С.УЯНГА

Монгол Улсын хөгжил дэвшилд залуучуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, тэр дундаа хөгжлийн бодлогоор дэмжих үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас  үндэсний хэмжээний чуулганыг зохион байгууллаа. Монголын хүн амын 34.6 хувийг 15-34 насны залуус эзэлж байгаа юм. Тиймээс залуучууд эдийн засгийн хөдөлгөгч хүч, хүн амын өсөлтийг дэмжигч чухал бүлгийн хувьд эрхийг нь дэмжих, өвчлөлөөс сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах, хөдөлмөр эрхлэх, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий мэдлэг боловсрол эзэмших, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох шаардлага тулгарч байгааг албаны хүмүүс хэллээ.

Мөн ирэх оны эхнээс хэрэгжих Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн хүрээнд боловсруулж буй дүрэм, журам, хөтөлбөрийн нэг  “Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-т залуучуудын саналыг тусгах чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл 800 гаруй залуу оролцож үгээ хэлэв. Монголын  хүн амын 3/1 хувийг залуус эзэлж байгаа нь Монгол Улс залуучуудын хөгжилд тулгуурласан орон болсныг илтгэж байгааг зохион байгуулагчид хэлж байлаа.

ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН 2000 ЭНТРЕПРЕНЁР МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭНЭ

Чуулганы үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улс орны баялаг ирээдүй болсон залуучуудын тоо хамгийн өндөр байгаа энэ үеийг зөв зүйтэй ашиглаж чадвал бид хөгжил дэвшилд хүрэх нь гарцаагүй. Залуучуудад зориулж хөрөнгө оруулалт хийх нь хөгжил дэвшилд хүрэх, ажилгүйдэл, ядуурлаас ангижрах нэг гарц мөн.Тиймээс Засгийн газраас залууст зориулсан олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тухайлбал, “Орлоготой оюутан”, монгол залуусаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажиллагчдын тоог 50-иас дээш хувиар бууруулна, өндөр технологийн 2000 энтрепренёр мэргэжилтэн бэлтгэнэ, мэргэжилтэй ажилтан” бодлогын хүрээнд жилд 20.000-аас доошгүй залуусыг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сурган мэргэжил, ур чадвар эзэмшүүлнэ гэдгийг онцоллоо. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн идэвх оролцоо, хариуцлагатай манлайлал гэсэн таван үзүүлэлтээр дэлхийн улс орнууд залуучуудынхаа хөгжлийг хэмждэг бөгөөд энэ индексээр 2016 оны байдлаар Монголын залуучууд дэлхийн 183 орноос 71 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Дэлхийн залуучуудын хөгжлийн индексээр манай залуучуудын хөгжлийг хойш татаж байгаа хоёр үзүүлэлт бол эрүүл мэндийн байдал, мэргэжил, тогтвортой хөдөлмөр эрхлэлт гэв.

30 МЯНГАН ЗАЛУУ ГАДААДАД СУРЧ БАЙНА

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “ Хурдацтай хөгжиж буй улс орнуудын туршлагаас харвал өөрийн орны хөгжлийн онцлогт тохирсон боловсролын болон инновацийн тогтолцоог хөгжүүлж, бүтээмжээ дээшлүүлэн мэдлэгт суурилсан, тогтвортой эдийн засгийг хөгжүүлэхэд гол анхаарал, хүчээ төвлөрүүлдэг. Ур чадвартай хүний нөөц болон өндөр технологийн судалгааг хөгжүүлэхэд дээд боловсролын салбар  чухал үүрэг гүйцэтгэж, хөгжлийн нэг гол хөдөлгөгч хүч болсоор ирсэн. Манай улсын хувьд монгол хүний шинийг эрэлхийлж, хошуучлан зүтгэх тэмүүлэл, оюуны чадвартаа түшиглэн бусад улс орны хурдацтай хөгжлийн туршлагыг нутагшуулах, оновчтой хөрөнгө оруулалт хийж бүтээмжийг нэмэгдүүлэх, өөрийгөө тасралтгүй цэнэглэн хөгжүүлж байдаг мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоход чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, дээд боловсролын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх шаардлагатай.Өнгөрсөн таван жилийн хугацаанд 4000 гаруй оюутан Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаад орнуудад тэтгэлгээр суралцсан байна. Мөн 30 орчим мянган монгол оюутан залуус дэлхийн олон оронд мэдлэг чадвараа дээшлүүлж, боловсрол эзэмшихээр сурч байна.

Залуучуудын үгийг сонсч, үзэл бодлыг нь хөгжлийн баримт бичигт тусгасан үндэсний чуулганд яамдын сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээгээ танилцуулав. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Залуучуудын ажилгүйдлийн түвшин өндөр байна. Залуусын амьдралын буруу хэв маягтай холбоотойгоор архи, тамхины хэрэглээ өндөр байна. Янз бүрийн халдварт өвчнүүд буурахгүй байна. Боловсролыг чанартай болгох, ялангуяа их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах асуудал чухал байна. Залуучуудад тулгамдаж байгаа асуудлыг шийд­вэрлэхэд тодорхой арга хэмжээ авч ажиллана” гэлээ. Мөн Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж  “Зөвлөгөөнд малчид, бизнес эрхлэгчид, хөгжлийн бэрхшээлтэй залуус оролцож үгээ хэлж байна. Залуучуудын хөгжлийн хуулийн хү­рээнд гарах хөтөлбөр, дүрэм журамд залуусын саналыг тусгана. Төрөөс залуусын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрх­лэлтийг дэмжих бодло­гыг тодорхой болгоно” гэлээ.

Энэ үеэр хөдөө орон нутгаас ирсэн залуусыг төлөөллийн байр суурийг сонссон юм.

Л.БААСАНЦЭРЭН: АРЬС ШИР, НООСНЫ  УРАМШУУЛЛЫГ НДШ-Д СУУТГААСАЙ

/Хөвсгөл аймгийн Жаргалан сумын иргэн/

-Залуу малчин гэр бүлийн хувьд төрөөс олгодог арьс, шир, ноосны урамшууллыг Нийгмийн даатгалын шимтгэлд суутгадаг болвол сайн байна. Тэгэхгүй бол малчдын хувьд сар бүр нийгмийн даатгалаа төлөх боломж хомс учраас ирээдүйд тэтгэвэрт гарахад хүндрэлтэй. Дээр үед нэгдлийн мал малласныг улсад ажилласан жилээр тооцдог байсан шиг тогтолцоо хэрэгтэй байна. Малчдын тэтгэврийн насын наашлуулсан, хүүхдийн тоогоор 1.5 жил тооцох гээд амьдралд өгөөжтэй хууль батлагдсанд талархаж байна. Мөн одоо яригдаад байгаа малын хөлийн татварыг судалгаатай тогтоосой. Тухайлбал, 1000 дээш малтай айл өрхөөс татвар авахаар тусгах хэрэгтэй.

Залуу малчдын хувьд тулгамддаг бас нэг асуудал бол хүүхдийг зургаан настайд нь сургуульд оруулж байгаа явдал. Нэг нь заавал төвд хүүхдээ харах хэрэгтэй болдог. Тиймээс ядаж долоон настайд нь сургуульд суулгадаг болвол сайн байна.  Дотуур байранд суулгах хэцүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин