелүүлэхээс зориуд зайлсхийсэн. Энэ нь бас ЭБШХ-ийн 79.1-ийн “Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэснийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл хуульд заасан журмын дагуу АТГ тухайн баримт сэлтийг аваагүй гэсэн үг.
1.8 Хавтаст хэрэгт Япон улсын буддын Агон Шюү байгууллагын ерөнхийлөгч Кирияма байгууллагынхаа албан ёсны хэвлэмэл маягтад байгууллагын болон хувийн хоёр тамгаа дарж баталгаажуулсан 2000.02.21-нээр огноолсон “Эрхэм Намбарын Энхбаяр танаа. Улсын Их Хурал. Парламент дахь цөөнхийн бүлгийн дарга. МАХН-ын дарга. Эдгээр телевизийн болон аудио тоног төхөөрөмжийг манай Агон Шу-гаас хандивлав.” гэсэн хэн ч маргахын аргагүй цагаатгах нотлох баримт байсаар байхад анхан ба давж заалдах шатны шүүх зориуд орхигдуулсан нь ЭБШХ-ийн 94.1-ийн “шүүх нь цугларсан нотлох баримтыг бүх талаас нь, бодит байдлаар хянаж үзэх үүрэгтэй.” гэж заасныг ноцтой зөрчсөнийг нотлон харуулж байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүх магадлалдаа “Харин Буянт-Ухаа дахь гаалийн архивт хадгалагдаж, телевизийн тоног төхөөрөмжийг Монгол улсын хилээр оруулж гаалийн бүрдүүлэлт хийсэн баримтад байгаа Н.Энхбаярт хаягласан Агон-Шү байгууллагын захидал гэх баримт нь уг тоног төхөөрөмжийг түүнд бэлэглэсэн болохыг нотлоогүй...” /95 дугаар хуудас/ гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй болохыг бүр ч тодорхой харуулж, ЭБШХ-ийн 317 дугаар зүйлд заасны дагуу Сүхбаатар дүүргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.
1.9 Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч ба өмгөөлөгчийн зүгээс тавьсан бөгөөд хэрэгт чухал ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг (Д.Чойжамц, Н.Болормаа, Ц.Батбаяр, Х.Наранхүү зэрэг) шүүх хуралдаанд биечлэн оролцуулж байцаалгах хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барин ЭБШХ-ийн 318.2.1.-д заасныг ноцтой зөрчсөн байхад Сүхбаатар дүүргийн шүүхийн энэ ноцтой алдааг давж заалдах шатны шүүх засамжлаагүй. Ялангуяа Д.Чойжамц, Х.Наранхүү нарын мэдүүлгээр Н.Энхбаярыг шийтгэх үндэслэгээ болгосон нь бүр ч ноцтой. Тухайлбал нийслэлийн давж заалдах шатны шүүх их хамба Д.Чойжамцын “... телевизийн тоног төхөөрөмжийг ...шашин соёлоо хөгжүүлэхэд зориулж өгсөн...” /Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012.09.25-ны өдрийн 749 тоот магадлалын 65 дахь тал/ гэсэн мэдүүлгээр Н.Энхбаярыг гэм буруутай хэмээн үзжээ. Х.Наранхүүгийн “...Би Мягмаржаргал гэдэг хүнийг танихгүй байсан. 2005 онд болов уу, тухайн үед Монгол улсын ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр над руу утсаар яриад Мягмаржаргал гэж хүн очино, энэ хүн хариуцлагатай боломжийн хүн байгаа юм. Бизнесийг нь нэлээд сайн дэмжээд өгөөрөй гэсэн.” /Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012.09.25-ны өдрийн 749 тоот магадлалын 88-89 дэх тал/ гэсэн мэдүүлгээр Н.Энхбаярт ял ногдуулсан;
1.10 ЭБШХ-ийн 284.3-т “Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсэний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ.” гэж заасан байхад Сүхбаатар дүүргийн шүүх хууль бус, зохиомол нотлох баримтад тулгуурлаж гаргасан 2012.08.02-ны 326 тоот хууль бус ба үндэслэлгүй шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзсэн нь ЭБШХ-ийн 6 дугаар зүйлд заасан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт нь гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангана гэсэн заалтыг ноцтой гажуудуулсан.
2.Гүйцэд биш мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэг
ЭБШХ-ийн 318.1-ийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох буюу өөрчлөх нэг гол үндэслэл болдог мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан байвал гүйцэт биш хийсэн гэж үзнэ гэсэн заалт ноцтой зөрчигдсөн. Энэ нь мөрдөн байцаалтын ба шүүхийн хэлэлцүүлгийн үед байцаан шийтгэх дор дурдсан ажиллагааг зориуд явуулаагүй буюу санаатай орхигдуулсан байдлаар илрэлээ олжээ. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд тэмдэглэсэн “Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарт холбогдох хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахдаа, тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг бүрэн шалгаж тогтоосон, энэ хэрэгт мэдүүлэг өгч болох гэрчүүдийг бүгдийг байцаасан, зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгэсэн, хэрэгт чухал ач холбогдол бүхий баримт сэлт, эд мөрийн баримтыг шаардан гаргуулсан байна.” /Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012.09.25-ны өдрийн 749 тоот магадлалын 92-93 дахь тал/ гэсэн дүгнэлт үндэслэлгүй, хуурмаг болох нь дор дурдсанаар нотлогдож байна:
2.1 Хавтаст хэрэгт байгаа Японы буддын Агон Шюү байгууллагын ерөнхийлөгч Кириямагаас ирүүлсэн түүний хоёр тамга бүхий 2000.02.21-ний өдрийн албан бичиг ба АТГ-аас Японы буддын Агон Шюү байгууллагаас авсан гэх 2012.02.20-ны өдрийн “гэрчилгээ” гэгч бичгийн чухам аль нь жинхэнэ эсэх, аль нь хууль ёсны, аль нь хууль бус гэдгийг Япон улсын холбогдох талаар албан ёсоор тогтоолгоогүй;
2.2 Н.Энхбаяр гэм буруугүй болохыг гэрчлэх Японы буддын Агон Шюү байгууллагын ерөнхийлөгч Кириямагаас гэрчийн мэдүүлэг авахуулаагүй;
2.3 Японы буддын Агон Шюү байгууллагын зөвлөх Пема Гялпо-гаас телевизийн бэсрэг төхөөрөмж хандивлах ажлыг хөөцөлдөн зохион байгуулсан гэсэн олон гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт байхад анхан шатны шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн Япон улсад суугаа консулын газраар гэрчлүүлсэн түүний нэн чухал тодорхойлолтыг нотлох баримт болгоогүй орхигдуулсны зэрэгцээ Пема Гялпог японы талаар олон улсын гэрээг жишиглэн гэрчээр байцаалгаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа “Мөн Агон-Шү байгууллагын Пема Гялпогийн 2009 оны 12 сарын 09-ны өдөр бичсэн бичгийг өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргаж өгсөн ба энэ баримтыг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй байна” /95 дугаар хуудас/ гэж дүгнэсэн нь ЭБШХ-ийн 92.3-т өмгөөлөгч баримт сэлт гарган өгч болно гэснийг ноцтой зөрчжээ;
2.4 Д.Чойжамц ба Н.Энхбаяр нарыг нүүрэлдүүлэн байцаагаагүй атлаа хамбын мэдүүлгээр Н.Энхбаярыг гэм буруутай гэж үзсэн;
2.5 Н.Энхбаяр нарт “Хөрөнгийн Үнэлгээний Төв” ХХК-ий 2012.02.04-ний өдөр гаргасан хөрөнгийн үнэлгээний шинжилгээгээр ял халдаахдаа “Ю-Би Пропертиес” ХХК-ий 2007.10.27-ны өдөр гаргасан хөрөнгийн үнэлгээний чухам аль нь зөв болохыг тогтоолгоогүй. Хөрөнгийн үнэлгээний 2012.02.04-ний өдрийн шинжилгээний явцад ЭБШХ-ийн 157, 164 дүгээр зүйлийг зөрчсөн. Хөрөнгийн үнэлгээ ба гэмт хэргийн хохирол хоёрыг зориуд адилтган үзэж, зөвхөн Н.Энхбаярыг гэмт хэрэгтэн болгохоор мөрдөн байцаалт болон анхан ба давж заалдах шатны шүүх улайрсан;
2.6 Н.Энхбаяр ба Н.Болормаа нарыг нүүрэлдүүлэн байцаагаагүйгээр үл барам Н.Болормааг хамжигч гэж үзэж, улмаар түүнийг хууль бусаар тусгаарласан;
2.7 Н.Энхбаяр ба Ц.Батбаяр нарыг нүүрэлдүүлэн байцаагаагүйгээр барахгүй Ц.Батбаярыг хамжигч гэж үзэж, улмаар түүнийг хууль бусаар тусгаарласан;
2.8 Н.Энхбаяр ба Х.Наранхүү нарыг нүүрэлдүүлэн байцаагаагүй атлаа Х.Наранхүүгийн мэдүүлгээр Н.Энхбаярыг шийтгэж, Х.Наранхүүг хамжигч гэж үзэж, улмаар түүнийг тусгаарласан.
3. Хүний эрхийг ноцтой зөрчсөн
Н.Энхбаяр болон эл хэрэгт холбогдуулсан бусад шүүгдэгчид, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг дараахь байдлаар ноцтой зөрчсний заримыг нь товч дурдвал:
3.1 Төрийн тусгай хамгаалалтад байгаа Н.Энхбаяр нь 2011.06.15-ны өдөр сайн дураараа урьдчилсан мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгч, дараа нь 2011.10.24-ний өдөр Улсын мөрдөн байцаах газарт “Байр сууриа илэрхийлэх тухай” хэмээн гарчигласан бичиг, АТГ-ын дарга Н.Ганболдод өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх талаар 2011.12.23-ны өдөр мэдэгдэл өгсөн байхад 7 сарын 1-ний нийтийн эмх замбараагүй байдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийсний дараахан түүнийг 360 гаруй цагдаа, ЦЕГ-ын тусгайгийнхны хүчийг оролцуулан сүр дуулиантай баривчилсан нь ЭБШХ-ийн 16.3-ын мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь яллагдагчийг өөрийнхээ эсрэг мэдүүлэг гаргуулахаар хүч хэрэглэхийг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчжээ. Энэ нь бас Н.Энхбаярын шүүх хуралдаанд бэлтгэх, олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх гэсэн урьдчилан бодож боловсруулсан ажиллагааны нэг угтвар нөхцөл байсан ажээ.
3.2 Н.Энхбаярыг ийнхүү хүч хэтрүүлэн, хууль бусаар баривчлан цагдан хорьсноор ЭБШХ-ийн 261.2-ын цагаатгах баримтыг нотлох үүргийг шүүгдэгч хүлээнэ гэсэн заалтыг хэрэгжүүлэх бодит боломжийг алдагдуулжээ. Мөрдөн байцаалтын шатанд түүнд хавтаст хэрэгтэй танилцах боломж олгоогүй учир цагаатгах нотлох баримт гаргаж өгөх, хөөцөлдөж олуулах, зарим баримт сэлтийг дахин нягтлан шалгуулах зэрэг ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлээгүй байна.
3.3 Н.Энхбаярыг мөрдөн шалгах явцад олон хүнийг эрүүгийн хариуцлагад татан эрхийг нь хязгаарлаж, улмаар нэлээд тооны хүнийг цагдан хорьжээ. Түүнчлэн зарим гэрчүүдэд жишээлбэл Монголын бурхан шашинтны төв – Гандантэгчлэн хийдийн их хамба Д.Чойжамцыг албадан ирүүлэх тогтоолыг удаа дараа үйлдэж, гүйцэтгүүлэхээр оролдож байжээ. Эдгээр нь ЭБШХ-ийн 10.4-ийн хэнд боловч хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй гэсэн заалтыг ноцтой зөрчжээ. Энэ нь бусад гэрчүүдээс айлган сүрдүүлж хоёрдмол утгатай мэдүүлэг авсныг нотолж байна.
3.4 Н.Энхбаяр болон хоригдсон бусад шүүгдэгч нарыг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулах талаар өөрсдөө болон өмгөөлөгч нар нь удаа дараа хүсэлт гаргаж байхад үндэслэлгүй шалтаг зааж, давж заалдах шатны шүүх хүлээн авсангүй. Энэ нь ЭБШХ-ийн 36.3.9-д яллагдагч шүүх хуралдаанд оролцох, 312.1-д давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх хуралдаанд шийтгүүлсэн этгээд оролцох эрхтэй, ЭБШХ-ийн 320-д хуульд зааснаар шүүгдэгчийг заавал байлцуулбал зохих ёстой байтал түүний оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн;
3.5 Н.Энхбаяр нь яллах дүгнэлтийн утга учрыг улсын яллагчаар тайлбарлуулах эрхээ эдэлж, өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авах эрхийнхээ дагуу өмгөөлөгчөөрөө дамжуулан яллах дүгнэлтээс асуулт тавиулж, хариулт авах боломжийг шүүх хуралдаан даргалагч хязгаарласан нь ЭБШХ-д заасан өмгөөлүүлэх эрх ба ЭБШХ-ийн 262.2-ыг ноцтой зөрчсөн;
3.6 Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй шүүгдэгч болон өмгөөлөгч танилцах, засвар оруулах саналаа өгөх эрхийг эдлүүлээгүй нь ЭБШХ-ийн 41.3.5, 253.6-7-г ноцтой зөрчсөн. Энэ учраас шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэхэд нэн чухал ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулшгүй байдлыг буй болгосон;
3.7 Анхан шатны шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлуулаагүй, эсрэг талын гэрчийг байцаалгаагүй, улсын яллагч ба өмгөөлөгчийг мэтгэлцүүлээгүй зэргээс болж, ЭБШХ-ийн 239.4-т заасан шүүгдэгчийн хувьд нэн чухал ач холбогдолтой байдаг улсын яллагч шүүгдэгчийг яллахаас татгалзах санал гаргах эрхийг эдлүүлэх боломжгүй болгосон.
Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын олон заалтыг Н.Энхбаяр нарын мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагааны явцад ноцтой зөрчснийг зориуд цохон тэмдэглэж байна.
4. Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн
Н.Энхбаярыг холбогдуулан түүнийг мөрдөн шалгах, шүүн таслах, давж заалдах үед Монгол Улсын Үндсэн хуулийн “аль нэг нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно.” (16 дугаар зүйлийн 10), дур мэдэн хэнийг ч баривчлахыг хориглоно (16 дугаар зүйлийн 13), нотлох баримтыг шалгуулах (16 дугаар зүйлийн 14), шударга шүүхээр шүүлгэх (16 дугаар зүйлийн 14), хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох (16 дугаар зүйлийн 14), шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана (49 дүгээр зүйлийн 1), Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ (50 дугаар зүйлийн 2), хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх хэргийг ил таслан шийдвэрлэнэ (54 дүгээр зүйл), Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино (70 дугаар зүйлийн 1) гэсэн заалтыг ноцтой зөрчсөнөөрөө ЭБШХ-ийн 8.1-д мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэж заасныг бүдүүлгээр гажуудуулсныг харуулж байна. Мөн хуулийн 8.2-т “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ хуулийн 8.1-ийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, түүнд хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн нь ЭБШХ-ийн 348.3-т заасны дагуу хяналтын шатны шүүх тогтоол, магадлалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэж заасан бөгөөд Н.Энхбаяр нарыг мөрдөн шалгах ба шүүн таслах явцад Монгол Улсын олон улсын гэрээ тухайлбал, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын олон хэм хэмжээг ноцтой зөрчигдсөн болохыг зориуд цохон тэмдэглэж байна.
5. Шүүгчид хараат бус байдлаа алдсан
Сүхбаатар дүүргийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ /ерөнхий шүүгч/, С.Оюунчимэг, М.Алдар, Нийслэлийн давж заалдах шатны шүүгч Б.Сарантуяа /ерөнхий шүүгч/, Х.Эрдэнэсувд, Г.Алтанчимэг нар ЭБШХ-ийн 15.1-д “Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэж заасныг ноцтой зөрчсөн нь дараахь байдлаар батлагдаж байна:
5.1 Монгол улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчсөнийг өмнө тэмдэглэсэн;
5.2 ЭБШХ-ийг удаа дараа ноцтой зөрчснийг өмнө дурдсан;
5.3 Эрүүгийн хуулийг зориуд буруу хэрэглэсэн;
5.4 Хэрэг шийдвэрлэхдээ зөвхөн Үндсэн хууль ба бусад хуульд захирагдана гэж өргөсөн Монголын шүүгчийн тангаргаас няцсан;
5.5 Анхан ба давж заалдах шатны шүүх хуралдааны явцад ЭБШХ-ийн 238 /Шүүх хуралдааны ажиллагаанд оролцогч талууд тэгш эрхтэй байх/ дугаар зүйлийг ноцтой гажуудуулж, зөвхөн улсын яллагчийн үгийг дуулгавартай, үг дуугүй дагаж, өмгөөлөгчийн удаа дараалан бичгээр ба амаар гаргасан хууль ёсны ба үндэслэлтэй хүсэлтийг хүлээн авахаас эрс татгалзсан. Ийнхүү аль аль шатны шүүгчид яллах талд ичгүүр сонжуургүй үйлчилсэн.
5.6 Шүүгчид Н.Энхбаяр нарын хэрэгт тодорхой ашиг сонирхлын үүднээс түүнчлэн урьдчилсан тогтсон бодолтой оролцож, түүнээ эрс хамгаалсан. Энэ нь ЭБШХ-ийн 49 дүгээр зүйлд шүүгч өөрөө шууд буюу шууд бусаар тухайн тодорхой хэрэгт хувийн сонирхолтой байвал шүүх бүрэлдэхүүнд орж болохгүй гэсэн заалтыг ноцтой гажуудуулсан.
ХОЁР.ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ БУРУУ ХЭРЭГЛЭСЭН ТУХАЙД
Мөрдөн байцаах байгууллага ба Сүхбаатар дүүргийн шүүх болон Нийслэлийн давж заалдах шатны шүүх дараахь байдлаар Эрүүгийн хуулийг /цаашид ЭХ гэж товчилно./ маш ноцтойгоор буруу хэрэглэсэн:
1. Н.Энхбаярыг гэмт хэрэгтэн болгон хувиргаж, олон жилийн хугацаатай хорих ял ногдуулах зорилгоор Монгол улсын ЭХ-ийн ерөнхий ангийн 19, 35.3 дугаар зүйлийг зориуд буруу хэрэглэсэн Үүнд:
1.1 Н.Энхбаярын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдүүн байхгүй байхад нийлмэл гэмт хэрэг гэж үзсэн нь түүнийг холбогдуулсан бүх үйлдэлд ЭХ-ийн 150.3-ыг зүүж, заавал олон жилийн хорих ял ногдуулах санаа бодол агуулж, ЭХ-ийг зориуд буруу хэрэглэснийг харуулж байна. Энэ байдлыг зөвтгөхийн тулд давж заалдах шатны шүүхийн магадлалд “Н.Энхбаярын үйлдсэн гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан 2 объект болох бусдын өмчлөх эрх болон байгууллагын хэвийн үйл ажиллагаа, эрх ашгийг хөндсөн тул нийлмэл гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь зөв байна.”
Н.Энхбаярыг ийнхүү хүч хэтрүүлэн, хууль бусаар баривчлан цагдан хорьсноор ЭБШХ-ийн 261.2-ын цагаатгах баримтыг нотлох үүргийг шүүгдэгч хүлээнэ гэсэн заалтыг хэрэгжүүлэх бодит боломжийг алдагдуулжээ.
/Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012.09.25-ны өдрийн 749 тоот магадлалын 94 дэх тал/ гэсэн нь ЭХ-ийг санаан зоргоороо гуйвуулан хэрэглэснийг нотолж байна. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн объект нь өмч, албан тушаалын гэмт хэргийн объект нь зөвхөн төрийн албаны хууль ёсны үйл ажиллагаа болдгийг мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид мэдэхгүй байна гэдэгт үнэндээ итгэж өгөхгүй байна.
1.2 Эрүүгийн хуулийн 35.3 дахь хэсгийг журамласан нь Н.Энхбаярыг гэмт хэргийн зохион байгуулагч болгон хувиргах оролдлогоос өөр юу ч биш. Гэтэл Н.Энхбаярыг холбогдуулсан хэрэгт хэн ч гэмт хэргийн гүйцэтгэгчээр татагдаагүй. Мөрдөн байцаалт ба шүүн таслах ажиллагааны явцад гүйцэтгэгч тогтоогдоогүй. Сүхбаатар дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолд “...Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нар хамжигчаар оролцсон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.” гэсэн нь үүнийг баталж байна. Прокурор Ё.Сагсай давж заалдах шатны шүүх хуралдаанд “Энэ хэргээс хэд хэдэн хэрэг тусгаарлагдсан. Зарим хүмүүс нь гадаадад оргон зайлаад явчихсан ирэхгүй байгаа учраас хэргийг тусгаарласан. Тэр хүмүүс ирсний дараа тэр хүмүүсийн үйлдлийг шалгаж, хэргийн бодит байдлыг тогтоох үед тэр хүмүүс магадгүй гүйцэтгэгч нар болно. Болно гэж үзэж байгаа.” /Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012.09.25-ны өдрийн 749 тоот магадлалын 60 дахь тал/ хэмээн мэдэгдсэн нь өмнө дурдсныг давхар баталж байна. Прокурорын хэлж байгаа шиг гэмт хэргийн зүйлчлэлийг болж өнгөрсөн эрүүгийн нотлогдсон хэрэгт биш харин ирээдүйд мөрдөн шалгах хэрэгт ингэж хийдэг болсон юм уу? Тэгэхээр шүүх гэм буруутай болохыг нь тогтоогоогүй байхад прокурор яагаад шүүхийн өмнөөс хэн нэгний гэм бурууг урьдчилан, дур мэдэн тогтоож, ирээдүйд “гүйцэтгэгч болно” гээд байгаа юм бэ? Энэ бол шүүхээс өмнөх шатанд прокурор хэргийг нэгэнт шийдвэрлэчихсэн болохын бас нэгэн нотолгоо мөн. Хоморголсон аймшигт хэлмэгдүүлэлтийн хөрс манай улсад нэгэнт бий болчихжээ. Үүний эсрэг Сүхбаатар дүүргийн анхан ба Нийслэлийн давж заалдах шатны шүүх сөрж зогсох чадвараа нэгэнт алдсан болохыг шүүх хуралдааны үйл явц харуулав.
2. Монгол улсын ЭХ-ийн 150.3-ыг мөрдөн байцаалт болон анхан ба давж заалдах шатанд зориуд буруу хэрэглэсэн:
2.1 Манай улсын удаа дараагийн Эрүүгийн хуульд эд хөрөнгө итгэмжлэгдэн хариуцсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж ирсэн өмчийн эсрэг гэмт хэргээр Н.Энхбаярыг шийтгэсэн явдал дэндүү хууль бус шинжтэй болсон. Нийслэлийн давж заалдах шатны шүүх “Хуулиар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд өмч хувьчлалын комиссын дарга нар нь Нийслэлийн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд мөн.” /Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012.09.25-ны өдрийн 749 тоот магадлалын 78 дахь тал/ гэсэн зориудын буруу, хууль бус дүгнэлт хийсэн. Энэ нь дагаж мөрдөж буй хуулиудыг ичгүүр сонжуургүй, улайм цайм гуйвуулсан дүгнэлт. Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуульд заасны дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрөө удирдах ёсны байгууллага. Нийслэлийн Засаг дарга нь төрийн төлөөлөгч.
“Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 77 дугаар зүйлд “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч байна.” гэж заажээ. Эдгээрээс үзэхэд Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хийсэн өмнө дурдсан дүгнэлт ноцтой алдаа болсон нь тодорхой байна.
1961 оны Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлд “Иргэдийн хадгалуулах буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн үнэт эд хөрөнгийг ашиглаж үрэгдүүлбэл” гэж зааж байжээ. 1986 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлд “улс, хоршоолол, олон нийтийн эд хөрөнгийг эрхлэн хариуцсан этгээд уг эд хөрөнгийг завшсан буюу үрэгдүүлсэн, эсхүл албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг урвуулж шунахай зорилгоор улс, хоршоолол, олон нийтийн хөрөнгийг авсан бол” хэмээн зааж байсан.
2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсэн, эсхүл албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж бусдын эд хөрөнгийг авсан бол” гэж заажээ. УИХ 2008 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн хуулиар “эсхүл албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж бусдын эд хөрөнгийг авсан бол” гэснийг хассан байна. ЭХ-ийн 3.2-т “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно.” гэж заасан тул ЭХ-ийн 150 дугаар зүйлийг ягштал дагаж мөрдөх ёстой учраас нэгд, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, хоёрт, бусдын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд биш, түүнчлэн НИТХТ-ийн хурал, түүний дарга, Нийслэлийн Засаг даргын гаргасан хууль ёсны шийдвэртэй холбож, Н.Энхбаяр нарт ял шийтгэж хэрхэвч болохгүй.
Дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулиар гэмт хэрэг гэж чухам юуг үзэх вэ? гэдгийг ЭХ-ийн 16 дугаар зүйлд “Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ.” гэж тодорхойлсноос үзэхэд УИХ 2008.02.01-ний өдөр ЭХ-д оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “албан тушаалын байдлаа ашиглаж” бусдын эд хөрөнгийг завшсан тохиолдлыг гэмт хэрэг биш болгожээ. ЭХ-ийн 3.2-т “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно.” гэж заасан билээ. Гэтэл Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012.08.02-ны өдрийн 326 тоот шийтгэх тогтоолд “2008 оны Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “... албан тушаалын байдлаа ашиглаж...” гэсэн шинжийг хуулиас хассан хэдий боловч энэ нь албан тушаалтныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэсэн ойлголт бус харин Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна...” гэсэн зарчимтай уялдан бий болсон Эрүүгийн хуульд орсон өөрчлөлт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй” гэсэн байна. Монгол улсын Үндсэн хуулиар зарлан тунхагласан “тэгш эрх”-ийн зарчмыг удирдлага болгон аливаа хүнд ял ногдуулж хэрхэвч болохгүй. Нөгөө талаар шүүгчид ЭХ-ийн хэм хэмжээг тогтоол, магадлалдаа тайлбарлах эрхгүй бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүгчид эрх мэдлээ хэтрүүлэн Н.Энхбаярыг нийгмээс тусгаарлахын тулд санааны зоргоороо ЭХ-ийг тайлбарласан байна. Үндсэн хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу Улсын дээд шүүх л албан ёсны тайлбар гаргах эрхтэй билээ. Эрүүгийн хуулийг ингэж буруу хэрэглэсэн ноцтой алдааг Сүхбаатар дүүргийн шүүх гаргасан байхад Нийслэлийн давж заалдах шатны шүүх засахгүй улам лавшруулав.
ЭХ-ийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд. “Итгэмжлэгдэн хариуцсан” гэсэн томъёолол нь итгэмжлэл гэсэн хууль зүйн нэр томъёоноос үүдэлтэй. Итгэмжлэл бол нэг этгээд нь өөрийн нэрийн өмнөөс хууль зүйн үр дагавар бүхий тодорхой үйлдэл хийлгэхийн тулд нөгөө этгээдэд бүрэн эрх олгосноо бичгээр тодорхойлсон байх явдал юм. Гэтэл Н.Энхбаяр хэний ч, ямар ч эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцах эрх зүйн харилцаанд ороогүй, өөрийнх нь гүйцэтгэж байсан албан үүрэгт ийм чиг үүрэг огт байхгүй. Япон улсын буддын Агон Шюү байгууллагаас буддын шашныг суртачлах телевиз байгуулах монголчууудын нийтлэг үйлсэд нь тус дөхөм үзүүлэх зорилгоор бэсрэг төхөөрөмжийг Н.Энхбаяр, Д.Чойжамц нарт хандивласан үйлдэл нь гэмт хэрэг бус харин иргэний эрх зүйн хэлцэл.
Япон улсын буддын Агон Шюү байгууллагын ерөнхийлөгч Кириямагаас 2000.02.21-нд байгууллагынхаа албан ёсны хэвлэмэл маягт, байгууллагын болон хувийн тамгаа дарсан бичигт Н.Энхбаярт хандивлав хэмээн бичсэн нь тэр бэсрэг төхөөрөмжийг нийтийн тусын тулд Н.Энхбаярт гардуулж өгсөн болохыг нотолж байна. “Өргөө” зочид буудал НӨҮГ, “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ, Эрдэнэт үйлдвэрийн ганбөмбөлгийн хувьд Н.Энхбаяр нь хувьдаа нэг ч хадаас завшсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй. Энэ учраас Н.Энхбаярын үйлдэлд ЭХ-ийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдүүнгүй байна.
2.2 ЭХ-ийн тусгай ангийн 263 дугаар зүйлээр Н.Энхбаярт хорих ял ногдуулсан нь Эрүүгийн хуулийг зориуд буруу хэрэглэсэн явдал болсон. Ингэхдээ ЭХ-ийн 263 дугаар зүйлд заасан “албан тушаалын байдал” гэсэн томъёоллыг Улсын дээд шүүхийн тайлбарт албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг хэлнэ гэж заасныг иш үндэс болгон Н.Энхбаярыг шийтгэсэн нь нэг талаар цаашдаа ЭХ-ийг төсөөтэй хэрэглэж, хүмүүсийг хоморголон хэлмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэв. Түүнчлэн ЭХ-д “албан тушаалын байдал” гэсэн нэр томъёог олонтоо хэрэглэсэн байхад зөвхөн 263 дугаар зүйлд заасан “албан тушаалын байдал” гэснийг л Улсын дээд шүүх сугалан авч буруу тайлбарласан. Нөгөө талаар УИХ 2002 оны ЭХ-ийн 263 дугаар зүйлд “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдал” заахдаа “буюу” гэсэн холбоос үг хэрэглэж “албаны эрх мэдэл” ба “албан тушаалын байдал” гэсэн томъёоллыг ижил эн тэнцүү утга санаатай тогтоосныг үгүйсгэсэн. 1986 оны шинэчлэн найруулсан ЭХ-ийн 192 дугаар зүйлд “Эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэж томъёолж байсан. Чухам яагаад “эрх мэдэл” буюу “албан тушаалын байдал” гэсэн нэр томъёо нь эн тэнцүү утга санааг агуулдаг вэ? гэвэл албан тушаалтны “эрх мэдэл” нь хуулиар тогтоогдсон байна. Харин “албан тушаалын байдал” нь тухайн тодорхой этгээдэд тусгайлан олгосон эрх, эсхүл түр гүйцэтгэж буй чиг үүргээс үүсэж болно. Тухайлбал их дээд сургуулийн багш мэргэжлийн чиг үүрэг гүйцэтгэдэг боловч хэрэв элсэлт, төгсөлтийн даргаар томилогдон ажиллабал энэ хугацаанд албан тушаалын байдал буй болно. Манай улсын ЭХ-д “албан тушаалын байдал” хэмээсэн нэр томъёог агуулсан нэлээд хэд хэдэн зүйл байгааг дурдвал, 55.1.4, 56.1.6, 95.1, 101.2, 137.2, 139.2, 175.2, 182.3, 188.3, 194.2.2, 226.2, 245.2 зэрэг юм. Эдгээрийг Улсын дээд шүүхийн өмнө дурдсан тайлбарын дагуу албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг хэлнэ гэж ойлговол юу болох вэ? Эрүүл саруул ухаанаар бодоцгооё л доо.
Хавтаст хэрэгт цугларуулсан нотлох баримтуудаас үзэхэд Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчийн албан тушаалыг хортой ашигласан өөрөөр хэлбэл хууль бус захирамж, чиглэлийг нийслэлд өгсөн, албаны эрх мэдлээр сүр далайлгасан ямар нэгэн нөхцөл байдал огт тогтоогдоогүй. Ийнхүү Эрүүгийн хуулийн утга санаатай Улсын дээд шүүхийн өмнө дурдсан тайлбар огт нийцээгүй байна. Монгол улсын Үндсэн хуулийн 50.1-д “Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.” гэсэн заалтыг Сүхбаатар дүүргийн шүүх болон Нийслэлийн давж заалдах шатны шүүх зориуд сахин биелүүлээгүй. Энэ бүхнээс үзэхэд ЭХ-ийн 263 дугаар зүйлийг жинхэнэ утга санаанаас нь буруу хэрэглэсэн нь тогтоогдож байна. УИХ 2008 онд ЭХ-д нэмэлт өөрчлөлт оруулсан учраас ЭХ-ийн 12.1-д заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон... хуулийг буцаан хэрэглэнэ.”гэсэн заалтыг удирдлага болгох ёстой.
Өмнө дурдсанаас үзэхэд ЭХ-ийн 150, 263 дугаар зүйлийг хэрэглэх, тайлбарлахад эргэлзээтэй олон асуудал үүсэж байгаа нь нэгэнт тодорхой болсон тул ЭБШХ-ийн 13.2-д Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг заавал дагаж мөрдөх учиртай.
Түүнчлэн Н.Энхбаярт ял ногдуулсан “Өргөө” зочид буудал НӨҮГ, “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ, Эрдэнэт үйлдвэрийн ганбөмбөлгийн асуудалд ямар нэгэн бодит хохирол тогтоогдоогүй. Харин хөрөнгийн үнэлгээ буюу аж ахуйн нэгж хоорондын өр авлагын тооцооны асуудал л яригддаг. Энэ бүхнээс үзэхэд Н.Энхбаярт ЭХ-ийн 150,263 дугаар зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь ЭХ-ийн 150, 263 дугаар зүйлийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэснийг харуулж байна.
Ийнхүү Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012.08.02-ны өдрийн 326 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012.09.25-ны өдрийн 749 тоот магадлалаар Н.Энхбаярын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул ЭБШХ-ийн 348.2-т заасны дагуу тогтоол, магадлалыг хүчингүй болгоно уу., Монгол Улсын шүүхийн ариун нэр хүндийг хамгаалах, “шүүхийн жүжиг дэглэсэн” хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох, монголчуудад ирээдүйтэй итгэлтэй амьдрах нөхцлийг бүрдүүлэх эсэхийг шийдвэрлэх үйлсэд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх маш шударга, хянуур, нухацтай, хариуцлагатай, иргэний эр зоригтой хандана гэсэн итгэл найдвар тасраагүй л байна.
Хавтаст хэрэгт цугларуулсан нотлох баримтуудаас үзэхэд Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчийн албан тушаалыг хортой ашигласан өөрөөр хэлбэл хууль бус захирамж, чиглэлийг нийслэлд өгсөн, албаны эрх мэдлээр сүр далайлгасан ямар нэгэн нөхцөл байдал огт тогтоогдоогүй.
Хяналтын журмаар гомдол бичсэн:
өмгөөлөгч С.НАРАНГЭРЭЛ /Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, ШУА-ийн академич/