Чуулганы өчигдрийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг танилцуулах үеэр ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Хуульд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг гэсэн томёоллыг шинээр нэмсэн. Хүн амын тоо, гэмт хэргийн гаралтыг харгалзан орон нутагт нэг цэгийн үйлчилгээний цэг, түр хамгаалах байр байгуулах асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг албадан саатуулах, сургалт явуулах зэрэг цөөнгүй чухал зүйл заалтууд орсон” гэдгийг онцоллоо. Гишүүдийн асуултад Ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Хуульзүй, дотоод хэргийн яамны дэд сайд Б.Энхбаяр нар хариулсан юм. Хуралдааны товч тэмдэглэлийг хүргэе.
О.Баасанхүү:
-Гэмт хэрэг хийсэн хүнд улсаас үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлдэг. Энэ хуульд хохирогчийг харж үзэж хуульзүйн туслалцаа авах боломжийг тусгаж өгсөн үү. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль долдугаар сар хүртэл мөрдөгдөөд дахин шинэчлэгдэх үү. Хөнгөн, хүнд, хүндэвтэр гэлгүйгээр хүнийг зодсон л бол гэмт хэрэг баймаар байгаа юм. Сэтгэл санааны хохирлыг яаж тооцох вэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд цагдаагийн тусгай нэгж ажиллах уу.
Н.Оюундарь:
-Хохирогчид үзүүлэх үйлчилгээний төрөлд аюулгүй байдлын хамгаалалт, эмнэлгийн тусламж, сэтгэлзүй, нийгмийн халамж, эрхзүйн туслалцаа, холбон зуучлал, хүүхэд хамгааллын үйлчилгээг төлбөргүй үзүүлнэ гэсэн заалт орсон. Хохирогч төлбөргүйгээр өмгөөллийн үйлчилгээ авна. Хуультай холбогдуулаад есөн хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа. Хүчирхийлэл үйлдэгчид шат дараатай арга хэмжээ авна. Хүн ам, гаралтын тооноос хамаарч орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байр байгуулна.
Х.Нямбаатар:
-Шинэ Эрүүгийн хууль батлагдахаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль өөрчлөгдөхгүй. Гэмтлийн зэрэг шаардахгүйгээр бусдын эрх чөлөөнд халдсан бол гэмт хэрэг болгох асуудал гарч байна. 2002 онд Эрүүгийн хуулиар зохицуулагдаж байсныг 2008 онд зодох гэдгийг аваад хаячихсан. Орон нутгийн хүн амын тоо, эрүүгийн зөрчлийн нөхцөл байдлаас хамаарч Цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн нэгжтэй байж болно гэж санал оруулсан. Цагдаагийн байгууллагын хуулиар үндсэн бүтэц нэгжийг тодорхойлно.
Д.Сарангэрэл:
-Өмнөх парламентаас батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиас ямар давуу талыг тусгасан бэ. Өмгөөллийн үйлчилгээ хувьд шилжсэн. Гэтэл хохирогчийн өмгөөллийн зардлыг төр хариуцна гэж байна. Ямар байдлаар явах вэ. Иргэн, хөрш гэр бүлийн хүчирхийллийг мэдээллийг өгснөөсөө болж буруутан болох дөхдөг. Хүндрэл учруулахгүй байхаар яаж зохицуулсан бэ.
Н.Оюундарь:
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийг орон нутагт байгуулах заалт орж байгаа. Хохирогч гомдлоосоо татгалзсан, хүчирхийлэгч үйлдэгчтэй эвлэрсэн бол хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй гэсэн зөрүүтэй санал орж байгаа. Энэ нь амьдрал дээр өөр өөр байдаг юм билээ. Эхнэр нөхөр хоёр эвлэрчихээд дахин муудалцдаг асуудлыг хэрхэн зохицуулах талаар санал орж ирж байгаа. Гэмтлийн зэргээс хамаарахаас илүү удаа дараа үйлдэгдсэн бол гэмт хэргийн шинжтэй болно. Нэг цэгийн үйлчилгээний төвийг орон нутгийн хөрөнгөөр байгуулна.
Х.Нямбаатар:
-Дагалдан батлагдаж байгаа есөн хуультай уялдаж цогцоор гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ. Эвлэрэл гэдэг ойлголт хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд байхгүй. Гэхдээ гэр бүлийг бүрэн бүтэн авч үлдэхийн тулд гэмээ хүлээж хохирлоо барагдуулсан бол шүүхийн шатанд эвлэрч болно. Албадан болон сайн дурын сургалтыг зохион байгуулна. Орон нутгийн үүрэг ролийг өндөржүүлж өгсөн. Мэргэжлийн хуульч өмгөөлөгчид үндсэн чиг үүргийнхээ хажуугаар төлбөргүй өмгөөлөл үзүүлэх үүрэг хүлээдэг. Үүнийг Хуульзүй, дотоод хэргийн яам уялдуулж чиглүүлж өгөх ёстой.
Д.Сарангэрэл:
-Нэг цэгийн үйлчилгээнд ямар багцууд орох. Мөн хаана байрлах вэ. Иргэн гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийг өгөөгүй бол ямар хариуцлага хүлээх вэ.
Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр
-Хуульзүй, дотоод хэргийн яам хуульзүйн туслалцаа үзүүлэх, нэг цэгийн үйлчилгээн дээр хуульчдыг тогтмол ажиллуулах журмыг гаргахаар хуульд заасан байгаа.
Д.Тэрбишдагва:
-100 гаруй зарчмын зөрүүтэй саналаар санал хураагаад байх юм бол хуулиуд явахгүй. Мэргэжлийн Засгийн газар гэж тодотгоод байгаа юм бол “бөөс хуурс”-ыг нь түүдэг хууль оруулж ирмээргүй байна. Хуулийн хэдэн хувь нь өөрчлөгдөөд байгаа юм бэ. Ажлын хэсгийнхэн хууль засахад нь оролцов уу, найруулахад нь оролцов уу. Мэргэжлийн хүмүүс боловруулж байгаа гэж ойлгож байна.
А.Сүхбат:
-Би анхнаасаа энэ хуулийг дэмжээгүй. Үр дүнтэй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль байгаа. Шинэ хуульд өрнөдийн хуулийг цэг таслалгүй хуулаад тавьчихсан нь дорнын ёс заншилтай монгол үндэстэнд таарахгүй байгаа юм. Олон сөрөг үр дагавар гарч магадгүй. Хайртай хүүдээ хатуу үг хэлж болохгүй, хайртай морио хазаар амгаатай нь усалж болохгүй цаг болсон юмуу. Ойлгохгүй байна. Гадны төсөл авсан хүмүүс сошиалаар балбахаар бид төсөл батлах ёстой юу. Ял авах эхнэр нөхрийн тоо нэмэгдэх нь. Өрнөдийн хууль гэдэг буутай хуульд 10:00 цагаас хойш гэрийн хаалга тогших юм бол буудах эрхтэй байдаг.
М.Оюунчимэг:
-Хүний эрх, зан заншил талын зүйлийг ярилцсан. 2010 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас есөн хүн нас барсан бол энэ онд 1066 гэмт хэрэг бүртгэгдэж 100 хүн бэртсэн. Тэр дундаа хүүхэд хохирох өндөр магадлалтай учраас энэ хуулийг цаг алдалгүй батлах ёстой. Олон зүйлийг цогцоор нь багтаасан маш чухал хууль болсон шүү. Хүний эрхийг давхар бодолцох хэрэгтэй.
Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр:
-Хуульчдын холбоонд бүртгэлтэй 5000 хуульч байгаа. Байнгын өмгөөлөл хийж байгаа 2000 хүн. Нэг хуульч жилд хоёр хүнийг төлбөргүй өмгөөлнө гэсэн хуулиар бодоод үзэхээр жилдээ 4000-10000 иргэнд төлбөргүй туслалцаа үзүүлэх боломж бий.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
