М.ГАНЦЭЦЭГ
Аймаг, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Р.Гончигдоржтой ярилцлаа.
-Орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тодорж дууслаа. Сонгуулийн хуулийн зарим зүйл ойлгомжгүй байна. Энэ талаар та тайлбарлаж өгөөч?
-Аймаг, сум, дүүргийн сонгуулийн тухай хууль батлагдаж, сонгуулийн ажил эхлээд ид дундаа явж байна. Хуультай хамт Нутгийн засаг, захиргааны нэгж, түүний удирдлагуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж ИТХ хэдэн гишүүнтэй байхыг өөрчилсөн. Энэ хоёр нь хосолмол зүйл юм. Учир нь сонгууль холимог хэлбэрээр болно. Төлөөлөгчдийн нэг хэсэг нь нэг болон олон мандаттай тойргоос сонгогдоно. Нөгөө хэсэг нь буюу дунджаар 30 хувь нь намд өгсөн саналд үндэслэж жагсаалтаар сонгогдох юм. Энэ хоёр хэлбэр хоорондоо зохицохын тулд төлөөлөгчдийн тоог аймгийн хувьд нэгжүүдтэй нь уялдуулж гаргасан. Сум, дүүргийн хувьд хүн амын тоотой уялдуулж төлөөлөгчдийн тоог гаргасан байгаа. Хуулийн гол зарчмыг уг хуулийн дөрөвдүгээр зүйл буюу аймаг, сум, дүүргийн хурлын сонгуульд төлөөлөгчдийг сонгох зарчим гэсэн хэсгээс харж болно. УИХ-ын сонгууль зэрэгцсэн холимог системээр явсан. Намын жагсаалт буюу 28 хүний нэрс тусдаа, нөгөөх нь тойрогт нэр дэвшигчид тусдаа байсан. Харин орон нутагт нэг л жагсаалтаар нэр дэвшүүлнэ.
-Тухайлбал аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг яаж сонгох юм бэ. Та нэг аймаг дээр жишээгээр тайлбарлаач?
-Жишээ нь, Архангай аймаг Иргэдийн хурлын 37 төлөөлөгчтэй. 37 хүний нэрийг нэг жагсаалтад бичнэ. Тэдний хувьд хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгогдох төлөөлөгчдийн тоо 13. Үлдсэн 24 нь тойргоос сонгогдоно. Жагсаалтад бичигдсэн 37 хүний 24-ийнх нь нэрийн ард тойргийнх нь нэр байна. Жишээ нь, жагсаалтын гуравдугаарт бичигдсэн Доржийн ард Тариат сум гэж бичих ёстой. Жагсаалтад бичигдсэн ч тойрогт өрсөлдөх 24 хүн тойрогтоо өрсөлдөнө. Сонгуулийн дүн гарсны дараа жишээ нь Ардчилсан нам 50 хувийн санал авсан гэж бодвол хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгогдох 13 хүний долоо нь жагсаалтаар сонгогдох нь. Ардчилсан намаас нэр дэвшсэн хүмүүсийн гуравдугаарт бичигдсэн Дорж Тариат сумаас сонгогдсон байг. Хоёрдугаарт бичигдсэн Дондог Их-Тамир суманд нэр дэвшжээ. Дондог тэндээс сонгогдож гараагүй байг. Тэгвэл Ардчилсан намын тойрог дээр нэр дэвшсэн хүмүүсээс 12 нь сонгогдсон гэж бодъё. 12 тойргоос сонгогдсон хүмүүсээ 37 хүний жагсаалтаасаа хасна. Тэгэхээр ерөнхий жагсаалт дээшээ агшина. Ингээд үлдсэн хүмүүсээс эхний долоо нь сонгогдох юм. Тухайлбал, хоёрдугаарт бичигдэж Их-Тамирт нэр дэвшсэн Дондог сонгогдоогүй ч эхний долоод багтаж байгаа учир сонгогдоно гэсэн үг.
-Тойрогт нэр дэвшээд ялагдсан хүн жагсаалтын эхэнд бичигдсэн байвал шууд сонгогдоно гэж ойлгож болох уу. Нам нь олон хувийн санал авсан бол?
-Тийм. Дээр авсан жишээгээр бодвол тойргоос 12 хүн сонгогдсон байна шүү дээ. 37-оос 12-ыг хасахаар 25 болно. Намын нэрийн жагсаалтаар сонгогдох хүний тоо 25 болж агшиж байна. Энэ 25 дотроосоо эхний долоо нь сонгогдоно. Тэдний дунд тойрогт нэр дэвшсэн эсэх нь хамаарахгүй эхний долоо нь сонгогдоно гэсэн үг. Ийм зарчимтай.
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд тойрогт нэр дэвшээд ялагдсан, гэхдээ 28-аас дээш хувийн санал авсан хүн намын жагсаалтаар сонгогдохоор байсан. Үүнийг Цэц хүчингүй болгосон. Тэгвэл орон нутагт ч гэсэн тойрогт уначихаад намын жагсаалт руу гулссантай адил юм биш үү?
-Холимог хэлбэрийн гол онцлог энэ. Энэ бол хүмүүсийн ярьдаг гулсалт биш. Тийм нэр өгье гэвэл агшилт гэж хэлж болно. Жагсаалт доороосоо дээшээ агшиж байгаа юм. Хамгийн гол ойлгох учиртай зүйл энэ. Энэ талаар олон асуулт ирээд байгаа. Одоо нэгэнт нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан учир сонгуулийн дүнг гаргахтай холбоотой асуудал байгаа. Бусад нь намын суудлын тоог хэрхэн гаргах, их үлдэгдлийн зарчмаар хуваарилах зэрэг нь УИХ-ын сонгуультай яг адилхан. Хариуцлагын тогтолцоо ч адилхан байхаар хуульчилсан. Нэр дэвшүүлэхтэй холбоотой тодорхой болзол байсан. Гэхдээ нэр дэвшүүлэх ажил нэгэнт дууссан.
-Аймаг, сум, дүүргийн сонгуульд хэн нэр дэвшиж болохгүй вэ. Тэр талаар та тодруулаач?
-Төрийн захиргааны албан хаагч нэр дэвшиж байвал 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаас гарсан байх эсвэл ажлаас гарах тухай өргөдлөө албан ёсоор өгсөн байх ёстой. Түүнээс хойш төрийн захиргааны албанд томилогдсон хүмүүс нэр дэвшиж болохгүй. Өөр нэг асуудал нь төрийн үйлчилгээний албан хаагчид байна. Тэд сонгуульд нэр дэвшиж болно. Үүнийг төрийн үйлчилгээний албан хаагчид намын сурталчилгаанд оролцож болохгүй гэдгээс өөрөөр ойлгох ёстой. Тэд намын гишүүнчлэлээс түдгэлзсэн учир нам бус хүмүүсийг нэр дэвшүүлж болно. Энэ утгаар төрийн үйлчилгээний албан хаагчид аль нэгэн намаас нэр дэвших боломжтой. Эдгээр хүмүүс тухайн намын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг таниулж сурталчилж байгаа болохоос биш намын сурталчилгаа гэж тооцохгүй. Энэ утгаар тэднийг ажлаас чөлөөлөх, элдэв янзын шаардлага тавихгүй. Харин байгууллага нь сонгуульд оролцож сурталчилгаа эхэлсэн үед нэр дэвшигчийг ажлаа хийх боломжийг олгож цалингүй түр чөлөө өгөх боломжтой. Түүний оронд өөр хүнийг түр ажиллуулах байдлаар зохицуулах нь тухайн байгууллагын эрх хэмжээний асуудал. Өөр нэг зүйл нь төрийн үйлчилгээний байгууллага болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнууд нэр дэвшвэл ажлаасаа түр биш бүрэн чөлөөлөгдөх буюу ажлаасаа шууд гарсан байх ёстой. Засгийн газраас гаргасан жагсаалт болон Компанийн тухай хуульд хэнийг удирдах албан тушаалтан бэ гэдгийг тун ойлгомжтой бичсэн байгаа. Нэр дэвшүүлэх үед энэ талаар олон асуудал гарч байсан.
-Жагсаалтаар нэр дэвших төлөөлөгчийн тоог яаж гаргаж байгаа юм бэ. Тухайн аймгийн хүн амын тоонд харьцуулж бодсон юм уу?
-Аймгийн хурлын төлөөлөгчийн тоог нэг томъёогоор бодож гаргахаар хуульчилсан. Анх удаа хуульд томъёо орсон. Хууль тодорхой байхын тулд илүү томъёожих ёстой юм. Аймгийн хурлын төлөөлөгчдийг сонгоход ийм зарчим баримтална. Аймгийн төвийн сумын баг бүрээс нэг төлөөлөгч, аймгийн төвийн бус сум бүрээс нэг төлөөлөгчийг сонгоно. Үлдсэн төлөөлөгчийг хувь тэнцүүлсэн хэлбэрээр сонгоно. Гэхдээ энд тооны хязгаар тавьсан. Айлын төлөөлөгчийн тоо 17-оос багагүй 41-ээс ихгүй байна. Ингэж хуваарилахаар их эсвэл бага болох тохиолдол бий. Жишээ нь Хөвсгөл аймаг олон сумтай, аймгийн төвийн сум нь олон багтай учир 41-ээс илүү 53 төлөөлөгчтэй болох гээд байгаа юм. Иймд хуульд заасан хамгийн олон буюу 41 төлөөлөгчтэй л байна. Тэгэхээр Хөвсгөлд хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгогдох хүмүүсийн тоо 18 байх байсан ч нийт төлөөлөгчийн тоо 53 биш 41 болох учир хорогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хөвсгөлд пропорционалиар сонгогдох төлөөлөгчийн тооноос 12-ыг хасаад зургаахан хүн сонгогдоно. Хөвсгөлийн нэгж нь 35 юм байна. Үлдсэн зургаан төлөөлөгчийг хувь тэнцүүлсэн хэлбэрээр сонгох нь. Харин Говьсүмбэр аймагт эсрэгээр гарна. Хуульд заасан нөгөө томъёогоор бодохоор тус аймгийн нийт төлөөлөгчийн тоо 13 гарч ирсэн. Хуулиараа бол хамгийн бага буюу 17 байх ёстой. Тэднийх найман нэгжтэй. Тэгэхээр тойргоос найм нь сонгогдоно. Пропорционалиар сонгогдох төлөөлөгчийн тоо дөрвөөр нэмэгдээд ес болно. Ийм гажилт цөөхөн аймагт бий. Тухайлбал, пропорционалиар сонгогдох төлөөлөгчдийн тоо Булганд хоёр, Завханд дөрөв, Төв аймагт найм, Увсад дөрөв, Ховдод хоёр, Хөвсгөлд 12-оор хасагдаж байна. Нэмэгдэж байгаа нь ганцхан Говь-Сүмбэр. Бусад аймагт төлөөлөгчдийн гуравны нэг хувийг пропорционалиар сонгох юм.
-Сумын Иргэдийн хурлын төлөөлөгчийн тоог хүн амын тоонд нь харьцуулж гаргах юм уу?
-Хүн амын тоогоор бодно. Эхлээд хувь тэнцүүлэх төлөөлөгчийн тоогоо гурав хувааж ойролцоогоор тогтооно. Жишээ нь Архангай аймгийн Өгийннуур сум. Нийт хүн амын тоо 3015 учир төлөөлөгчийн тоо 21 байна. 21-ийн гуравны нэг нь буюу долоо нь пропорционалиар сонгогдоно. Цаана нь үлдсэн 14-ийг нэгжид нь хуваана. Өөрөөр хэлбэл, тухайн сумын багуудын тоонд хуваахад цэвэр бүхэл оногдсон тоогоор нь баг бүрд мандат эхэлж ногдуулна. Бүхэл тоо таарахгүй учир хэдэн төлөөлөгчийн тоо үлдэнэ. Үлдсэн мандатыг хамгийн олон хүн амтай багаас нь эхэлж тус бүр нэгийг нэмэх замаар хуваарилна. Жишээ нь Өгийннуур сум таван багтай. Тойрогт нэр дэвших 14 мандатаа хуваахаар эхлээд баг бүрт хоёр ногдоно. Үлдсэн дөрвөн мандатыг хамгийн олон хүн амтай дөрвөн багт нэмж өгнө. Тэгэхээр нэг баг нь хоёр, үлдсэн дөрвөн баг нь гурван мандаттай болж байгаа биз. Пропорционалиар долоо сонгогдоно. Нийт 21 төлөөлөгчтэй байх нь.
-Иргэд хоёр дахь удаагаа шинэ хуулиар санал өгөх гэж байгаа учир харьцангуй бэлтгэлтэй байх. Гэтэл сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн хувьд нэг ойлгомжгүй зүйл байна. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар сонгуульд өрсөлдөнө. Тэднээс орон нутгийн ажил, амьдралын талаар өнөө, маргаашдаа ярилцлага авмаар байна. Энэ нь сурталчигаа болох уу, албан тушаалтны хувьд асуух зүйл байна шүү дээ?
-Ер нь аливаа нэр дэвшигч одоо байгаа албан тушаалаа ашиглаж бусдаас давуу байдлыг үүсгэж болохгүй гэсэн алтан зарчимтай. Яагаад тэр хүмүүсийг ажлаас чөлөөлөгдөхөөр хуульчилсан бэ гэхээр тухайн албан тушаалтан ажилчиддаа нөлөөлөл үзүүлнэ. Эсвэл төрийн өмчит компанийн захирал нэр дэвшиж байгаа бол үйлчлүүлэгчиддээ нөлөөлнө. Тэгэхээр ажлаасаа чөлөөлөгдөнө гэж хуульчилсан. Ердийн багш хүний хувьд ийм нөлөөлөл гэж юу байх билээ. Манай хүүхдийн багш гэсэн эцэг эхэд жижигхэн нөлөөлөл байна уу гэхээс албан тушаал эрх мэдлээрээ шийдвэр гаргах төвшинд нөлөөлөл байхгүй шүү дээ. Энэ агуулгаар аймаг, сумын Засаг дарга нэр дэвшсэнээс хойш сурталчилгаа эхлэхээс өмнө өөрийгөө дэмжүүлэх чиглэлийн ямар нэгэн үйл ажиллагааг аливаа хэлбэрээр хийж болохгүй. Нэр дэвших нь нэгэнт тодорхой болчихсон учраас тэр.
-Нэг аймгийн жирийн иргэн орон нутагтаа болж бүтэхгүй байгаа асуудлын талаар ярьж болох уу. Тэрээр төрд төлөөлсөн ажилгүй, жирийн иргэн, гэхдээ нэр дэвшиж байгаа юм?
-Нэгэнт л нэр дэвшиж байгаа бол тухайн хүн нэг үгээ ч тэвчих ёстой. Сонгуулийн сурталчилгааны цаг хугацаанд мөрийн хөтөлбөрөө танилцуулах хүрээнд өмнө нь ярих гэж байсан асуудлаа ярьж болно.