Э.БЭРЦЭЦЭГ
Энэ удаагийнхаа дугаарын зочноор бид эмч урьж, элдэв өвчин ярьсангүй. Харин бөөрний архаг дутагдал гэсэн оноштой, удаан хугацаанд Улсын клиникийн төв эмнэлгийн бөөрний Гемодиализийн аппаратанд орж, эмчлүүлж байгаа нэгэн залуутай ярилцсан юм. Хэдийгээр тэр эмчлэгдэхгүй, эдгэхгүй хүнд өвчтэй ч гэсэн өөртэйгөө адилхан өвчин зовиуртай хэдэн залуустай нийлж “ Doctor low” гэсэн клуб байгуулан ажиллах гэж байгаа аж. Тэд бөөрний архаг дутагдалтай, өвчин зовлондоо шаналж буй хүмүүст сэтгэлийн дэм өгч, эрүүл саруул гүйж яваа нэгэнд нь энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллах гэж байгаагаа хэлсэн юм. Мөн клубынхээ орлогыг бүрдүүлэх, өөрсдийнхөө эм, тарианы мөнгийг олохын тулд хэн нэгнээс мөнгө гуйх биш, хүчилтөрөгчийн коктейль үйлдвэрлэж, бусдын эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх гэж байгаагаа хэлсэн. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
-Намайг Ганбатын Баттөр гэдэг. Одоо 30 настай. Би 2008 оноос хойш бөөрний өвчний улмаас Гемодиализийн аппаратад орсон. Бөөрний архаг дутагдал гэсэн өвчний оноштойгоор гурван жил, долоо хоногт дөрвөн цагаар, гурван удаа энэ диализийн аппаратад орж, эмчилгээ хийлгэдэг юм. Би өмнө нь сэтгүүлч мэргэжлээр сурч байсан, өвчнөөсөө болоод сургуулиа дүүргэж чадаагүй.
-Бөөрний архаг дутагдалтай хүмүүсийн тоо сүүлийн үед асар хурдацтай нэмэгдэж байгаа. Тэр хэрээр манай бөөрний эмнэлэг гэгддэг УКТЭ-т байдаг Гемодиализийн аппарат өвчтөнүүддээ хүрэлцдэггүй гэсэн шүүмжлэл их гардаг. Энэ аппаратад орж эмчилгээ хийлгэж байгаа хүний хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Улсын клиникийн төв эмнэлэг дээр бөөрний архаг дутагдалтай хүмүүст эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг хоёр тасаг байдаг. Аппаратны хувьд, яг тэд байдаг гэж нарийн тоо хэлж мэдэхгүй байна. Миний сонссоноор аппарат нь их цөөхөн, өвчтөнүүддээ хүрэлцдэггүй гэдэг юм. Ойролцоогоор 170 гаруй хүн дугаарлаж байгаад энэ эмчилгээнд ордог юм. Нэг орохдоо 3-4 цагаар ордог. Сэтгэл эмзэглүүлж байгаа ганц зүйл бол энэ өвчин сүүлийн үед залуужиж байгаа. Хамгийн бага нь 15 настай охин орж байна. Настай хүмүүс байгаа ч тэдний олонхи нь залуучууд байдаг. Гадаадын зарим оронд энэ өвчлөл ямар байдаг вэ гээд судлаад үзэхээр ихэнх оронд настай хүмүүс энэ өвчнөөр өвддөг юм байна лээ. Гэтэл манайд залуучууд энэ өвчнөөр их өвддөг. Залуу хүн диализийн аппаратад орж байна гэхээр гадаадын эмч нар гайхаад байдаг юм байна лээ.
-Манайхан “Бөөр өвдлөө” гээд яваад байдаг. Тэгээд л өвчнөө архагшсан хойно нь эмнэлэгт ханддаг. Тэр нь бөөрний архаг дутагдал өвчин үүсгэх эх үндэс болдог байж мэднэ. Ер нь энэ өвчин юунаас үүсдэг юм бол оо?
-Бөөрний архаг дутагдал үүсэх шалтгаан маш олон янз. Тухайлбал, осол гэмтэл, сахарын өвчин, төрөлхийн болон олдмол өвчлөл, төрөхийн хүндрэл гэх мэт олон зүйлээс үүсдэг. Энэ өвчний хүнд хэцүүг гэр бүлийнхэн хүртэл ойлгодоггүй. Хүн харахад эрүүл хүн шиг харагддаг хэрнээ ажил хийгээд амьдралаа аваад явъя гэхээр болж өгдөггүй. Албан газар цагийн ажил хийдэг цөөхөн хүн байдаг л даа. Олон жил ажиллаж байгаад ийм аппаратад орж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон хүн байдаг. Тийм хүмүүсийг ажлын газрынхан, хамт олон нь ойлгож дэмжээд явах тохиолдол байдаг. Тэгэхдээ их цөөхөн. Бөөрний дутагдалтай залуучуудын олонхи нь хичээл, сургууль, хийж байсан ажлаа орхиод энэ аппаратад ороод, эмчилгээндээ явдаг. Хүний биеийн цусыг шүүж байгаа юм болохоор янз бүрийн хүндрэл гардаг. Энэ аппаратад ороход толгой тархи эргэх, даралт ихсэх, хөл гарын шөрмөс татах, ухаан алдах, бөөлжих гээд хүндрэл маш их гардаг.
Энэ өвчнөөр өвдсөн хүний шээс нь бас гардаггүй, хаагдчихдаг. Тийм болохоор хүний биед хор үүсээд, кратин гэдэг зүйл үүсдэг. Тэгээд л ухаан алдах, битүү хавагнах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ аппаратын тусламтайгаар л амьд явдаг гэсэн үг.
-Гемодиализийн аппаратад ороход хэдэн төгрөг төлдөг вэ. Эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлдэг үү?
-Анх мөнгө төлдөг байсан гэсэн. Одоо улсаас эмчилгээнийх нь зардлыг даадаг болсон. Гэсэн ч аппаратны маань хүрэлцээ маш муу байдаг. Мөнгөө төлөөд хувийн эмнэлэгт эмчлүүлж байгаа хүн олон байдаг. Бээжин явж эмчлүүлдэг, ганц энэ аппаратад орж эмчлүүлэхийн тулд тэнд бүр суурьшаад, амьдарч байгаа ч хүн байдаг. Яагаад гэхээр, энэ аппаратад орохгүй бол долоо хоног ч амьд явж чадахгүй. Тийм болохоор Хятад, Солонгос, Бээжин рүү явж эмчилгээнд ордог, тэндээ зочид буудал түрээслээд амьдардаг хүн цөөнгүй байдаг. Миний хувьд энэ аппаратад орохын тулд бүтэн жил хүлээсэн. Арав хоноод л бие муудаад эмнэлэгт хэвтдэг байсан. Одоо аппаратад ороод гурван жил болж байна.
-Өөртэй чинь адилхан өвчин зовиуртай хэсэг залуус нийлээд клуб байгуулсан гэж байсан. Клубынхээ тухай тодорхой мэдээлэл өгөөч?
-Энэ өвчнөөсөө болоод бид хүссэн, хүсээгүй л хамт олон, нийгмээс тусгаарлагдчихдаг. Анги, хамт олноороо, найз нөхдөөрөө нийлээд ууж идэх үед бид явдлыг нь дийлэхгүй. Гэр эмнэлэг гэсэн хоёрхон замтай болчихдог. Тийм болохоор бид хааяа нэг цуглаад суудаг, санал бодлоо өөр хоорондоо солилцдог клуб байгуулья гээд энэ аппаратад ордог, бөөрний архаг дутагдал өвчнөөр өвдсөн 20-30 насны хэдэн залуус “Doctor low” гэдэг клуб байгуулсан юм. Бидний зорилго бол нийгэмд энэ өвчин залуужиж байна. Хүмүүс эрүүл мэнддээ анхаарал халамж тавихгүй, амьдралынхаа хэв маягийг өөрчилж чадахгүй байгаагаас болж энэ өвчнөөр өвдөж байна. Тийм болохоор бусдад энэ өвчний талаарх мэдээллийг өгч, бөөрний архаг дутагдлаас хэрхэн сэргийлэх вэ гэдэг мэдээллийг өгөх зорилготой юм. Мөн диализийн аппаратад ордог бусад өвчтөнүүддөө сэтгэл, санааны дэмжлэг үзүүлж байх, сургалт зохион байгуулах хүсэлтэй байгаа юм. Клубээ бид өнгөрсөн сарын дундуур байгуулсан. Одоо сар гаруй болж байна.
-Уг нь хүмүүст хэрэгтэй их л олон зүйлийг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Үйл ажиллагааг хэдийд эхлэх вэ?
-Диализийн аппаратад ордог өвчтөнүүд маань долоо хоногт 30-аад мянган төгрөгийн эм, тариа хэрэглэдэг. Дээрээс нь энэ аппаратад дөрвөн цаг байхдаа даралт ихсэнэ, дотор муухайрна. Биднийг ийм өвчтэй гэж хэн ч мэддэггүй. Аппаратнаас арай гэж гараад автобусанд суухад л настай хүнд суудал тавьж өгсөнгүй гэдэг. Түгжрээтэй үед ухаан алдах гээд л арай гэж харьдаг. Эм, тарианыхаа мөнгийг зээлээд, арай гэж эмчилгээндээ ордог, хөдөөнөөс ирээд айлд амьдарч байгаа, тэгээд энэ эмчилгээнд ордог олон хүн байдаг. Тийм болохоор бид клуб байгуулаад, үйл ажиллагаагаа явуулья гэхээр өөрийнхөө зардал мөнгөнөөс илүүчлээд, халааснаас мөнгө гаргаж чаддаггүй. Жижигхэн танилцуулга, хоолны зөвлөгөө хийгээд хүмүүст тараая, мэдээллийн самбар хийе гэхээр бас л мөнгөний асуудал маань хүнд тусаад зогсчихдог. Тийм болохоор бид энэ мөнгийг өвдөөд, өвчнөө яая гэж байгаа хүмүүсээс татаж байхаар ямар нэгэн зүйл хийгээд, өөрсдөө мөнгө олъё гэж бодсон юм. Тэгээд хүмүүст хэрэгтэй, хүйтэн сэрүүний улирал эхэлж байна гэдэг утгаар нь хүчилтөрөгчийн коктейль хийе гэж бодсон.
Хүмүүс бодохдоо хүчилтөрөгчийн коктейлийг зөвхөн жирэмсэн хүн уух ёстой гэж боддог. Гэтэл тийм биш. Бид нар өөрсдөө байнга уудаг. Тийм болохоор бид оюуны хөдөлмөр эрхэлдэг оффиссын ажилтай хүмүүст зориулаад, аль эсвэл хувийн эмнэлэг дотор байрлаад үйл ажиллагаагаа явуулах юмсан гэж бодоод байгаа юм. Бидний саналыг хүлээж аваад, бидэнд тусалъя гэсэн албан байгууллага байвал бид түрээсийнх нь мөнгийг төлөөд ажиллана гэдгийг л хэлэх гэсэн юм. Олсон орлогоороо бид клубынхээ үйл ажиллагааг санхүүжүүлээд явах юм. Хүнээс мөнгө авах биш, өөрсдөө мөнгөө олоод, нийгэмд хэрэгтэй зүйл хийе гэж байгаа болохоор хүмүүс биднийг дэмжих байх гэж бодож байна. Бидэнд нэг их том өрөө байх шаардлагагүй. Ширээ сандал хоёр байрлуулчих, жижигхэн өрөө байхад л болно. Хүмүүст бид коктейль өгч, үйлчлэхийн хажуугаар хүмүүст эрүүл мэндийн зөвлөгөө, танилцуулга тарааж байх бодолтой байгаа юм.
-Тэгвэл хоёулаа ярилцлагаа хүчилтөрөгчийн коктейль руу хандуулья. Яагаад заавал ийм зүйл хийх бодол төрсөн юм бэ. Хүчилтөрөгчийн коктейль хүний эрүүл мэндэд ямар тустай гэж?
-Хүчилтөрөгч бол бие махбодийн амин чухал хэрэгцээ шүү ээ. Биед хүчилтөрөгч дутагдсанаас бодисын солилцоо удааширч, хорт бодисын үлдэгдэл ихэсдэг. Үүний улмаас эрхтэн системийн үйл ажиллагаа алдагдаж хямарна. Янз бүрийн өвчин эмгэг үүсэх нөхцөл бүрддэг. Нэг удаа 200 гр-ыг эмийн журмаар уудаг юм. Коктейлийн найрлага дахь шимт бодисууд нь ямар ч эмээр сольшгүй эмчилгээний чухал ач холбогдолтой. Артерийн даралт ихдэх өвчний бүх хэлбэр, зүрх судасны үйл ажиллагааны хямрал, хөдөлгөөний дутагдлаас үүсэх эмгэгүүд, амьсгалын замын өвчин, төрөл бүрийн цус багадалт, нойргүйдэл, цус төлжилтөд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг аль ч эмчээс асуусан хэлээд өгнө. Мөн жирэмсний эрт ба хожуу хордлого, ургийн хүчилтөрөгчийн дутагдлыг нөхөн цусан хангамжийг сайжруулснаар ураг бүтэх эрсдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэдэг.
-Та өөрөө хэр удаан хэрэглэж байгаа вэ. Жишээ татаад хэлэх зүйл байвал хүмүүс бүр ч илүү сайн ойлгох байх?
-Би өмнө нь хүчилтөрөгчийн коктейль уудаггүй байхдаа уушигны усаа авахуулж байсан, шатаар өгсөхдөө л амархан ядардаг, амьсгааддаг байсан. Одоо бол таван давхар луу гүйгээд л гарчихна. Хүчилтөрөгчийн коктейлийг ямар хүмүүс уудаг вэ гээд интернэт рүү ороод харахад гадаадад цэцэрлэг, сургууль, оффисын ажилтай хүмүүс их уудаг гэсэн мэдээлэл их гарч ирдэг. Тийм болохоор бид энэ тухай маш их судалсан. Та дэлгүүрээс нэг шил хийжүүлсэн ундаа авч уухын оронд нэг аяга хүчилтөрөгчийн коктейль авч уувал хусан ойд 4-5 цаг сэтгэл тайван амарч, зугаалсантай тэнцэх хэмжээний хүчилтөрөгчийг биедээ хуримтлуулна гэсэн үг.
-Хүчилтөрөгчийн коктейлийг зарим хүн эмчилгээний журмаар уух ёстой гэж ойлгоод байдаг шүү дээ.
-Хүчилтөрөгчийн коктейль бол эм биш, харин эрүүл зөв хооллолтыг бүтээгдэхүүн юм. Үүнийг байнга хэрэглэснээр хүний чухал эрхтнүүд төдийгүй эрхтэн системийн үйл ажиллагааг бүхэлд нь дэмжиж эрүүлжүүлэх нөлөө үзүүлдэг. Хүчилтөрөгчийн коктейль чинь хэрэглэхэд зүгээр л хөөс хэлбэртэй шүү дээ. Хоол боловсруулах замаар цус тунгалагт нэвчиж, бие организмыг цэвэрлэдэг юм.
-Тэгвэл ямар ч насны хүн ууж болох нь ээ?
-Тийм. Ямар ч насны хүн ууж болно. Зүрх судасны өвчтэй хүмүүс болон агаарын хэт бохирдолтой орчинд ажилладаг. Мөн агаарын солилцоо муутай нөхцөлд ажилладаг, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс гээд аль ч насны ямар ч хүн ууж болно. Архаг ядаргаатай хүн бас ууж хэрэглэж болно. Учир нь архаг ядаргаа гээд байгаа энэ өвчин нь хэдэн сараас хэдэн жил хүртэл хугацаагаар сульдах, байнга маш их ядрах, булчингаар өвдөх, нойргүйдэх, хямрах шинж тэмдэгээр илэрдэг. 25-45 насны эмэгтэйчүүд, илүү их өртөх хандлагатай байдгаас гадна дор хаяж хагас жил ядаргааны шинж тэмдэг илэрсэн хүмүүс архаг хууч ядаргаанд өртөх нь элбэг байдаг. Ачаалал эрс нэмэгдсэн үед хүний тархинд хүчилтөрөгчийн хэрэгцээ шаардлага тэр хэрээр нэмэгдэж байдаг. Ямар нэг арга хэмжээ авахгүй л бол хэвийн нөхцөлд хүчилтөрөгчийн дутагдал үүсч, түүнээсээ болж муу үр дагаварт хүрдэг. Энэ бүхнээс хамгаалах энгийн арга бол биеийн ачааллаа багасгах, хүчилтөрөгчийн коктейль уух юм. Жимсний найрлагатай хүчилтөрөгчийн коктейль нь бодисын солилцоо явагдахад сайн нөлөө үзүүлж, хоолны шингэцийг хэд дахин нэмэгдүүлэхэд онцгой үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүчилтөрөгчийн коктейль нь өвдсөн болон ядарч сульдсан организмийг сэргээж, хэвийн үйл ажиллагааг нь хангадаг бөгөөд ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, ядаргаа сульдааг багасган нойргүйдлийг арилгаж бодисын солилцоог идэвхжүүлдэг
-Манайхан жирэмсэн эхчүүд л энэ коктейлийг уух ёстой. Олон хүн ийм ойлголттой явдаг. Энэ тухай та ямар бодолтой явдаг вэ?
-Жирэмсэн эхчүүд уухад хамгийн тохиромжтой гэдэг нь яах аргагүй үнэн. Жирэмсний явцад ургийн хүчилтөрөгчийн дутмагшил үүснэ. Мөн жирэмсний тээлтийн хугацаанд эргэлдэж буй цусны хэмжээ ихэснэ. Өөрөөр хэлбэл өөрийгөө болон ургийг хүчилтөрөгчөөр бүрэн хангахад үлэмж хэмжээний хүчилтөрөгч шаардагдана гэсэн үг юм.
Хүн хоол тэжээлгүйгээр хэдэн хоног явж чадах боловч хүчилтөрөгчгүйгээр хэдэн хором ч байж чадахгүй. Тайван байдалд эрүүл хүн нэг минутанд 8-10 л, цагт 500-600 л, хоногт 1200-1400 л хүчилтөрөгч амьсгалдаг бол биеийн хүчний ачааплын үед 20,0 мянган литр хүртэл өсч болдог ажээ. Гэтэл манай орны хувьд энэ агаар нь улирлын шинж чанараас хамааран хэвийн хэмжээнээс хэд дахин илүү буюу хэт бохирдсон байдаг. Тийм болохоор л бид хүчилтөрөгчийн коктейлийг утааны эрсэг вакцин гэж нэрлээд байгаа юм.