Х.ОЮУНБОЛД

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин БНХАУ-д  албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр  Ерөнхийлөгч Си Жиньпинтэй уулзаж Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох болон бүс нутагтай холбогдолтой бусад асуудлын талаар яриа өрнүүлнэ.  Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин энэ  сарын 16-ныг хүртэл айлчлах юм. Мөн  хөтөлбөрт төлөвлөсний дагуу хоёр талын хамтын гэрээнд гарын үсэг зурна. Тэд үүнээс өмнө Вьетнамд болсон Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж энэ удаагийн айлчлалыг товлосон билээ. Уулзалтаар АНУ-ын агаарын дайралтаас хамгаалах “Thaad” системийг Өмнөд Солонгост байрлуулах болон тус бүс нутагт мөргөлдөөн гарч болзошгүй талаар хэлэлцэнэ. Харин БНХАУ энэ системийг суурилуулснаар тус бүс нутгийн тогтвортой, амар амгалан байдалд заналхийлж байна хэмээн эсэргүүцэж байгаа юм. Түүнээс гадна Өмнөд Солонгос, АНУ-тай  хамтарсан цэргийн сургуулилт хийж, Умард Солонгосын хэрэгжүүлж буй цөмийн, пуужингийн хөтөлбөрийг  цуцлахыг албадахаар зорьж байгааг  дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн  юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин