Доктор Ч.Энхбаатар: ТӨРИЙГ ТҮМНЭЭС НЬ ХӨНДИЙРҮҮЛСНЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ ШИНЖ НЬ БУУРДАГ
-Төлөөллийн болон шууд ардчиллын эерэг, сөрөг талууд нь юу вэ?
-Төлөөллийн ардчиллын сөрөг талаас дурдвал, төрийн бодлогын шийдвэр гаргах үйл явцад ард түмэн шууд оролцох боломжгүй, шийдвэр гаргах хүндийн жин нь ард түмэнд биш, төлөөлөгчдөд, бүр тодруулбал, төлөөлөгчдийн ард байгаа намуудад төвлөрдөг. Засаг төрийг ард түмнээс хөндийрүүлснээр түүний хүлээн зөвшөөрөгдөх шинж |легитим шинж| буурдаг. Нам төрийн толгой дээр гарч, парламентын шийдвэр нэрээр суудлын олонхийг авсан намын шийдвэр гарч хэрэгждэг. Парламентын гишүүн харъяалах намын бодлогыг заавал дагах үүрэг хүлээснээс түүний хараат бус байдал алдагддаг. Энэ байдал өнөөдөр УИХ-ын үйл ажиллагаан дээр ч, аймаг, дүүргийн ИТХ дээр ч харагддаг.
Доктор Д.Ганбат:
-Иргэдийн оролцооны нэг тал болсон ардчиллын үнэт зүйл, чанар, ардчиллыг боловсронгуй болгох гэдэг талаас та ямар дүгнэлт хийж байна?
-Монголын ардчиллын чанарт ахиц гарсан гэж үзэж болохгүй. Либерал ардчиллын үнэт зүйлсийн нэлээд хэсэг Монголд хөгжлөө олоогүй байна.Процедурын хэмжүүр дотор авлигын хяналт, хэвтээ хариуцлагын тогтолцоо болон эрх зүйт ёс дутмаг. Иргэдийн эрэлт, хэрэгцээ, сонирхлыг төр засаг нь гүйцэлдүүлж байх явдал хамгийн их үгүйлэгдэж байна. Сонгогдсон улс төрчдийн авлигад автахаас сэргийлэх хуулийн хамгаалалт дутуу. Сонгуулийн санхүүжилтийн хатуу чанд зохицуулалтыг боловсруулах, Шүүх, хуулийн байгууллагын хараат бус дархлаа, чадамжийг нэмэгдүүлж, улс төрийн нөлөөллөөс ангижруулах нь зүйтэй юм.
Доктор А.Бямбажаргал: ИРГЭД ҮНДСЭН ЭРХЭЭР БУСАД ЭРХЭЭ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО НЬ ХЯЗГААРЛАГДМАЛ
-Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 25 жилийн хугацаа өнгөрлөө. Үндсэн хуульд тусгагдсан иргэдээс төрийн байгуллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх асуудал бодит байдалд үндсэн эрхийн түвшинд хамгаалагдахаас гадна бусад эрхүүдээ хамгаалах үндэстэй гэж үздэг. Гэтэл энэ нь манай одоогийн тогтолцоонд бүрэн хангагдаагүй, хязгаарлагдмал хүрээнд байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Юунаас болов гээд аваад үзвэл, үндсэн эрхээ хамгаалж болдог тогтолцоо буюу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэхээс эхтэй юм. Энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр зөвхөн үндсэн эрхээр хамгаалж болдог тогтолцоо Монгол Улсын хэмжээнд хязгаарлагдмал байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин