Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын баг амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг энэ сарын 28-нд амжилттай хийгээд байна. Хагалгаа долоон цаг үргэлжилсэн бөгөөд анхны хагалгаа амжилттай болсон гэдгийг албаныхан хэлж байна. Энэ удаа хорт хавдраар өвчилсөн эрэгтэйд мэс засал хийсэн бөгөөд ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн, Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Э.Тайванбаатар нараар ахлуулсан 42 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг ажиллажээ.
БНСУ-ын “Самсунг” эмнэлгийн эмч нарын хяналт дор тус мэс заслыг хийсэн байна. Одоогоор донор болон өвчтөний биеийн байдал сайн байгаа аж. Хавдар судлалын үндэсний төвийнхөн өчигдөр энэ талаараа хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. ХСҮТ-д элэгний хавдартай, элэгний хатууралтай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг тус төвийн бэлтгэгдсэн баг, “Самсунг” эрүүл мэндийн төвтэй хамтран амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа талаар хэвлэлийн бага хурал хийсэн юм.
Хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ХСҮТ-ийн ерөнхий захирал, “Элэг нэгт Монголчууд” сангийн тэргүүн Ж.Чинбүрэн, БНСУ-ын “Самсунг” эрүүл мэндийн төвийн Элэг шилжүүлэх төвийн захирал Жэ Жү Вон, “Элэг нэгт Монголчууд” сангийн гүйцэтгэх захирал Л.Мөнхбаясгалан, Удирдах зөвлөлийн гишүүн, гавьяат жүжигчин Т.Ариунаа тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Хурлыг нээж, ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн хэлэхдээ “Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг ХСҮТ-д нутагшуулахаар анх 2011 онд манай эмч нарын баг, БНСУ-ын “Самсунг” эрүүл мэндийн төвд хүсэлт гарган хамтран ажиллах гэрээ байгуулж байсан түүхтэй. Улмаар БНСУ-аас гадна Энэтхэг, Франц, Австри, АНУ, Япон, Тайвань, ОХУ, Казахстанд сургалтад хамрагдсан юм.
Энэ цогц мэс ажилбарыг хийхэд эмчийн мэдлэг, ур чадвараас гадна өндөр өртөг бүхий эмнэлгийн багаж төхөөрөмжүүд, лабораторийн хүчин чадал чухал. Харин нийслэлийн төсвөөс нэг тэрбум төгрөгийн санхүүжилт хийснээр өндөр өртөг бүхий 11 нэр төрлийн багаж төхөөрөмж худалдан авч, энэ ажилд ашиглаж эхлээд байна.
Ийнхүү амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийх бэлтгэл ажлууд 2011 оноос эхэлж 2017 оны аравдугаар сард дууссан. Манай элэг шилжүүлэн суулгах багийнхан ХСҮТ-д анх удаа энэ сарын 28-нд элэг шилжүүлэн суулгах хагалгааг нийслэлийн иргэн, 42 настай залууд маш амжилттай хийлээ” гэдгийг онцлов.
Мөн энэ үеэр “Элэг нэгт Монголчууд” сангийн гүйцэтгэх захирал Л.Мөнхбаясгалан “Юуны өмнө БНСУ-ын “Самсунг” эрүүл мэндийн төв нь манай эмч нарыг сургаж, долоон жилийн турш хамтарч ажиллаж ийм амжилтад хүргэж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Нийслэлийн төсвөөс гаргасан нэг тэрбум төгрөгөөр 25 саяас эхлээд 280 сая төгрөг хүртэлх үнэтэй тоног төхөөрөмжүүд худалдан авсан. Энэ санд 461 байгууллага, аж ахуйн нэгж, компани, хамт олон, хувь хүмүүсээс хандив өгч, нийт 79 сая 697 мянга 740 төгрөг хуримтлагдаад байна. Энэ нь монголчууд эвлэлдэн нэгдвэл ямар их хүчтэй болохыг харууллаа” гэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин