Эрүүл мэндийн салбар болон Монголын сэтгүүлчдийн эвлэл хоорондын хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр ЭМЯ-нд боллоо. 

Эрүүл мэндийн сайд Н.Удвал сэтгүүлчид бол эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулах, ялангуяа эрүүл мэндийн эрсдлээс ард иргэдээ хамгаалахад ихээхэн үүрэг гүйцэтгэж чадах хүмүүс хэмээн үзэж буйгаа илэрхийлээд тэднийг иргэн хүний байр сууринаас эрүүл мэндийн салбарын бодлого хөтөлбөрүүдийн хэрэгжилт, эм, хүнсний аюулгүй байдал, эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлыг хангах, архи тамхины хор уршигтай тэмцэх зэрэг асуудлуудаар олон нийтэд хөндлөнгийн байр сууринаас дамжуулан хүргэх нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийн мэдээлэл өгөх шинэ эргэлт болно хэмээн үзэж байгаагаа хэллээ.

Түүнчлэн сайд эрүүл мэндийн салбар маш олон арга хэлбэрүүдийг сонгон авч, хэрэгжүүлж, ажиллаж ирсэн хэдий ч хүссэн үр дүн гарахгүй байгаа, МСЭ-тэй хамтран ажилласнаар иргэдийн эрүүл аж төрөх, эрүүл мэндийн зан үйлийг төлөвшүүлэхэд шинэ эргэлт гарна хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.

МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид Монгол улсад үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ой ирэх 2013 онд болохыг дурдаад сэтгүүл зүйн түүхийг эргэн харахад эрүүл мэндийн салбар бол хамгийн ойр ажиллаж байсан салбар байсныг онцлон хэлэв.

Тэрбээр хүн амын эрүүл мэнд, монгол хүн бүрийн төлөө нэгдэн ажиллах үүргийг хүлээж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагаа нь нийт Монгол түмний эрүүл мэндэд томоохон хувь нэмэр оруулсан, үр өгөөжтэй, туршлага хуримтлуулсан ажил болно гэв.

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, эрүүл мэндийн салбараас хэрэгжүүлж буй бодлого, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эм, хүнсний аюулгүй байдал, архи тамхитай тэмцэх, эрүүл зан үйлийн дадал хандлагыг хэвшүүлэх, ажлын байранд эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх талаар олон нийтэд шуурхай, чанартай, үр дүнтэй мэдээллийг түгээн таниулах, сурталчилах, эрүүл мэндийн чиглэлээр бичдэг сэтгүүлчдийн тоо, оролцоо, чадавхийг нэмэгдүүлэхэд санамж бичгийн гол зорилго оршиж байгаа юм байна.