Х.ОЮУНБОЛД
БНХАУ, ОХУ-ын зэвсэгт хүчин пуужингийн довтолгооноос хамгаалах хамтарсан сургуулилтыг Бээжинд хийж эхэллээ гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв. Интерфакс агентлагийн мэдээлснээр энэ хоёр улс агаарын дайралтаас болон пуужин эсэргүүцэх хамтын ажиллагааг хэрэгжүүлж гуравдагч орны халдлагаас хамгаалах тал дээр хамтран ажиллана гэж дурдсан байна. Хоёр улсын зэвсэгт хүчний өндөр албан тушаалтнууд оролцсон сургуулилт энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ. Ингэснээр энэ хоёр улс АНУ, Япон болон Өмнөд Солонгос шиг Умард Солонгосыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөө хөгжүүлэхийг дэмжихгүй буйгаа илэрхийлж байгаа юм. Харин Пхеньяны олон удаа хийсэн туршилтын улмаас Вашингтон агаарын дайралтыг эсэргүүцэх ТААД системийг Өмнөд Солонгост байрлуулсан гэсэн юм. Тэгвэл үүнийг нь Москва болон Бээжин тус бүс нутагт тогтворгүй байдал үүсгэхэд хүргэх алхам гэж үзэж эсэргүүцсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин