Т.БАТСАЙХАН

АЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигч  Сүхбаатарын Эрдэнэболдтой ярилцлаа.

-АЗХ-ны ерөнхий­лөгчийн сонгууль үргэл­жилж байна. Өнөөдөр  хаана ажиллаж байна вэ. Хөдөө орон нутгийн дэм­жигчид хэрхэн хүлээн авч байна?

-Бид өнгөрсөн хугацаанд 18 аймагт ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хот руу орж явна. Орой бодлогын халз мэтгэлцээндээ орно. Маргааш Улаанбаатарт үлдсэн хоёр дүүргийн уулзалттай. Нөгөөдөр нь баруун гурван аймагт залуучуудтайгаа уулзахаар мордоно доо.  Уулзалт ярилцлагууд нэлээд үр дүнтэй болж байна.

-Энэ цагийн манлайлагч болсон залуусын нэг хэсэг нь бизнес нөгөө нь улс төрд орж байна. Таны хувьд яагаад улс  төрийг сонгов?

- Шийдвэр гаргах бодлого боловсруулах түвшиндээ төр тун­галагшиж хариуцлагатай болохын хэрээр засгийн шийдвэрүүд амьдралд ойр иргэддээ чиглэсэн болох ёстой. Баялгийн шударга хуваарилалт, эрх зүйн эрүүл орчин бүрдэхийн хэрээр бизнес эрхлэх залуус идэвхжиж, улс төртэй төргүй амьдралаа аваад явах залуус олон болно гэж боддог. Өнөөдөр бизнес хийгээд амьдралаа аваад явах хэмжээний, баялаг бүтээх олон залуусын өмнө төрөөс хамааралтай хууль бус дарамт их байгаа. Улс төрд ер нь хүн гэнэт орно гэж байдаггүй гэж боддог. Нийтлэг хүмүүсийн хардаг шиг муу хүмүүс нь улс төр рүү орогнодог зүй тогтол одоо түгээмэл байна. Уг нь эрх ашгийн эрэмбийг сайн мэддэг, хувийн ашиг сонирхлоо дээгүүрт боддоггүй, үзэл санаатай хүмүүс энэ улс төрд хүчээ өгөх ёстой. Би улс төрд орно гэдгийг харьцангуй утгаар ойлгодог. Би зөвхөн улс төрийн ажил хийсээр ирсэн хүн биш л дээ. Соёлын салбарт, залуучуудтай ажиллах тал­­барт тодорхой туршлага хуримтлуулсан. Өнөөдөр залуусын өмнө тулгамдаж буй асуудлыг тэдний өөрсдийнх нь оролцоотой шийдвэрлэх шаардлага байна. Бид зөвхөн ухдаг биш, эрдэм мэдлэгээрээ өрсөлдөх чадвартай болох тийм залуу үеийг дэмжих цаг болсон. АЗХ-ны сон­гуулийн хувьд бол тодорхой мөрийн хөтөл­бөр дэвшүүлж өрсөлдөж байгаа.

-Ер нь та яагаад нэр дэвшихээр болов?

- Нэг сургамжтай түүх байдаг л даа. 1980 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын 35 дахь Ерөнхийлөгч байсан Жон Кеннедигийн дүү Эдвард Кеннеди өрсөлдөж. Мань хашир бол тухайн үедээ овоо рейтингтэй, бас чиг ах нарынх нь үлдээсэн нэр төр гэгээлэг байсан үе. Телевизийн сэтгүүлч Теддигээс асуусан байгаа юм. “Та яагаад Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч болох гээд байгаа юм бэ?” гэж. Хамгийн энгийн асуулт боловч, ийм асуулт асууна гэж тооцоогүй байсан уу, яасан бүү мэд Тедди зургаан секунд гацаж, сүүлдээ ээрч муурч эхэлдэг. Тэгсэн хүн чинь ямар ч бодлогогүй буудаж өгнө биз дээ. Энэ түүх улстөрчдөд сургамж болдог.Ер нь яагаад чи энэ ажилд өөрийгөө тэнцэнэ гэж өрсөлдөж байгаа юм бэ? Дарга болохын тулд уу, эсвэл ажил хийхийн тулд уу? Өөрийгөө алдаршуулахын тулд уу, эсвэл өрөөлд тус болох бодлого боловсруулж, ачаа үүрэхийн тулд уу? Зорилгоос эхэлж хариулт ундрах нь мэдээж. Миний хариулт маш энгийн. Залуус бид биеэ оторлоод суух ёсгүй, хүчээ нөөгөөд нийгэмд дүүрэн асуудал байхад үл анзаарагч мэтээр амирлангуй дүр эсгэх эрх бидэнд байхгүй. Өнөөдрийг хүртэл өөрийн итгэл үнэмшлээр үйлдэл хийж ирсэн. Тэр итгэл үнэмшил маань гэнэт тодроогүй бас хэн нэгнээс хамаараагүй. www.erdenebold.mn гэдэг миний цахим хуудас байгаа. Бид бол 1980-аад оныхон. Яг 90-ээд оны шилжилтийн нийгмийн өөрчлөлтийг нүдээр харж, талхны дугаарт зогсож байсан тэр үеийнхэн. Одоо эхнээсээ 30 гараад ирлээ. Гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болж, ажлын туршлага ч хуримтлагдсан. Бид энэ нийгэмдээ хоосон яриад, шүүмжлэгчийн байр сууринаас идэвхгүй хандахыг хүсэхгүй байна. Шинэчлэлд залуусын хувь нэмэр үгүйлэгдэж байгаа үед биеэ оторлож, хүчээ нөөж суух нь буруу үзэгдэл юм. Тиймээс АЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвших  шийдвэрийг анд нөхөдтэйгөө зөвлөлдөж гаргасан.

-АН-ын шат шатны  сонгууль их онцлогтой болж байна.  Намын энэхүү сонгуулийн үйл ажиллагаанд нэр дэвшигчийн хувьд хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Сорилт, төлөвшил, сургамж,  туршлага аль аль нь нэмэгдэж байна. Шинэчлэлийн энэ үйл явц манай олон мянган гишүүдийн итгэл үнэмшлээр хийгдэж байгаа. Оролцоо гэдэг хамгийн чухал. Цөөн хүний хүрээнд биш ард түмний эд эс болсон намын мянга мянган гишүүдийн хүрээнд энэ үйл явц өрнөж байна. Үр дүн нь харагдаж байна. Нээлттэй АН Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний анхны Ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсны хувьд дэвшилттэй олон зүйлийг харж байна. Мэдээж анхаармаар, засмаар зүйл их бий. Алдаагаа засаад, амжилтаа ахиулаад л урагшлах ёстой. Намын шинэчлэл бол нэг намын асуудал биш, энэ бол парламентат ёсыг бүрдүүлэгч улс төрийн намуудыг бодлого суурьтай, институтийн соёлтой болгож “хүмүү­жүүлэх” боломж юм.

-Та түрүүн мөрийн хөтөл­бөрийн талаар ярилаа.  Ямар мөрийн хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах уу?

-Мөрийн хөтөлбөрөө 30 удаа танилцуулахаас 25 удаагийн танилцуулгыг хийгээд байна. 90 мянган гишүүнчлэлийн залуусын төлөөлөл болсон 6000 гаруй залуусын олонход нь хүргээд байна. Гол нь үзэл санаатай, прагматик мөрийн хөтөлбөр дэвшүүлэхийг зорьсон.

-Намын дэргэдэх залуучуудын байгууллага бусад байгууллагаас  ялгаатай.  Ер нь улс төрд залуучуудын оролцоо хэр чухал гэж та харж байна?

-Мэдээж улс төрд оролцож буй залуусыг дарга цэрэг болох гэлээ гэсэн хардлага их бий. Үнэндээ ч тийм буруу зүй тогтол явж ирсэн. Үнэн хэрэгтээ санал өгч байгаа залуу хүн бүр төр барих эрхийг эдэлдэг шүү дээ. Сонгуульд залуусын идэвхи асар сул байгаа нь өөрөө асуудал юм. Ядаж сонгуульдаа хариуцлагатай хандах нь залуучуудын энэ нийгмийнхээ төлөө хийж байгаа маш том соёл бүтээх үйлс. Тиймээс залуус нийгмийн бурангуй зүй тогтлыг халах том потенциаль болохынхоо хувьд маш идэвхтэй байх хэрэгтэй. Тэгж байж нийгэм эрүүлжинэ, шударга ёс тогтоно. Улмаар улс төрөөс хамааралтай хууль бус үзэгдэл багасна. Ардчилсан үзэлтэй залуусын итгэл үнэмшлийн уулзвар, ямар ч хориг болзолгүй хөгжлийн төлөөх бүтээлч залуусын өрсөлдөх чадварыг дэмждэг тийм орон зай болгох нь бидний зорилго. Үүний төлөө залуустайгаа хамтран ажилладаг, бас тэдэнд үйлчилдэг байгууллага байна.

-Нийгмийн нэг хэсэг хүмүүс нам улс төрийн тухай  ойлголтод тийм ч таатай бус. Мөн нийгэмд намын нэр хүнд унаж байна. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Үнэн. Тийм л байна бодит амьдрал дээр.

-Сүүлийн үед  улс төрийн намын шинэч­лэлийн талаар их ярьж байна.  АН-ын хувьд  франк, жигүүр олонтой.  Шинэч­лэл хийх шаардлага бий юу?

- Шинэчлэл богино хугацаагаар хэмжигдэх боломжгүй. Тэр тусмаа, нийгэм, улс төр, намын шинэчлэл болон сэтгэлгээний өөрчлөлт. Шинэчлэл өөрөө амьд биеийн организм шиг нийгмийн сэтгэлзүйн тодорхой үе шатуудыг туулдаг нь түүхээс харагд­даг. Эхлээд яагаад шинэчлэгдэх болов? Ямар учир шалт­гаанаар шинэчлэл зайлшгүй нөхцөлдөх болов гээд олон асуулт бий. Асуудалд цор ганц хариулт байдаггүй шиг, асуудал үүсэх нөхцөл ч олон урвалж үзэгдлийн нийлбэр болдог. Тиймээс шинэчлэлийн зүй тогтлыг логик дэс дараалалтай авч үзэх ёстой. Шинэчлэл алдаа оноотой ч эргэлт буцалтгүй зүйл болсон. Юмыг үр дүнгээр нь хэмжвэл тодорхой. Жилийн өмнөх АН, одоо жилийн дараах АН хоёр маш өөр болсон шүү. Бүх шатанд анхан шатны оролцоог хангадаг боллоо. Хэзээ залуус нь ингээд ил тод оролцоотой байлаа даа. Үндэсний бодлогын хорооны 42 хувь нь 39-өөс доош насны залуус боллоо. Олон газар залуус шинэчлэлд манлайлж байна. Энэ бол факт. Тиймээс үр дүн гарна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин