Эрүүл мэндийн сайд Н.Удвал Эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн мэргэжилтний буруутай үйл ажиллагаанаас болж нэг ч иргэний эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө, хохирол учрах ёсгүй гэдгийг онцлон хэлээд эрүүл мэндийн салбарын аюулгүй байдал алдагдсаныг хэд хэдэн жишээгээр дурдаж, энэ байдлыг хэрхэн, яаж шийдэх талаар чиглэл гарган танилцууллаа.

Түүнчлэн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахаар эм, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, эрүүл мэндийн технологи, эрүүл мэндийн байгууллагын орчны аюулгүй байдлыг хангах, МУ-ын засгийн газраас санаачлан эхэлсэн Эрүүл мэндийн технологийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дэлхий нийтэд “Аюулгүй эмнэлэг”, “Аюулгүй анхан шатны тусламж” зэрэг санаачилгууд өрнөж амжилттай хэрэгжиж байгаагаас үлгэр жишээ авах шаардлагатай байгааг сайд танилцуулаад хамгийн гол нь үр дүнтэй судалгаа байх ёстой гэдгийг онцлов.

ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын харъяанд Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, хөгжлийн хэлтсийг шинээр байгуулсан. Эрүүл мэндийн байгууллагын соёл, дүр төрх, удирдлгын хүсэл зориг, удирдах арга барил, чанарын удирдлагын ур чадвар нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын амин чухал асуудал юм гэдгийг сайд хэлээд, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн гол шалгуур нь чанар, аюулгүй байдал байх болно гэв.

Мєн тусламжийн чанар, аюулгүй байдлыг төрийн бодлогын түвшинд тавьж хуульчилж өгөх шаардлагатай болжээ. “Эрүүл мэндийн тухай хууль”-д тусламж үзүүлнэ гэж ерөнхийлөн зааснаас биш тусламж үзүүлэх чанар, аюулгүй байдлын талаар тодорхой оруулж өгөөгүй байна. Манай улсад чанар, аюулгүй байдлын талаар үндэсний судалгаа, шинжилгээ байхгүй учир зайлшгүй судлах шаардлагатай аж.

ЭМШУИС-ийн хамт олон судалгааг хийснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын үндэсний зорилтуудыг тодорхойлох, эмнэлгийн тусламжийг бүх шатанд сайжруулах тогтолцоог бүрдүүлэх, чанар, аюулгүй байдлын удирдлагаар мэргэжилтэн бэлтгэх, эмнэлгийн үйлчилгээнд хөндлөнгийн хяналт тавих, эрүүл мэндийн сайдын дэргэд Иргэний хяналтын зөвлөл ажиллах зэргээр эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийгдэх юм.

Уулзалтын төгсгөлд ЭМШУИС-ийн удирдлагууд сайдад хандан өөрсдийн сургуулийг нь ийнхїї түшиглэн ажиллах гэж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд дараа дараагийн судалгаанд идэвхтэй хамтран ажиллана гэдгээ хэлэв.