Эрүүл мэндийн Дэд сайд Ж.Амарсанаа АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэлл болон түүнийг дагалдан яваа АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч ноён Франсиз А.Донован, Мянганы сорилтын корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч ноён Бурак С.Инанч, ЭСЯ-ны ажилтан ноён Чарли Монтгомэри нарыг тэдний хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Дэд сайд Ж.Амарсанаа хоёр улсын эрүүл мэндийн салбар дах харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд ихээр өргөжин хөгжиж, цар хүрээгээ тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид хамтран ажиллах хэд хэдэн чиглэлийн дагуу харилцан ярилцаж, санал солилцох хүсэлтэй байгаагаа мэдэгдэв. Тэрээр Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын компакт гэрээний дагуу 2008 онд байгуулагдсан Монголын Мянганы Сорилтын Сан (МСС)-ийн хөтөлбөр нь тус орны нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглээд, цаашид эрүүл мэндийн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ элэгний вирусын B,C вирусын илрүүлэлт, хавдрын оношлогоо, эмчилгээ, эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт, зоонозын халдвартай тэмцэх зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэх саналыг дэвшүүлэв.
Элчин сайд хатагтай Кэмбэлл Дэд сайд Ж.Амарсанаагийн эдгээр саналуудыг талархалтайгаар хүлээн авахын зэрэгцээ өөрийн талаас хамтран ажиллах хэд хэдэн саналтай ирснээ мэдэгдээд эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, ялангуяа эдийн засаг, худалдааны чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа онцлов. Мөн элэгний эмгэг болон бусад чиглэлээр хоёр улсын эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх, хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, халдварт өвчний чиглэлээр хамтарсан сургалтыг тогтмолжуулах, эрүүл мэндийн удирдах ажилтнуудын танилцах аялалд Монголын мэргэжилтнүүдийг оролцуулах зэргээр цаашид хамтран ажиллах боломжтой болохыг хэллээ.
Уулзалтын явцад талууд хамтын ажиллагааны дээрх саналууд болон сонирхсон бусад асуудлуудаар дэлгэрэнгүй ярилцан, харилцан санал солилцож, Дэд сайд Ж.Амарсанаа хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бодит үр дүнтэй, ажил хэрэгч болгон, улам бэхжүүлэн хөгжүүлэхэд идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.