Л.ХЭРЛЭН

 УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгийн X тойрогт нэр дэвшиж, УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан С.Чинзоригтой ярилцлаа.

 -Өвөрхангайд сонгуу­лийн маргааныг шийдвэр­лэсэн шүүхийн шийдвэр тодорхойгүй байна. Нэг талаас, МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Тө­мөр­хүү нарын манда­тыг баталгаажуулсан юм шиг, нөгөө талаас АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт нарын талд асуудлыг шийдсэн юм шиг. Аль нь бодитой вэ, шүүхийн шийдвэр яаж гарсан бэ?

-2012 оны сонгуулиар өвөрхангайчууд МАН-аас нэр дэвшсэн хоёр нэр дэв­шигчид үнэмлэхүй олонх нь санал өгч УИХ-ын гишүүнээр сонгосон.  Ха­рам­салтай нь АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зо­ригт нар бидний эсрэг  Хан-Уул дүүргийн шүүхэд анх  өргөдөл өгч, тус дүүр­гийн шүүх илт хууль зөрч­сөн шийдвэр гаргасан. Үүнийг нь бид давж заал­даж Нийслэлийн шүүхэд хандсан. Нийслэлийн шүүх асуудлыг  хэлэлцээд Хан-Уул дүүргийн шүү­хийн шийдвэрийг хууль зөрчсөн байна  гэж үзэж хүчингүй болгосон. Ин­гэх­дээ хэд, хэдэн зүйлийг үндэслэл болгосон. Нэг­дү­гээрт,  сонгуулийн зөрчил, маргаантай байгаа  асууд­лыг  шүүхийн журмаар шийдэх харьяаллын   асуу­дал биш гэж үзсэн. Хоёр­дугаарт, сонгуулийн зөр­чил, маргаантай асууд­лыг шүүх өөрөө нотолж, тог­тоодог байгууллага биш.

Харин холбогдох хууль хяналтын байгуул­лагууд  нь шалгаж, но­толж, тогтоосон асуудалд ямар шийтгэл ногдуулах вэ  гэдгээ шийддэг. Гуравду­гаарт, энэ  нь иргэний журмаар шийдэх  асуудал биш. Иргэний журмаар шийдлээ ч гэсэн гуравдагч этгээд буюу эрх ашиг нь хөндөгдөж байгаа С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг  зайлшгүй орол­цуулж байж асуудлыг шийд­нэ гэсэн. Давж заал­дах шатны шүүх эдгээр  үндэслэлээр Хан-Уул дүүр­гийн шүү­хийн шийд­вэ­рийг хүчин­гүй болгосон. Үүнийг Г.Бат­хүү, Д.Зоригт нар давж заалдаж, Дээд шүү­хэд өргөдөл гаргасан. Дээд шүүхийн хурал өн­гөр­сөн долоо хоногийн сүүл­чээр болсон боловч  тэд өргөд­лөө татчихсан. Тэгэхээр Н.Төмөрхүү бид хоёрын бүрэн эрхийг ба­тал­гаа­жуу­лахаар УИХ-д  өргөн барих асуудлыг хойш­­луул­сан Хан-Уул дүүр­­гийн шүүхийн шийд­вэр хүчингүй болчихсон. Тий­мээс нэг талаас хара­хад бид хоёрын нэрийг Их Хуралд өргөн барих нөх­цөл байдал үүсч байгаа гэж харж болно. Нөгөө талаас, Г.Батхүү, Д.Зоригт нар  биднийг “Сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй  хүүхдийг  орол­цуулж хууль зөрчсөн. Энэ нь сонгуулийн тойргийн хорооноос олгосон түр үнэмлэхийг хүчингүй бол­гох нөхцөл болж байна. Үүнийг шалгаж, тогтоож өгөөч”  гэсэн нэхэмж­лэлийг  Өвөрхангай айм­гийн шүүхэд гаргасан юм билээ. Үүний хариуд айм­гийн шүүгч н.Отгонжаргал “Насанд хүрээгүй хоёр хүүхдийг сонгуулийн сур­талчилгаандаа ашиглас­ныг нь аймгийн Сонгуу­лийн хороо хүлээн зөв­шөөрс­нийг баталж байна”   гэсэн утгатай захирамж гаргасан. Ингэхдээ мөн л Хан-Уул дүүргийн шүү­хийн нэгэн адил  хуулийг илт зөрчиж захирамж гар­гасан. Тухайлбал, энэ асуудлыг  иргэний жур­маар шийдэх боломжгүй, өөрөөр хэлбэл сонгуулийн зөрчил, маргаантай хол­боо­той асуудлыг иргэний  журмаар шийдэх ёсгүй. Гэтэл хялбаршуулсан жур­­маар шийдсэн байгаа юм.

-Ер нь ямар нөхцөлд  шүүх хялбаршуулсан  жур­маар шийддэг юм бэ?

-Хоёр тал харилцан ойлголцож,  зөвшилцөлд хүрсэн нөхцөлд асуудлыг хялбаршуулсан журмаар шийддэг. Цаана нь гурав­дагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж буй асуудлыг  хялбаршуулсан журмаар шийддэггүй. Тиймээс шүүгч н.Отгонжаргал  хууль зөрчсөн шийдвэр гаргаад байна. Өөр нэг асуудал бол Н.Төмөрхүү бид хоёрын УИХ-ын ги­шүү­нээр тооцож олгосон түр үнэмлэхийг хүчингүй болгохоор асуудал үүсгэж байгаа атлаа бидний хэ­нийг нь ч оролцуулалгүй­гээр  шийдэж байгаа нь мөн л хууль зөрчсөн асуу­дал.  Бас нэг н.Мөнхбаяр­тан /Хан-Уул дүүргийн шүүгч/  Өвөрхангайд га­раад ирлээ гэсэн үг. Илт хууль зөрчсөн шийдвэр гарсан учраас бид асууд­лыг дахиад эхнээс нь ярих, шат шатны хууль хянал­тын байгууллагад хандах нөхцөл байдал үүсч байна. С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёр өөрсдийнхөө эрх аш­гийг хамгаалж,  иргэний журмаар асуудлыг ший­дэх­дээ  биднийг оролцуул­сан­гүй гэдэг үндэслэлээр аймгийн давж заалдах шат­­ны шүүхэд дахин өргө­дөл гаргах үйл явц үргэл­жилнэ.

Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, АН болон тус намаас нэр дэвшигчдийн зүгээс “Өвөрхангай  айм­гийн шүүх бидний талд шийдчихлээ. Бид тангар­гаа өргөнө” гэж яриад бай­­гаа юм билээ. Тийм асуу­дал байхгүй. Бид хууль бус шийдвэрийн эсрэг явна. Давж заалдах шатны шүүхэд хандана. Дээд шүүхэд очиж байж эцсийн шийдвэр гарна. Г.Батхүү, Д.Зоригт хоёр хуулийг илт уландаа гиш­гэж, нөгөө талаас анхан шатны шүүгч нарыг эрх мэдэл, мөнгө төгрөгөөр түрий барьж, шударга ёсыг алдагдуулж, шүүгч­дийг буруу зүйлд уруу  татаж байгаад үнэхээр харамсч байна. Хамгийн гол нь шүүх үнэн зөвийг л тогтоох ёстой.  Шүүхийн шийдвэрийг бид хүндэт­гэж үзнэ. Гэхдээ гарч бай­гаа шийдвэр нь эрх мэ­дэл­тэй, мөнгөтэй хүмүүст үйлчилсэн, хуулийг болоод шүүгчийнхээ нэр төр, ёс зүйг  уландаа гишгэж  бай­гаад бид харамсч байгаа. Би түрүүн хэлсэн, нөхцөл байдал ийм байгаа учраас асуудал цааш үргэлжилнэ. Эцсийн шийдэл дахиад л Дээд шүүх дээр гарна.

-Г.Батхүү, Д.Зоригт нарын Дээд шүүхээс өр­гөд­лөө татсаныг олон нийт янз бүрээр таамаглаж, ярьж байна. Харин та юу гэж ойлгож байгаа вэ?

-Дээд шүүх шударга үнэний талд байгаа юм байна. Анхан шатны шүүх­­тэй адил мөнгөтэй  хүнд үйлчлэх бус   мөн ямар нэгэн  хараат байдалд  авталгүйгээр асуудлыг шийднэ  гэж болгоом­жилс­­ны улмаас  тэд Дээд шүүхээс  бултаж, Өвөр­хан­гайн шүүхээс шийдвэр гаргуулчихаж гэж харж байна. Тиймээс маргаан дахин үргэлжилнэ. Харин энэ маргаанаас үүдэж, Өвөрхангайнхны эрх ашиг маш ноцтой зөрчиг­дөж байна. Н.Төмөрхүү бид хоёрын эрх ашиг зөр­чигдөх нь дүүрч, сонгог­чид хүнд байдалд байна. Үүнийг би хоёр зүйл дээр жишээ болгож хэлье.  Ту­хайлбал, УИХ-аар улсын төсвийн тодотголыг хэ­лэлц­сэн. Энэ тодотголоор Өвөрхангай аймагт 45 тэр­бум төгрөгийн хөрөнгө оруулалт хасагдчихлаа. УИХ-д төлөөлөлгүйн ул­маас Өвөрхангай аймгийн иргэдийн эрх ашиг ийнхүү  хохирч байна. Нөгөө та­лаас  өмнөх Засгийн газар Өвөрхангай аймгийн асууд­лыг шийдэхэд тодор­хой алхмуудыг хийсэн. Ялангуяа дулааны станц барих асуудлыг шийдэх ёстой гэж үзэж, зургийг нь гаргаж, ТЭЗҮ-ийг тоо­цоолж, төсвийг нь шийд­чихсэн байсан. Энэ асууд­лыг шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуу­лах ёстой байсан. Гэтэл УИХ-д төлөөлөлгүй  уч­раас тэдний дуу хоолой бас л хүрсэнгүй. Энэ бол өвөр­хангайнхны эрх ашгийг маш ноцтой зөрчиж буй асуудал. Өнөөдөр парла­мент 2013 оны төсөв, үнд­сэн чиглэлийг ярьж байна. Сонгосон хоёр ги­шүүн нь парламентад орж чадаагүй байгаагаас да­хиад л өвөр­хан­гайнхны өмнө тул­гамд­сан асууд­лууд,  иргэ­дийн амьжир­гааг дээш­лүү­лэхтэй хол­боотой  зайлш­­гүй хөндөх сэдвүүд УИХ, Засгийн газрын бод­логын гадна үлдэх нь.  Нөх­цөл байдлыг харгалзан үзэж асуудлыг хуулийн хүрээнд түргэн шийдээсэй гэж хүсч бай­на. Тиймээс  шуудхан хэлэхэд, манай­хан ярьдаг шүү дээ, баяр­лах болоогүй гэж. Тэр үгийг хэлмээр байгаа юм. Асуудал цааш үргэлжил­нэ, бид үнэн шударгын тө­лөө явна. Г.Батхүү, Д.Зо­ригт хоёр тангараг өргөнө гэсэн асуудал байхгүй.

-Ингэхэд сонгуулийн сурталчилгаанд насанд хүрээгүй хүүхдүүдийг орол­цуулсан гэдгийг яг тогтоосон юм уу?

-Асуудал үүнд оршино. Хамгийн гол нь тэр хоёр хүүхэд өөрсдөө  “Бид сон­гуулийн сурталчилгааны ажилд оролцоогүй” гэсэн өргөдлөө  өгсөн байдаг юм билээ. Дээр нь хууль хя­нал­тын байгууллага түүнд нь хяналтаа тогтоосны үндсэнд шүүх шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл, цаг­даагийн байгууллага огт шалгаагүй. Нөгөө хүүх­дүүд нь бид ажиллаагүй гээд байхад хүчээр хэрэг “өмсгөдөг” ийм асуудлууд яваад байна.

Магадгүй хэт улайрч байгаа хүмүүс юу ч хий­хээс буцахгүй байх л даа. Хуулийг илт зөрчиж, улан­даа гишгэхээс сийхгүй, шударга ёсны манаач байх учиртай шүүгч нараар тог­лож,  хууль зөрчсөн үйл­дэлдээ мөнгөөр татан оролцуулж  байгаа нь илт байгаа шүү дээ. Хүчээр түрий барьж хийнэ гэж байгаа бол одоохондоо манай улсад тоталитар нийгэм, дарангуйллын тогтолцоо тогтчихоогүй болов  уу гэж бодож байна. Шударга шүүхэд найдаж байна. 

-УИХ-ын гишүүнээр сонгогдсон гишүүдэд олго­сон түр үнэмлэхийг хүчин­гүй болгох тухай хуулийн ямар заалт байдаг вэ?

-Одоогийн дагаж, мөр­­дөж байгаа хуульд ганц­­хан заалт бий. УИХ-ын сонгуулийн тухай хуу­лийн 35 дугаар зүйлд мөн­гө, эд бараа, материал тараасан нь тогтоогдсон бол УИХ-ын гишүүнээр  тооцож  олгосон түр үнэм­лэхийг тухайн тойргийн хороо нь хүчингүй болгоно гэж байгаа. Өөр тохиол­долд түр үнэмлэхийг хү­чин­гүй болгох эрхзүйн үндэс байхгүй. Тэгэхээр хуулийн хүрээнд асуудал яригдах байх.

-Сонгогчид та бүхэнтэй ойр байгаа байх. Байр суурь, санаа бодлоо хэр­хэн илэрхийлж байх юм?

-Сонгогчид маш их бухимдаж байгаа. “Сон­гогч­дын сонголт эрхэм дээд сонголт” гэж манай Ерөнхийлөгч  ч гэсэн ярь­даг шүү дээ. Гэтэл өнөө­дөр өвөрхангайчуудын сон­гох эрхийг маш бүдүүл­гээр  зөрчиж байна. Нөгөө талаас орон нутгийн  хөг­жил цэцэглэлт, хөрөнгө оруулалт, иргэдийн амь­жир­гааг дээшлүүлэхтэй холбоотой бүх асуудал одоогийн төр, засгийн бодлогын гадна  хаягдаж байна. Иймд иргэд бу­химдаж, бид жагсая, тэмцье гэж байнга ярьж, утсаар холбогдож байна. Би энэ асуудалд иргэдийг татан оролцуулж, бужиг­нуу­лахыг хүсэхгүй байна. Үнэн олдоно, шударга шийдвэр гарна гэж бодож, хүлээж байгаа. Манайхан Ерөнхийлөгчөөсөө эхлээд “Шударга байцгаая” гэж уриалж байгаа шүү дээ. Тиймээс шударга байя. Шүүх аль нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст үйлч­лэхгүйгээр  шийдээд өгчихвөл энэ олон  иргэ­дийг бухимдуулж,  босгож, жагсаад байх  асуудал биш юм. Ойрын хугацаанд ший­дэгдэх байх гэж най­даж байна.

-Олон нийт, ажиглаг­чид болон хэвлэл, мэдээл­лийнхэн  нэг талаас  мөнгө үйлчилж, нөгөө талаас эрх мэдэл буюу эрх барьж бай­гаа нам нь олуулаа гэдгээ­рээ түрий барьж, асуудлыг хүчээр шийдэж байна. Парламент дахь суудлын­хаа тоог ийм байдлаар нэ­мэх нь гэж ярьж, бичиж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ер нь сүүлийн үеийн нөхцөл байдлыг хараад байхад  засаг барьж байгаа нам парламентад дийлэнх олонхийн суудлыг авчих­сан юм шиг авирлаж бай­гааг бүгд харж байгаа шүү дээ. Ялангуяа МАН-ын бүлгийг хүлээн зөвшөө­рөх­гүй байна. Нөгөө та­лаас СЕХ-ны  удирдлагуу­дыг өөрчилчихлөө. Энэ мэтээр явуулж байгаа үйл ажиллагааг нь харахад бярдах, бярандаа эрдэх, хуулийг үл тоох, иргэдийн эрх, ашгийг үл хүндэтгэх байдал илт ажиглагдаж байгаа. Энэ байдлаас хара­хад магадгүй бярдаад, хүчлээд өөрсдөө олонхи болоогүй учраас суудлын­хаа тоог нэмэгдүүлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ олон зуун мянган иргэ­дийн сонголт, итгэл үнэмш­лийг хүчээр нух­чин дардаг дарангуйллын   үе Монголд хараахан  ирчи­хээ­гүй болов уу гэж най­даж байна. Бид  чинь Ард­чилсан Ерөнхийлөгчтэй орон гэж яриад байгаа шүү дээ.  Ардчилсан Ерөнхий­лөгч­тэй байгаа үед ингэж асуудлыг хүчээр шийддэг, дарангуйлдаг байдал арай ч бий болчихгүй болов уу.Нөгөө талаас  би сүү­лийн үед Ерөнхийлөгчийн яриад байгаа шүүхийн шинэчлэлийн ажил хэр үр дүнтэй байгаа юм бол, урагшилж байна уу гэж бодох болсон. Ямар ч гэсэн шүүхийнхэн хуулиа илт зөрчдөг юм байна, хөрөнгө, мөнгөтэй хүнд үйлчилдэг юм байна гэдэг нь ил тод боллоо.   Харин ч Н.Төмөр­хүү бид хоёр сонгуульд оролцож, ялалт байгуулж, маргаанд оролцсоноороо нэг талаасаа Ерөнхийлөг­чид их тус болж байна гэж бодож байгаа шүү, шүү­хийн шинэчлэл хийхэд нь.  Өвөрхангайд үүссэн мар­гаан анхан шатны шүүг­чид хууль болоод  шүүгч­дийн нэр хүндийг  уландаа гишгэдэг, хөрөнгө, мөнгө­тэй хүнд үйлчилдэг байдал байгаа гэдгийг илчилж, ил тод болгож өглөө. Тиймээс цаашид шинэтгэлийнхээ үйл хэрэгт анхаарч, засах болов уу.  Энд нэг зүйлийг зориуд хэлэхэд ардчилсан  Ерөнхийлөгчийн үед Мон­­гол Улсын нэг хэсэг иргэд нь сонгох эрхгүй, мөн нэг хэсэг нь сонгог­дох эрхгүй, зарим нь шүү­хэд мэтгэлцээнл орох эрх­гүй, давж заалдах эрхгүй, цаашилбал ийм иргэн олон   болж байгаа юм биш биз дээ. Энэ юу болж бай­на вэ гэж гайхаж сууна.